LAMBORGHINI GALLARDO
Gallardo загвар нь өнгөрсөн хугацаанд гарч байсан Baby Lamborghini-ийн дараачийн загвар гэгдэн гарсан юм.
Дизайны хувьд 70-80-аад онд үйлдвэрлэж байсан Каунтак (Countach) загвараас санаа авсан бөгөөд Lamborghini-гийн байнгын холбоотой ажилладаг дизайнер Marcello Gandini биш, харин Audi-аас ирсэн Бельги хүн болох Luc Donker Volcan дизайныг нь гаргасан байна.
Галлардо гэдэг нэр нь бухын нэр биш бөгөөд 18 зууны үед Испанид алдаршиж байсан бух сургагч Francisco Gallardo-ийн нэрээс авсан юм.
Хөдөлгүүр нь 90 градусаар байрлах усан хөргөлтийн систем бүхий V10 цилиндртэй, цилиндрийн блокийг хөнгөн цагаанаар хийсэн бөгөөд Audi-ийн хөдөлгүүрт суурилсан байна. Хүндийн төвийг доошлуулах үүднээс блокийг өргөн дэлгэмэл хийсэн боловч тахир голын эргэлтийн 18 градус тутамд шаталт явагдахаар бүтээжээ.
Эзлэхүүн нь 5 литр бөгөөд 500 м.х гаргана. Өөрөөр хэлбэл 1 литрээс 100 м.х гаргахаар тооцоолжээ.
Цилиндрийн диаметр 82.5 поршенгийн явалт 92.8 гэсэн их явалттай байгаа нь эгшин дэх эргүүлэх хүчийг нэмэгдүүлж өгсөн байна. Хамгийн их эргэлт хийх улаан зураас 8200 эрг/мин. 2006 оны яндангийн гаралтыг сайжруулснаар хүчийг 20 м.х-ээр нэмэгдүүлэн 520 м.х-тэй болгосон.
Хэдийгээр хөдөлгүүр нь их биеийн дунд байрлалтай боловч хүчтэй хөдөлгүүрт 2 дугуйгаар хөтлөх нь хий эргэх шарвах нөхцөл бүрдэх учир 4 дугуйн хөтөлгөөтэйгөөр төлөвлөжээ. 4WD систем нь Audi-ийн Quattro систем биш Viscous coupling гэх давхар дискнүүдтэй силикон тосон систем бүхий хүч хуваарилагчийг ашиглажээ.
Кузовын хувьд Audi үйлдвэрийн хөнгөн цагаан каркастай бөгөөд ердөө 250 кг. Нийт машины жин 1430 кг, өндөр нь 116 см юм. Онгойлгоход хялбар хэрэглээ талаасаа бодолцон дээш сөхөгддөг хаалга хийлгүйгээр энгийн онгойдгоор хийжээ.
Түүний урд тал хэт доор байдаг тул 2005 оны загвараас эхлэн гидр шахуургаар урд талыг өргөж өргөгчтэй автомат зогсоолд оруулах боломжтой болгосон ба энэ өргөсөн чигээрээ 70 км/ц хүртэл хурдлах боломжтой юм.
2009 оны 7 сард хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэн Lamborghini-ийн уламжлал болсон LP560-4 загвар гарсан.
Түүнд 5.2 литрийн шууд цацалттай 560 м.х-тэй хөдөлгүүр тавьжээ. Нийт жин нь 1420кг, 4WD хөтлөгчтэй ба 2009 онд Германд “Best sport car” гэсэн шагнал хүртсэн. Хөдөлгүүр нь Audi компанийн R85.2LFSI хөдөлгүүр юм.
2010 оны 3 сард Женевийн авто үзэсгэлэнд тойрог замын уралдаанд зориулсан LP570-4 Superleggera загвар гарчээ. 570м.х-тэй бөгөөд 1340 кг жинтэй байв.
Хувилбарууд
Spider - 2005 онд загварчлагдаж гарсан ба дээвэр нь зөөлөн бөгөөд цахилгаан мотороор 20 секундын хугацаанд хааж нээдэг.
Superleggera - Их биеийн хэсгүүд нь карбон файбераар хийснээр 100 кг-аар хөнгөн болгосон ба яндангийн гаралтыг сайжруулснаар 10 м.х ахиулан 530 м.х-тэй болгосон. 0-100км/ц хурдыг 3.8 секундэд авах ба дээд хурд нь 315 км/ц. Нэмэлтээр арын том спойлер хийлгэж болох ба энгийн загваруудад хөдөлгөөнт жижиг спойлертой.
LP550-2 Balboni - 2009 онд гарсан 5.2 литрийн V10 хөдөлгүүртэй 550 м.х-тэй 2 дугуйгаар хөтлөх хязгаарлагдмал тоотой хувилбар. Нэрийн хувьд компанийн гол туршин жолоодогч Valentino Balboni-ийн нэрээр нэрлэсэн.
LP570-4 Superleggera - 2010 оны 3 сард Женевийн үзэсгэлэнд тавигдсан ба суурь загвараасаа 70 кг-аар хөнгөн болсон. 570 м.х-тэй хөдөлгүүр, гадна аэродинамикийг сайжруулж урд талын хэсгийг уралдааны авто машины том бампер, том агаарын нүх хийж хойд спойлер стандартаар тавигдсан загвар болсон юм. Дотор талд ч сайжруулалтууд хийгдсэн.
Sesto element - Gallardo-д суурилсан хувилбар ба 2010 онд Парисын авто үзэсгэлэнд тавигдсан бөгөөд 2011 оноос тойрог замын уралдааны зориулалт бүхий тусгай хувилбар болон гарсан. 5.2 литрийн 570 м.х-тэй 4WD хөтлөгч бүхий карбон хэрэглэсэн ба зарим эд ангийг титанаар хийснээр нийт жинг 999 кг болтлоо багасгасан. 0-100км/ц-ийн хурдыг 2.5 секундэд авах ба дээд хурд нь 300 км/ц.
LP570-4 Super Trofeo Stradale - 2011 оны 9 сард Франкфуртын үзэсгэлэнд тавигдсан ба үндсэн суурь нь LP570-4 бөгөөд урд оруулах нүх, спойлер зэрэгт карбон ашиглан жинг 1340 кг болгосон, 0-100 км/ц-ийн хурдыг 3.4 секундэд авах ба дээд хурд нь 340 км/ц.
RG-3 - Фиа GT тэмцээний GT3 ангилалд уралддаг уралдааны загварын суурин дээр хийгдсэн Японы Super GT-д зориулан 2 ширхгийг бүтээсэн юм.
Эх сурвалж: www.cardoctor.mn