LAMBORGHINI LM002

1986-1993 хооронд үйлдвэрлэж байсан оффроад төрөлд хамаарагдах 4WD загвар юм. Уг үндэс нь Америкийн MTI (Mobility Tehnology International) компанийн захиалгаар Америкийн нэгдсэн улсын армид зориулан Ламборгинид үйлдвэрлэсэн загвар байв.

Эхэн үедээ толгой компани болох Крайслераас V8 хөдөлгүүр авч дундаа хөндлөн байрлалтай байрлуулж байсныг V12 хэлбэрийн 12 цилиндртэй Ламборгини хөдөлгүүрийг дагуу байрлуулж иргэний зориулалттай болгон LM002 нэрээр 1986 оноос худалдаанд гаргажээ.

Дотор рамыг хөндий трубагаар зангидаж, файбер материалаар гадна талыг хийж, хөнгөн цагаан хаалгатай их биед Countach-ийн 5.2 литрийн V12 444 м.х-тэй хөдөлгүүр тавьж, ямар ч чанар муутай бензинд ажиллах төдийгүй элс тоосорхог газар зориулсан агаар шүүгчийг хийж өгчээ.

Мөн халуун нөхцөлд зориулан радиаторыг томруулжээ. Ингэснээр 3 тонн гаруй жинтэй болж 210 км/ц хурдлах боломжтой болсон. Туслах хурдны хайрцаг тавьж 4 дугуйгаар хөтлөх эсвэл 2 дугуйгаар хөтлөх горимтой, 5 араатай механик хурдны хайрцагтай.

Дугуй нь хагарсан ч явах чадвар бүхий Pirelli брэндийн 325/65VR17 гэсэн дугуй тавьжээ. 4 тусдаа суудал бүхий 4 хүний багтаамжтай ба хойд хэсэгтээ тээшний зайтай. Шатахууны сав нь 230 литр ба энэ нь том ачааны автомашины савны дайтай юм.

Суудал болон доторлогоо нь улаан арьсан оруулга, зузаан хивсэнцэр, хөгжим, эйркондишн зэрэг байгаа нь тансаг зэрэглэлийн машин шиг болжээ. Орчин үеийн тансаг жийпнүүдийн эхлэл байсан ч байж магадгүй юм. 1993 онд үйлдвэрлэл зогссон ба нийт 301 ширхгийг үйлдвэрлэжээ.

LM002 Bruney

Арын хэсгийг уртасган тээшийн хэсгийн зайг нэмэгдүүлсэн төдийгүй дээврийг өндөрсгөн зайг нэмэгдүүлсэн хувилбар.

LM002 American

1992 оны хойд Америкийн авто шоуд зориулан гаргасан ба нийт 60 ширхэг үйлдвэрлэн гаргажээ. Тэжээлийн системд Diablo-тай адил EFI систем хэрэглэх болсон ба гадна тал нь гоёлын зориулалт бүхий капот, бампер, ободтой гарчээ. Дотор талд ч багагүй сайжруулсан байна.