ХУУЧИН АВТОМАШИН АВАХАД ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨГӨӨ №179

Хуучин авто машин худалдаж авах нь нэлээд хэцүү бөгөөд худалдан авагч хүн тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй. Эсвэл тийм мэдлэгтэй хүнийг урьж болох юм.

Гэвч хүний өмнөөс худалдан авах нь эцэстээ хариуцлагын асуудал болохоор зөвлөж байгаа хүн ч гэсэн худалдан авагчийн санал бодлыг харгалзаад бие даасан шийдвэр гаргаж чаддаггүй. Ингээд худалдан авагч та юуг анхаарах талаар багахан зөвлөгөө өгье.

  1. Юуны өмнө мэдээж машинаа сонгох хэрэгтэй болно. Манай улсад дотооддоо ашиглаж байсан болон бусад орноос орж ирсэн хуучин авто машинууд байгаа. Дөнгөж орж ирсэн гэх машинууд нь техникийн байдлын хувьд харьцангуй сайн байдаг боловч тэр дунд бас тааруу байх машинууд бий. Ямар нь тааруу байдаг вэ гэхээр тухайн улсад ашиглахын тулд дараагийн шатны техникийн оношлогоо, үйлчилгээг хийлгэх хугацаа нь болсон боловч эзэмшигч нь ямар нэг шалтгаанаар хийлгэхээс татгалзсан байх. Өөрөөр хэлбэл энэ үйлчилгээ нь үнэтэй байдаг тул шинэ машин авах ч юмуу, өөр үйлчилгээ хийгдсэн машин авах нь хялбар байдаг байна.
  2. Тухайн сонгосон автомашин аль болох зам тээврийн ноцтой осолд ороогүй байх хэрэгтэй, энэ нь юу гэсэн үг вэ гэхээр үндсэн рамны хэсэг болон хойд талаасаа хүчтэй мөргөлдөөгүй байх гэсэн үг, урд хойд бампер, хаалга солигдсон байж болох ч үндсэн кузовын рам гэмтэл аваагүй байх. Суудлын авто машины хойд хэсэг нь солих боломжгүй байдаг учир засахаас өөр аргагүй байдаг. Ийм машиныг худалдаж аваад тэр хэсгийг нь сольчихно гэж бодож болохгүй.
  3. Хэрэгцээнд тохирсон автомашинаа сонгохдоо аль болох сэлбэгийн олдоц сайтай нийтлэг хэрэглэдэг машин байвал зүгээр. Хэрэв та бусдаас онцгой машинтай болъё гэж бодвол өөр хэрэг, эвдрэл гэмтэл гарвал үнэтэй ч гэсэн сэлбэгийг нь авч чадна гэж гэж үзээд сонголтоо хийхэд буруудах юм байхгүй.
  4. Юуны түрүүнд хөдөлгүүрийг асааж, эргэн тойроноос нь тос гоожих, хөлөрч байгаа эсэхийг шалгах. Хөдөлгүүрийн ажиллагаа жигд байгаа эсэхийг шалгах.
    1. Бензин хөдөлгүүрийг халаагүй үед асаахад хөдөлгүүрийн эргэлт 1200-1500 байна уу эсэхийг үзэх. Хөдөлгүүр халаад ирэхээр эргэлт аажимдаа багасна. Хэрэв эргэлт хэт өндөр эсвэл бага бол нормаль удирдах систем доголдолтой байж магад.
    2. Хөдөлгүүр халж усны температур хэвийн хэмжээнд хүрсэн үед зүү температур хэмжигчийн С ба Н үсгийн гол хавьд зааж байх ёстой бөгөөд хөдөлгүүрийн эргэлт буурч 650-750 эргэлт хийж байна уу эсэх. Эйркондишнтой бол зуны цагт ажиллуулж үзэхэд халсан хөдөлгүүрийн эргэлт үл ялиг нэмэгдэж буй эсэх.
    3. Хөдөлгүүр бүрэн халсны дараа хаазлах үед доголдож байна уу үгүй юу гэж үзэх, утаа хаяж байгаа эсэхийг шалгах, цэнхэр утаа хаяж байвал тэжээлийн систем гэмтэлтэй эсвэл клапангийн хуруувч резин муудах, кольц муудсан байх магадлалтай.
    4. Хэрэв дизель хөдөлгүүртэй машин бол хөдөлгүүрийг халаагаад огцом хааз өгөхөд бага зэрэг хар утаа хаях бөгөөд эргэлтийг 2500 орчим дээр барихад хар утаа алга болох ёстой. Ингэсэн ч хар утаа хэвээр гарсаар байвал агаар шүүгч битүүрсэн эсвэл түлш өгөлтийн хэмжээ ихдэж байна гэсэн үг. Хэрэв цэнхэр утаа хаяж хааз авахдаа доголдоод байвал түлшний шүүр, насос ба форсунк гэмтэлтэй болсон байж болзошгүй. Дизель хөдөлгүүрийн халаагч ажиллаж байгаа эсэхийг шалгах.
