ӨВЛИЙН ДУГУЙНЫ ТУХАЙ

ТОЖОО ЖОЛООЧООС:

  1. Автомашины өвлийн дугуй гэж ямар дугуйг хэлдэг вэ?
  2. Өвөл ямар дугуй хамгийн тохиромжтой вэ?
  3. Өвлийн дугуйг сонгоход жолооч нар маань юуг мэдэж байх ёстой вэ?

Эдгээр асуултын хүрээнд сурвалжлага бэлтгэлээ.

Сурвалжлага

АСУУЛТ: Тожоо ахаа өвлийн дугуй, зуны дугуй гэх юм. Энэ 2-ын ялгаа нь юу юм болоо?

ТОЖОО: Аа товчхон хэлбэл зуны улиралд авто зам маань нарны тусгалаас болж халдаг тийм ээ. Тэр халуун зам дээр дугуй маань эргэхдээ үрэлтээс болж халж байдаг.

Тийм учраас халалт даах чадвартай хатуу дугуйг зун хэрэглэдэг юм. Харин өвлийн дугуй нь хөлдөхгүй гулгахгүй байх ёстой учраас зөөлөн байх ёстой байдаг.

Ийм гол 2 ялгаатай. Мэдээж хээний төрөл, ашиглах нөхцөлөөс хамаарч дотроо олон янзаар ялгардаг л даа.

АСУУЛТ: Аан за Өвлийн дугуй зөөлөн байх ёстой юм байна. Тэгвэл өвлийн дугуйг хараад ялгах боломжтой юу?

ТОЖОО: Боломжтой. Бүх дугуй хажуу бөөрөн дээрээ өөрийнхөө мэдээллийг бичсэн байдаг. Үндсэндээ жолооч нарын маань мэдэж байх ёстой хэдхэн тэмдэглэгээ байгаа.

АСУУЛТ: Аанхаан. Юу гэсэн тэмдэглэгээ байх уу?

Дугуйнд үйлдвэрлэсэн он их чухал байдаг

ТОЖОО:

  1. Дугуй маань аль улиралд зориулсныг илтгэх үсгэн тэмдэглэгээ. Цасны зураг эсвэл S гэсэн тэмдэглэгээ байж болно. Энэ нь Snow  буюу цас мөсөнд тохиромжтой өвлийн дугуй гэж байгаа юм.
  2. Хэзээ үйлдвэрлэгдсэнийг илтгэх 4 оронтой тоо байгаа. Тэр 4 тоог араас нь 2  2 оронгоор нь салгаж унших хэрэгтэй.

Жишээ нь араас нь уншихад 16 35 гэж байвал энэ нь 2016 оны 35 дахь 7 хоног буюу 8-р сарын 3 дахь 7 хоногт үйлдвэрлэсэн байна гээд шууд мэдчих боломжтой.

АСУУЛТ: Дугуйг хэзээ үйлдвэрлэсэн тийм их чухал байдаг уу?

ТОЖОО: Дугуйнд үйлдвэрлэсэн он их чухал байдаг. Яагаад гэвэл дугуйг резинээр үйлдвэрлэдэг тийм ээ. Тэр резин маань тодорхой чийгшилтэй байж байж зуурамтгай чанартай болдог. Гэтэл дугуйн чийгшил 3-5 жилд бүрэн алддаг.

АСУУЛТ:  Аан. Тэгвэл жолооч нар маань шинэ дугуй авах нь чухал байх нь ээ.

ТОЖОО: Яг тийм. Шинэ дугуй авах нь чухал. Мөн хажуу бөөрөн дээрх мэдээллээс жолооч нар маань аль улсад үйлдвэрлэсэн, ямар төрлийн хээ, ямар нөхцөлд хэрэглэх вэ? Зэрэг мэдээллүүдийг мэдэж авах боломжтой байдаг юм.

Хамгийн гол нь өвлийн дугуйг өвөл, зуны дугуйг зун сольж хэрэглэж байх хэрэгтэй.

АСУУЛТ: Аанхаан. Заавал уу?

ТОЖОО: Дугуй маань дан өвлийн дугуй, дан зуны дугуй, эсвэл өвөл зуны дугуй гэж байдаг.

Манай орны өвөл зуны нөхцөл нь 60градусын хэлбэлзэлтэй шүү дээ. Өвөлдөө -30 градус, зундаа +30 градус. Энэ цаг уурын нөхцөлд өвөл зунаар нь ялгаж хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Өвлийн гуталны зуны гуталнаас ялгарах ялгаа нь дулаан байхаас гадна ул нь өвөл хөлдөхгүй байхаар зориулж хийсэн байдаг шүү дээ.

Автомашины өвөл зуны дугуй гэж ялгаж байгаа нь үүнтэй яг ижил. Өвлийн дугуй хальтарч гулгадаггүй байх ёстой.

АСУУЛТ: Тожоо ахаа өнөөдөр бид өвлийн дугуйн талаар ярилцаж байгаа. Машиндаа өвлийн дугуй сольж суурилуулахдаа юуг анхаарах ёстой байдаг юм бэ?

ТОЖОО: Нэмж хэлэхэд жолооч нар маань өвөл дугуй нь халтираад байгаа учраас сольчихдог. Харин дулаан орохоор өвлийн дугуйгаа солихгүй явсаар дугуйгаа элэгдэлд оруулж хурдан муутгах тал их байдаг.

Өвлийн дугуй маань зөөлөн байдаг шүү дээ. Тийм учраас халалтад амархан илэгддэг. Энэ тал дээр жолооч нар маань анхаарах хэрэгтэй байх.

Аан мөн дугуйгаа сольж угсруулчихаад хийгээ зөв тохируулж дугуйн боолтнуудаа өөрөө чангалж шалгаж байгаарай.

Энэ нь хүнд итгэхгүйдээ биш зөв дадал хэвшил шүү дээ.

АСУУЛТ: Тожоо ахаа жолооч нар маань таны зөвлөгөөг мэдлэг болгон сонсох дуртай болсон. Танд баярлалаа.

ТОЖОО: Баярлалаа.

Тэгэхээр техник гэдэг маань хүнээр удирдуулж байгаа учраас энэ цас мөстэй өвлийн улиралд хурдаа тохируулж зайгаа барьж явах хэрэгтэй.