Э.БОЛОРЧУЛУУН: ДАЯАР ХАС-Т НҮҮХ МЭДЭГДЭЛ УДАА ДАРАА ӨГСӨН Ч ХҮЛЭЭЖ АВААГҮЙ

Өчигдөр Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, “1,000 машины зах”-ын авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэж, газар чөлөөлсөнтэй холбогдуулан дараах тодруулгыг авлаа.

-Энэ арга хэмжээ Газар чөлөөлөлтийн хүрээнд хийгдэж байгаа ажил уу?

-“Даяар Хас" ХХК нь таван жилийн хугацаанд хэний ч эзэмшлийн биш гэдэг байдлаар чөлөөтэй машин тавиулж иргэдээс мөнгө олдог байсан. Үүнийг удаа дараа шүүхийн шийдвэрээс мэдэгдэж байхад чөлөөлж өгөхгүй байснаар 1945, 1969 оны гэрээгээр төмөр замынх гэдэг нь тогтоогдсон. Нууцлалд байсан гэрээг нууцлалаас гарсантай уялдуулаад нийслэлийн Засаг дарга С.Батболд өнгөрсөн оны аравдугаар сарын 30-ны өдрийн А/813 тоот захирамжаар Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар Төмөр замын нийгэмлэгт захирамжийг нь гаргаж өгсөн.

Ингээд өөрийнхөө эзэмшил газрын захирамжийг авснаар “Даяар хас”-д удаа дараа нүүн шилжүүлэх мэдэгдэл өгсөн боловч хүлээж авахгүй байсан. Бусад холбогдох байгууллагаас мэдэгдэл өгөхөд чөлөөлж өгөөгүй. Ингээд Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн сарын 28-ны өдөр албадан чөлөөлөх захирамж гаргасан.

Иймд “Даяар Хас” ХХК нь бусдын эрхшээл газар дээр хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан. Иймд бид хууль бус үйл ажиллагаа гэдгийг нь мэдэгдсэн боловч “Даяар хас” ХХК чөлөөлж өгөхгүй машинаа тавьсан иргэдийг ч гаргахгүй байсан. Тиймээс бид нар албадан чөлөөлөх ажлыг замын цагдаагийн газар, нийслэлийн Авто замын газартай хамтран гүйцэтгэлээ. Иргэд өөрсдөө ухамсарлаж машинаа чөлөөлж өгсөн. Албадан чөлөөлүүлж ачуулсан машин гараагүй.

-Хотын төвд ил задгай авто машин худалдаалахыг хориглодог. Ийм газруудыг яах вэ?

-Авто худалдааны газар шинээр байгуулаад удаж байна. Улаанбаатар хотын төвөөр энэ утааны хажуугаар утаа, тортог болгож машин тавиад байгаа дараа дараагийн зогсоолын газруудад гурав хоногийн хугацаатай мэдэгдлүүдээ өгсөн удахгүй нүүлгэх ажилдаа орно. Манайд 15 газрын материал ирсэн байна. Өөр зориулалтаар ашиглах, хоёр жил дараалан газраа ашиглаагүй, зориулалтын бусаар газар ашигласан гэх үндэслэлээр газар эзэмшихийг нь хүчингүй болгох арга хэмжээг авна.

Иймээс бид мэдэгдэл явуулсан. Баасан гараг хүртэл хугацаа өгсөн. Дараа дараагийн арга хэмжээг шат дараатай аваад явна. 1,000 машины зогсоол гэгдэх Төмөр замын газар дээр шинэ, стандартын буудал барих зориулалттай байгаа. Өөр бусад зориулалтаар ямар нэгэн үйл ажиллагаа явагдахгүй. Хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн учраас Төмөр замынхан дулаан оронгуут ажлаа эхэлнэ.

-Газар чөлөөлөлт, бүтээн байгуулалтын талаар нэмж хэлэх зүйл байна уу?

-Өмнөх онуудын нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн газар чөлөөлөлт бүгд хийгдээд дууссан. Энэ жилийнх агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн ажлын хэсэг, зөвшөөрөлгүйгээр авто худалдаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг чөлөөлөх ажлын хэсэг гарсан.

Захирамжийн хүрээнд хэрэгжилтийг хангах үүднээс ажлууд хийгдэнэ. Өөрийн газрыг зөвшөөрөлгүйгээр өөр зориулалтаар худалдаа эрхлэх зэргээр зөрчсөн тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох арга хэмжээ авагдана. Бидний тавьсан шаардлагыг биелүүлээгүйн үүднээс газрыг албадан чөлөөлөх зэрэг хохиролтой арга хэмжээнүүдийг авна.