    5. Хэрэв хөдөлгүүрийн духны ременийг хэзээ сольсон нь мэдэгдэхгүй бол авсан даруйдаа солиулах хэрэгтэй.
  5. Хөдөлгүүрийн ажиллагааг үзсэний дараа хурдны хайрцгийн ажиллагааг шалгах. Хурдны хайрцгийн эргэн тойрон тос гоожих, хөлөрсөн эсэхийг нягтлах.
    1. Механик хурдны хайрцагтай бол араа болгонд залгаж үзэн хүндрэлтэй орж байгаа эсэхийг шалгах, явж байх үед улих,торжигнох зэрэг дуу гарч байгаа эсэхийг шалгах.
    2. Автомат хурдны хайрцагтай бол зогсож байх үед N-ээс D байрлалд шилжүүлэх хугацаа нь 1.5 секүндээс ихгүй байх ёстой.
    3. Машиныг жолоодох үед хурдны хайрцгийн араа шилжилт угзрахгүй зөөлөн, цохилтгүй шилжих ёстой. Мөн машины гарын авлага дээр хаазыг тултал гишгэсэн үед арааны солигдох дээд хурдыг заасан байдаг бөгөөд энэ хурданд хүрэхээс өмнө эсвэл хойно араа шилжиж байвал тохиргоо алдагдсан байх, шингэн дундарсан байх зэрэг шалтгаантай байж болно.
  6. Явах болон хүч дамжуулах ангийн ажиллагааг шалгах.
    1. Амортизатор тэнцүүлэгч жолооны механизм гэх мэт эд ангийн ажиллагааг тусгай төхөөрөмж дээр эсвэл жолоодож үзэн элдэв дуу чимээ гарч байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Рулиэс гарт доргио мэдрэгдэх, чичрэх, тоормоз гишгэх үед руль салганах зэрэг мэдрэгдэж байвал эд ангийг солих шаардлагатай болсон байна гэсэн үг.
    2. Гадна байдлаас дугуйны элэгдсэн байдал жигд биш байвал жолооны механизм тохиргоо хийлгэх шаардлагатай болсон эсвэл гар, өндгөн тулгуурын тохиргоо алдагдсан байж болно.
  7. Одоо бусад гэрэл, шил арчигч, дохио хянах самбар гэх мэтийн ажиллагааг шалгаж үзэх хэрэгтэй. Ялангуяа сүүлийн үеийн зарим автомашинууд нь энэ бүх үйлдлийг хийхдээ удирдлагын хэсэгтээ микро компьютер ашигладаг болсон тул солих, засварлахад үнэтэй байдаг.
  8. Автомашины гүйлтийг үнэн зөв мэднэ гэдэг хэцүү бөгөөд засаж тааруулсан нь ч байдаг. Гэхдээ ерөнхийдөө рулийн элэгдсэн байдал, хааз болон тоормозны педалийн элэгдэл зэргээс дүгнэж болох юм. Сүүлийн үед японоос оруулж ирж байгаа автомашины гүйлтийг экспортын гэрчилгээн дээр нь бичдэг болоод байгаа.
  9. Дагалдах багаж хэрэгсэл бүрэн нөөц дугуй бий эсэх, мөн ажиллагаатай эсэхийг шалгах хэрэгтэй. Хэрэв байхгүй бол худалдаж буй эзнээр нь авхуулах эсвэл үнийг нь хасуулах ч юмуу тохиролцох хэрэгтэй. Хулгайд их алддаг толь зэрэг нь оригналь эсэхийг шалгаад авахад гэмгүй. Дууриамал юмуу зүсэж хийсэн толь нь үзэгдэх орчныг хязгаарласан, хөдөлгөөнд оролцоход хүндэлтэй байдаг.
  10. Жийп болон бага оврын жийп хэлбэртэй автомашин худалдаж авах бол 4 дугуйгаар хөтөлж байгаа эсэх, эсвэл дан 2 дугуйгаар хөтөлдөг эсэхийг нягтлах хэрэгтэй. Зарим жийп нь үйлдвэрээсээ 2 дугуйгаар хөтөлдөгөөр гарсан байдаг. Ийм машин авсан тохиолдолд хөдөө хээр шавар шавхай, цасанд суух нь энүүхэнд. Буцаагаад зарахад хүн авахгүй ч юмуу, маш хямдхан зарах болдог. Ийм загварт манайхны унах дуртай Isuzu Wizard, Toyota Hilux Surf, RAV4, Kluger, Harrier, Nissan x-trail, Honda HRV, CRV зэрэг ордог.
  11. Хэрэв байнга та хөдөө хээр явах дуртай бол бүтэн рамтай, явах анги нь бүхлээрээ кузовоос тусдаа рамдаа бэхлэгддэг, ядаж хойд тэнлэг нь үл хамаарах чулактай жийп худалдаж авах хэрэгтэй. Хагас рамтай ч юмуу рамгүй жийпнүүд хотын замд зориулагдсан байдаг учир гуу жалга гарах, хүнд ачаа ачихад тохиромжгүй шороон замд дуу чимээ ихтэйгээс гадна эвдрэх нь амархан байдаг.