ГАДНАА ХУРДАН ГАЛТ ТЭРЭГ ШИГ, ДОТРОО ХУН ШУВУУ ШИГ ALPHARD
Суудлын жижиг тэрэг биш, жип бол бүр ч биш, том орвын автобус бас л биш нэг тийм дундын хэрнээ дотор нь ороод тухлах гэнэтхэн гэрэл шиг машиныг Тоёота Альфард гэдэг. Мөн л арга ухаан ихтэй, аргагүй шалгарсан ард түмэн Япончуудын бүтээл. Данагар том энэ машиныг аль тэртээ 1736 онд ертөнцийн өргөстэй цэцэгтэй, өвс, ургамалтай газар шороон дээр эхний дуут дохиогоо хадааж, эрэн цагаа сэрээж мэндэлсэн дун бүрээ галт тэрэгтэй зүйрлэмээр бодогдоно. Үнэхээр ч Альфард галт тэрэгтэй гарцаагүй адилхан машин мөн.
Япон инженер: Бид Альфард-ийг 2002 онд эхлээд зөвхөн япончуудын хэрэглээнд зориулан бүтээсэн юм. Машин маань гаднаасаа хэтэрхий болхи бүдүүлэг минивэн мэт санагдаж мэдэх ч дотроо бол тэс ондоо. Бид Альфард-ийг жирийн нэгэн минивэн машин байлгахыг хүсээгүй. Тэр бол ангилал дотроо шилдгүүдийн тоонд орох ёстой байсан, тэгэж ч чадсан. Гэвч анхнаасаа бүх зүйл сайн, сайхан байна гэдэг бараг л боломжгүй. Тийм болохоор 2002 оны Альфард-ууд маань жаахан дутагдалтай болсныг үгүйсгэхгүй.
Үнэхээр ч анхны Альфард-ууд үнээ мал шиг машинууд байсан юм. Нэг тийм харахаас залхуу хүрмээр, хурдан шалмаг, түргэн шуурхайгүй, заа даа, энэ ч дээ гэмээр... хэн авдаг байна аа л гэж би боддог байлаа. тэгсэн зөвхөн Япончуудад зориулагдан үйлдвэрлэгдэж байсан энэ машин 2008 оноос дахин төрж, хэрэглэгчдийн сэтгэл зүрхийг тун богинохон хугацаанд сэнсрүүлээд, тархи толгойг нь эргүүлээд хаячихсан юм шүү
2008 оны Альфард-ууд бол галт тэрэг, гэхдээ зүгээр ч нэг хуучны уур манан савсуулан, цастай тал, цантай уулсыг сүлжин давхих бух тэрэг биш, бидний сайн мэдэх Орос ах нарын маань дүнхэр ногоон вагонууд биш, Америк, Англи, Германы гайхамшигт хурдны галт тэрэг бол хувирсан юм. Бүүр зарим нь түүнийг засмал замын хөлөг онгоц хэмээн зүйрлэнэ.
Түүний гадаад төрх нь ерөнхий загвараа хадгалсан ч гэсэн багагүй шинэчлэл хийгдэж, өмнөхөө бодвол илүү уян, зөөлөн, дулаахан, дотно сэтгэгдэл төрүүлэхээр болсон. Харин Альфард-ын дотоод салон юун хурдны галт тэрэг. Дэлхийн том баячууд, арабын амаараа дүүрэн сахалтай Шейхууд, газрын тосны галзуурсан олигархууд, алтны магнатуудын амарч, зугаалж, хаашаа л бол хаашаа, харсан зүгтээ дураараа нисч, зоргоор зорчдог нэгдүгээр зэрэглэлийн хувийн онгоцууд шиг болжээ. Дээр нь саруулхан том цонхнууд, дээврийн хоёр ч люк, тансаг салоны мебель гээд аргагүй л ая тухыг энэ машин өөртөө шингээгээд өргөн түмнийг дуудаж байна цаана чинь.
Япон инженер: Тоёота цаг ямагт хичээж ажилладаг. Миний бодлоор манайд хамгийн шилдэг инженерүүд, загвар зохион бүтээгчид, судалгаа, маркетингийн баг байдаг. Тийм ч учраас Альфард-ыг дахин илүү өндөр зэрэглэлийн машин болгохын тулд бид багагүй хичээсэн. Тэр хичээл зүтгэлийнхээ үр, шимийг ч үзсэн. 2008 оноос хойш үйлдвэрлэгдэж эхэлсэн Альфард-ууд 7-8 хүний суудалтай, тэдгээр суудлуудын 3 нь зорчигчийн ая тухыг бодсон хөлний түшлэгтэй, урд эгнээ нь 6, хойд эгнээ нь 4 төрлийн тохируулагтай. Тэдгээр тохируулагаар зорчигчид өөртөө ая тухтай орчныг хангалттай бүрдүүлж болно.
