ПҮРШ МУУДВАЛ ЯАДАГ ВЭ? №322

Тулгуур эд ангийн пүрш, амортизаторын систем нь таны машиныг зөөлөн, эргэлт дээр аюулгүй байдлыг хангаж А-Б цэгт аюулгүй зорчуулахад тусалдаг. Тийм ч учраас энэ эд анги нь маш чанартай байх шаардлагатай.

Пүршийг үйлдвэрлэхдээ өндөр чанарын төмрийг бэлдэц ашиглан хийдэг. Хэрвээ энэ пүрш нь эвдэрвэл хосоор нь солих шаардлагатай болдог. Үүнийг солих нь тийм ч хялбархан биш бөгөөд зориулалтын багаж, агшаагч, бага зэргийн ажлын туршлага шаардагддаг. Хэрвээ сольсон бол заавал тэнхлэг тохиргоонд оруулж байгаарай.

За ингээд пүршинд асуудал үүсвэл үүдэж болох шинж тэмдгээс танд хуваалцъя.

1. Машин нэг талруугаа суух

Пүршний үндсэн үүрэг нь машины өндрийг нэг түвшинд барих юм. Хэрвээ муудаж эхэлбэл аль нэг талруугаа сууж эхэлдэг. Жишээ нь урдаас нь харахад баруун болон зүүн аль нэг тал нь доош суусан байдаг. Хэрвээ удаан энэ чигээр нь явуулбал тоормос, хурд авалт, жолоодлогод сөргөөр нөлөөлдөг.

2. Хэвийн бус дугуйн элэгдэл

Ихэнх жолооч нар дугуйн хээн элэгдлийг төдийлөн ойшоодоггүй. Нэг үгээр хэлбэл тоодоггүй. Үүнийг тос солих бүртээ шалгаж, байрлалыг нь солих хэрэгтэй байдаг. Урд болон хойд, бүх дугуйн хөтлөгч системтэй бол өөр өөр дарааллаар сольдог гэдгийг анхаараарай. Шалгахад дугуйн элэгдэл хэвийн бус, дотор гадар нь өөр өөр элэгдэлтэй бол тэнхлэг тохиргоо асуудалтайг илэрхийлдэг. Үүнд нөлөөлдөг чухал зүйлсийн нэг бол муудсан урд пүрш байдаг.

Элэгдсэн дугуйтай хурдтай явахад дугуй чичрэх, руль чичрэх шинж тэмдэг илэрнэ.

3. Хөдөлгөөний үед машин савлана

Пүрш нь савлалтыг тогтоох давхар үүрэгтэй. Ялангуяа нүх эсвэл товгор зүйлс дайрахад машин савлаж байвал муудсаны шинж. Уярсан пүрш амархан суулт өгдөг. Ингэснээр нүх дайрахад кузов хазайж савлалт ихэснэ. Энэ үед мэргэжлийн газраар үзүүлээд шаардлагатай бол солиулаарай.

4. Машин намхан болох

Пүрш, амортизаторын явалт их байх зориулалттай байдаг. Тэгсэн муудсан пүрш үүнийг хорьж зөвхөн доош явах явалтыг нь хэвээр нь барьдаг. Ингэснээр цохилтын үед өндрийг барьж дийлэхгүй доод эд анги, тосны тэвш, хагас гол зэргийг цохиж гэмтээхэд хүргэдэг.

Гадаад орчуулгатай давхар орууллаа.
Гадаад орчуулгатай давхар орууллаа.

Хэрвээ дээрх шинж тэмдэг илэрсэн л бол мэргэжлийн газраар шалгуулж зөвхөн оригинал сэлбэгээр солиулж байгаарай. Ингэснээр цаг, зав хэмнээд зогсохгүй аюулгүй байдлын төлөө хийж байгаа чухал алхам болдог.

Сайн пүрш, амортизатортой байх нь тав тух, найдвартай байдлыг хангаад зогсохгүй дугуйн эдэлгээг уртасгаж бусад эд ангийн элэгдлийг жигд явагдахад тусалдаг.