ТУРБО ШАХАГЧ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? №71

Хөдөлгүүрийн ажилласан хийн гарах урсгалыг ашиглан турбиныг эргүүлснээр агаарыг цилиндрт шахаж оруулах боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр энгийн хөдөлгүүрийг бодвол харьцангуй их хүч гарган авч түлшний зарцуулалтыг багасгасан. Мөн турбо хэрэглэснээр хорт хаягдлын хэмжээг багасгах боломжтой. Турбо нь тухайн ажлын эзлэхүүнээс хэвийн үед гаргаж болох чадлаас илүү их чадал гаргах зорилготой.

Бензин хөдөлгүүрийн турбо нь минутад 200 мянган эргэлт түүнээс ч илүү эргэлт хийж 800˚С-900˚С -ын халсан хийг хүлээн авч улайсах байдалд ажилладаг. Турбиныг чөлөөтэй эргэх, хөрөх нөхцөлийг хангахын тулд хөдөлгүүрийн тосыг ашиглахын дээр мөн шаариг буюу холхивч хийж өгсөн турбо байдаг. Тиймээс энгийн хөдөлгүүр болон турботой хөдөлгүүрийн тос болон солих хугацаа нь өөр байдаг аж.

Зураг дээр наад талд байгаа нь агаарыг шахах далбан цаад талд ажилласан хийнээс эргэлт авах далбан нь хоорондоо голоор хатуу холбогдсон байгаа нь...
Зураг дээр наад талд байгаа нь агаарыг шахах далбан цаад талд ажилласан хийнээс эргэлт авах далбан нь хоорондоо голоор хатуу холбогдсон байгаа нь...

Турбо хөдөлгүүрт маш сайн чанарын тос хийхээс гадна солих хугацаа нь ойрхон байдаг. Ойр ойрхон хөдөлгүүрийн тосны түвшинг шалгаж байх шаардлагатай. Турбо хөдөлгүүрийг өндөр хаазтай явж ирсний дараа болон огцом хүч авахуулсны дараа шууд унтрааж болохгүй бөгөөд тодорхой хугацаанд хөдөлгүүрийг сул ажиллуулах хэрэгтэй байдаг.

Хэрэв шууд унтраах юм бол маслын насосын эргэлт зогсож өндөр ачаалал авч маш их халсан турбоны холхивч ба их биеийн хооронд үлдсэн халсан тос лаг болон үлдэж хатууран дараа хөдөлгүүрийг асаах үед тосны эргэлтийг хааж турбог тослох болон тосоор хөргөх ажиллагаа доголдохын зэрэгцээ тэлж халсан металл эд ангиуд зуурч гацан турбо ажиллагаанаас гардаг. Иймээс хөдөлгүүрийг их ачаалсны дараа заавал хэдэн минут нормальдуулах хэрэгтэй. Ингэж байж турбог урт удаан хугацаанд ашиглана.

Зарим машинд үүнд зориулсан Turbo timer-ийг суулгасан байдаг ийм учиртай. Энэ төхөөрөмж нь хөдөлгүүрээ нормальдуулж хүлээх шаардлагагүйгээр түлхүүрээ сугалаад аваад явахад хөдөлгүүрийг тодорхой хугацаанд ажиллуулж байгаад унтраадаг үүрэгтэй юм. Мөн сүүлийн үеийн ихэнх автомат асаалтын системтэй дохиоллууд өөр дээрээ Timer-тай болсон.

Turbo timer-ийг суулгасан байгаа нь нормальдах хугацааг тохируулах, ажиллагааны горимыг сонгох функцтэй
Turbo timer-ийг суулгасан байгаа нь нормальдах хугацааг тохируулах, ажиллагааны горимыг сонгох функцтэй