ПУТИН ОХУ-Д ҮЙЛДВЭРЛЭСЭН ШИНЭ АВТОМАШИНААР ИРЖ ТАНГАРАГ ӨРГӨЖЭЭ

Кортеж лимузин

Өчигдөр Владимир Путин ОХУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөж, дөрөв дэх бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлсэн.

Тэгвэл тэр өчигдөр анх удаагаа Орост үйлдвэрлэсэн лимузин автомашин хөлөглөж, Кремлийн их ордонд иржээ. Зөвлөлт Холбоот Улс задарснаас хойш Оросын бүх удирдагчид гадаад үйлдвэрийн автомашин ашигладаг байсан.

Путин өмнө нь Mercedes S600 Pullman машин унадаг байв.

“Кортеж төсөл” нэрийн дор бүтээгдсэн уг машиныг Оросын НАМИ (Автомашин, Авто Хөдөлгүүр Судлалын Төв Хүрээлэн) төрийн өмчийн байгууллага, дотоодын олон авто үйлдвэрийн хувийг эзэмшдэг Соллерс компани хамтран бүтээжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ-ын Үйлдвэрлэл, Худалдааны сайд Денис Мантуров шинээр бүтээж байгаа автомашиныг Путины тангараг өргөх ёслолд ашиглаж амжихгүй гэж мэдэгдэж байв.

Тэгвэл зохион бүтээгчид нь эхний машинаа амжиж үйлдвэрээс гаргасан бололтой. Эсвэл Сенатын ордноос тангараг өргөх Андреевын танхим хүртэл 200 гаруй метр замыг Котеж лимузин туулсан нь түүнийг эцсийн бүтээгдэхүүн болоогүй, туршилтын загвар байж магадгүй гэсэн яриа гарахад хүргээд байна.

2012 онд ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа Владимир Путин дотоодын үйлдвэрийн автомашин хөлөглөдөг болох санаа гаргаж, Котежийг зохион бүтээх ажил эхэлсэн гэдэг.