ЦАХИМААР ТАТВАРАА ТӨЛСӨН БОЛ QR КОД БҮХИЙ ТАСАЛБАРАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙГЭЭ ХАМТ АВЧ ЯВНА
Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн тавдугаар сарын 31-ний өдрийн хооронд зохион байгуулж байна.
Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn системийг шинэчлэн хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлжээ.
Ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон компьютерээс www.smartcar.mn цахим хуудсанд хандаж, цаг заваа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр зэргээ төлөх юм. Ингэхдээ аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар болон банкны QPay үйлчилгээгээр төлбөрөө төлөх боломжтой аж.
Цахимаар татвар, төлбөрөө төлсний дараа QR код бүхий тасалбараа хэвлэн, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэйгээ хамт авч явна. Тус хэвлэсэн тасалбар нь тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээтэй адил хүчинтэй гэж үзэж болно.
Мөн энэхүү хэвлэсэн тасалбар нь татварын улсын байцаагчийн тамга, тэмдгийг бүрэн орлоно.
Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Бид бүхэн урд нь төрийн үйлчилгээг авахын тулд маш их хүлээдэг, дугаарладаг, татварын газарт нэхэмжлэх бичүүлээд, банкинд мөнгөө тушаасны дараа тамгаа даруулдаг байсан. Одооноос эхлээд та татварын төлбөрөө хоёрхон минутанд багтаан шийдвэрлэдэг боллоо.
Цахимаар татвар төлбөрөө төлсөн иргэд тээврийн хэрэгслийн татварын гэрчилгээн дээрээ ямар нэгэн тамга тэмдэг даруулах шаардлагагүй” гэв.
Эх сурвалж: А.НАМУУН, IKON.MN