ДАХИН ДУРЛАМААР TOYOTA FJ LAND CRUISER
Хуучны классик загварыг орчин цагтай уявал үнэхээр содон дүр төрх гарч ирдэг гэдгийг тэд бидэнд танилцуулж байна. Юу вэ гэвэл Тоёота Ланд Круйзер загварыг дахин сэргээх ажилбарыг FJ Company хийдэг бөгөөд бидний сайн мэдэх Toyota FJ20, FJ40, FJ60 кузовтой Ландуудыг цоо шинээр бий болгодог юм.
Хэрэглэгч захиалга өгөхдөө өөрөө цоо шинээр дахин давтагдашгүй хувилбарыг гүйцэтгүүлэх эсвэл загвар харж яг түүн шиг хийлгэх гэсэн 2 сонголтоос сонголтоо хийдэг. Тус компанийн хувьд хүчин чадал, тоноглолоос хамаарсан 3 төрлийн хувилбарыг санал болгож дахин сэргээлтийг хийдэг байна.
Хамгийн энгийн нь Классик дараах нь California, Sport гэх 3 хувилбар бий. Үнийн хувьд стокоороо $65,000-$90,000 долларын өртөгтэй болно. Дундаж люкс жийп шиг л өртөгтэй болж байгааг анзаарсан байх. Тэгвэл яагаад ийм өндөр өртөгтэй болж байгааг сонирхоё.
Нэгд тэд бүгдийг гараар хийдэг. Ямартай ч ерөнхий 3 зүйл байх бөгөөд загвар гаргах, хийх, хүргэж өгөх гэсэн дарааллаар ажиллагаа явагдана. Дээрх хэлсэн 3 хувилбараас өөрийн хүссэнээ сонгоод хийлгэх захиалгаа өгнө. Үүний дараа үйлдвэрлэл доорх дарааллаар хийгдэнэ.
Тэд машиныг сэргээн засварлаж байгаа тул бүрэн задаргаа хийнэ. Өмнөх эзэмшигчээс үндсэн эд ангиуддаа асуудалгүй Ландыг худалдан авч таныг захиалгын дагуу өөрчлөлтийг хийнэ.
Задаргаа
Энэ шатанд кузов, рам зэрэг бүх зүйлсийг задалж дахин шинэчлэх ажлыг хийдэг. Хэрвээ дахин сэргэхгүй эд анги байвал үйлдвэрийн шинэ сэлбэгээр солино. Үүнд мэдээж шилны карказ, салон, бусад эд анги бүгд багтана.
Хөдөлгүүр & кроп
Хүч дамжуулах эд анги болон хөдөлгүүр, кроп, авцуулах холбоос зэрэг зүйлсийг баталгаат хугацаатайгаар сайжруулдаг. Хөдөлгүүр бүрт цоо шинэ карбьюратор, стартер, тос, ус, түлшний насос, асаалтын систем, цоо шинэ эсвэл шинэчилсэн цахилгааны холболтыг хийж өгдөг. Мөн үндсэн эд ангиуд болох тахир гол, поршен, клапан зэргийг үйлдвэрээс гарахдаа ямар байдаг тэр хэмжээгээр нь сайжруулдаг. Хэрвээ шинэ эд анги, шинэчлэх боломжгүй эд анги байвал тус хэсгийг бүрэн сольдог. Хөдөлгүүрийн бүх хэсгийг дахин сэргээдэг.
Кропны хувьд ч гэсэн бүрэн задалж сэргээн засварлана. Мөн урд хойд дифференциал, бүх шарик, жийрэг резин зэргийг цоо шинээр сольж хийнэ. Ийм ч учраас жинхэнэ сэргээн засварлах болдог байна. Дээрх зүйлсийн эргэлтэд тохирох дугуйн хэмжээг ч тэд зааж өгдөг. Төгсгөлд нь хөдөлгүүр болон кропны хэсэгт косметик сайжруулалтыг хийснээр дуусна.
Доод хэсэг
Урд болон хойд тулгуур эд ангиудыг бүрэн солино. Цоо шинэ OLD MAN EMU пүрш амортизатор, лап, тэнцүүлэгч гэх мэтийг суурилуулна. Мөн тоормосны систем ч үүнд хамаарна. Эцэст нь бензин бакыг бүрэн шинэчилснээр энэ хэсэг дуусна.
Кузов & Будаг
Яг л шинэ мэт болтол нь бүх зүйлсийг дахин сэргээнэ. Бүх хоорондын зайн тохиргоог (хаалга, багааж) анх үйлдвэрлэгдэхэд ямар байсан тэр хэмжээнд аваачиж орчин үеийн шил, цонхыг хийнэ. Кузовын ажилд нэлээд хэд хоногийн ажиллагаа явагддаг ба вьетнам засвараар сэргээдэг шиг өнгөц дүгнэх хэрэггүй олон шат дамжлагын дагуу хийдэг байна. Шал болон доод хэсгийг үйлчлүүлэгчийн хүсэлтээр ямар ч гадны биетээс хамгаалж чаддаг Rhino бүрхүүл үүсгэгчээр бүрдэг.
Моторын дагалдах эд ангиуд
Мөн л мотор шиг бүх эд ангийг шинэчилдэг. Цахилгааны холболт, утас, эд анги, аккумулятор зэрэг нь энд хамаарна. Шил арчигчийн сав, шүршигч зэргийг сайжруулах эсвэл шинээр хийж өгдөг. Түлшний ситемийг бүрэн шинэчилдэг. Гал хамгаалагч, түүний хайрцгийг цоо шинээр сольдог.
Аноджуулалт
Кузовын дагалдах эд ангиуд, хромон хэсгүүдийг үйлдвэрийн мэт шинэчилж, аноджуулдаг. Урд болон хойд шилний резинийг шинээр солино. Боолт, эргийг үйлдвэрийн хэмжээнд очтол засаж сайжруулснаар сэтгэл ханамжийг 100% болгодог.
Салон
Тоёота үйлдвэрээс гардаг кодоор салоны будгийн ажлыг хийдэг. Хивсэнцэр нь мөн адил үйлдвэрийн өнгөтэйтээр хийгддэг. Бүх самбар болон багана, суудал зэргийг дахин сэргээдэг.
Обуд болон дугуй
5 дугуй дагалддаг. Бүгдийг нь үйлчлүүлэгчийн хүсэлтээс шалтгаалан тохируулан суурилуулдаг.
Сэлбэг
Компанийн үзэл баримтлал нь зөвхөн өндөр чанарын эд ангийг ашиглах эсвэл бүрэн сэргээн засварлах юм. 40 жилийн настай болсон уг машиныг эд анги бүр шинээр олддоггүй. Тиймээс цоо шинээр, өндөр чанартайгаар захиалга өгч хийлгэдэг байна.
Угсралт
Дээрх бүх зүйлсийг хийсэн учраас одоо угсрах ажиллагааг эхлүүлнэ. Яг л шинэ машин мэт болгоно. Холбоос эд ангиудыг бүгдийг нь цоо шинээр сольдог. Угсарч дууссаны дараа хоорондын бүх зайг үйлдвэрийн мэт тохируулж Тоёотагийн резин жийргэвчүүдийг ашигладаг.
Дууссаны дараа үйлдвэрийн орчинд температурын янз бүрийн нөлөөлөлд зөв ажиллаж байгааг шалгадаг.
Эх сурвалж: www.fj.co