Тоёота Альфард-ын суудалнууд бол зорчигдыг алс холын аян замын хур их ядаргаанаас найдвартай хамгаалж чаддаг зүйл байдаг. Угтаа гаднаасаа гайхамшигтай дүр төрхтэй авто машинуудын дотор салон ч бас муугүй байдаг ч гэсэн жолооч, зорчигчийн суудал нь таагүй байх тохиолдол бий. Тэгвэл Альфард тийм биш. Хамгийн ямбатай, хамгаас их зантай, ер юманд сэтгэл ханахаа байчихсан хүн хүртэл энэ машинаар хэсэг зорчсны дараа бууж, гэртээ орох тун ч дургүй байсан удаатай.
Хэрвээ зам сайтай, элдэв даваа, нугачаагүй алс замд гарах гэж байгаа бол Альфард-г унаад яв. Цаатах чинь гаднаасаа хурдны галт тэрэг шиг шуугиж, дотроо буга согоо шиг, цав цагаан хун шувуу шиг гэрэлтсээр зорьсон газар зовлонгүй хүргээд өгнө.
Япон инженер: Тоёота Альфард-ын жолоочийн суудал бусдаасаа үл мэдэг өндөр. Энэ нь жолоочид бүхэл бүтэн 5 метр урт машиныг амжилттай жолоодоход нь тус дэм болдог юм. Мөн Альфард-ын зорчигчдын суудлуудыг ОТТОМЭН массажтайгаар бүтээсэн нь олон хэрэглэгчдийн талархалыг хүлээсэн юм. Бас суухад гулсахгүй, чийг татахгүй байх үүднээс бид машиныхаа суудлыг чөлөөтэй агаар солилцож байх зориулалттай, олон жижиг нүхтэй арьсаар бүрж өгсөн нь оновчтой шийдэл болж чадсан.
Магтаад байсан машинд нь суусан чинь манарсан таагүй үнэр ханхлаад эхлэх юм бол ёстой нөгөө ямар хүүхэн хуримандаа яана гэдэг билээ, тэрэн шиг зүйл болох нь гарцаагүй. Тэгсэн Альфард-н кабины агааржуулалтын систем нь биднийг баярлуулна уу гэхээс өөрийн эрхгүй ам хамраа дарах, тийм өөдгүй байдалд лав оруулахгүй бололтой.
Учир нь энэ машиныг хамгийн сүүлийн үеийн ионжуулсан агаар цэвэршүүлэгчээр тоноглочихож. Зүйрлэн хэлбэл Тоёота Альфард-н кабин дотор тухалж яваа зорчигчид тэсгэм өвлийн тунгалаг харзны ариун хөх агаараар амьсгалаад явж байгаа юм шиг болох нь...
Тоёота Альфард бол зөвхөн гэр бүлийн хэрэгцээнд ашиглах төдийгөөр хязгаарлагдах авто машин биш. Дээд зэрэглэлийн зочид,олон улсын чуулга уулзалтын зочид төлөөлөгчдөд ч үйлчилж чадна. Хүсвэл түүний арын эгнээний суудлын дунд бяцхан хурал хийж ч элбэг болно шүү.
Япон инженер: Өнөөгийн хүн төрөлхтөн тав, тух, найдвартай ажиллагаа, сэтгэл ханамжийг хамгаас эрхэмд үздэг болсон. Манай Тоёота компани ч хэрэглэгчдийн энэ хүсэлтийг дээдэлж ажилладаг. Тийм учраас бид Альфард-н таазны хэсэгт 9 инчийн зурагт суурилуулж, кабин дотор нийт 17 өсгөгч байрлуулсан.
Альфард бол европийн эрхэм дээдсүүдийн хөлөглөж, эртний чулуун гудамжаар нэг л их сэтгэл дундуур, төв царай гарган явдаг лимузин биш ч гэлээ аргагүй л баян чинээлэг, байшин барилга, орд харш, онгоцны эздэд үйлчлэхэд нүүр улайхгүй унаа юм байна.
Нэг жишээ дурьдахад түүний хаалганд гар хүрэх хэрэггүй, Альфард өөрөө танд хаалгаа нээж өгөөд, “тавтай морилж, тухлан саатаж, таалан болгоо” гэнэ. Урдаас хойшоо алгуурхан гулсах уг машины хойд талын хоёр хаалга цахилгаан хүчлүүртэй болохоор түүнийг алсаас түлхүүрээр удирдах юм уу, эс бөгөөс хаалганы бариул дээрх товчлуурт яг л час халуун зүйлд хүрч байгаа мэт гараа шүргүүлэхэд л өөр нэгэн ертөнц өөрийг чинь “маамуу нааш ир гэх” шиг дууддаг юм байна.
Гаднаасаа хурдан галт тэрэг шиг хэрнээ, дотроо хун шувуу шиг машиныг Тоёота Альфард гэдэг. Түүнийг зүгээр л хөлөглөөд үз.
Эх сурвалж: Гийнгоо радио 100.5