НОЙТОН ЗАМД ХЭРХЭН ЖОЛООДОХ ВЭ?

Эр хүний жаргал эзгүй хээрээ гэж, Монгол хүн болсон хойно зуны урин цаг ирэхтэй зэрэгцээд хөдөө гадаа явах нь ихэсдэгээ. Хөдөө явахад бороотой шороотой, аагим халуун гээд ямар ч цаг агаар таарахыг тэр өдрийн тэнгэр л мэднэ. Тэгвэл хөдөөний нойтон замд яаж явбал зөв талаар Тожоо жолооч зөвлөж байна.

Нэгдүгээрт нойтон шороон замд их хурдтай явах, гэнэт огцом дарж эргэх, өгсүүр өөд зогсох явдал байж болохгүй. Хурдаа нэмэх, тоормослох үйлдэл хийхдээ огцом биш зөөлөн алгуур байх хэрэгтэй. Үгүй бол машины дугуй хий эргэж болно. Ер нь аль болох хий эргэх нөхцөлийг л бүрдүүлж яав ч болохгүй.

Яагаад гэхээр нэг хий эргэчихвэл, нэмж ухах, шигдэж суух эрсдэл ойрхон ирлээ гэсэн үг. За тэгээд машиныг гулгаж шарвуулахгүйн тулд хэвгий биш замыг сонгож явах нь дээр.  Нойтон хөрсөн зам дээр тоормослохдоо арааг салгадаггүй журамтай шүү.

Нойтон шороон замд хуучин замаас шинэ мөр нь нэвтрүүлэх чадвар илүүтэй байдаг. Хөдөөгийн замд гүн хонхор , овон товон, суваг шуудуу, нялцгай болон хуурмаг хөрс их тохиолдох учир тун хянамгай явж, эдгээрийг сайн анзаарч байх хэрэгтэй. Бартаа саадыг хэрхэн яаж давж туулах нь шинж чанараас нь хамаарна. Жишээ нь бартаа замын төвшнөөс доогуур байгаа буюу хонхрыг ташаалдаж, харин замын төвшнөөс дээш буюу овон товонг эгц гарах хэрэгтэй юм.

Урд дугуй хонхор луу орохтой зэрэг хазаа нэмнэ

Нойтон замд тохиолдох бартаа, нэвтрэхэд хэцүү хэсгийг бололцоо байвал аль болох л тойрч гарах хэрэгтэй.

Тэгээд мөрний гүн ховилын тухайд дугуйнуудын хоорондуур өнгөрөөдөг. Хэрэв зам хэт нялцгай нойтон бол мөрний дагтаршсан ховил дээгүүр дамнуулах нь илүү дээр сонголт болдог. Мөрний ховилоор явах үедээ туулж чадахуйц буюу хүнд арааг сонгосон байвал зохино. Харин хонхор хэсгийг нэвтрэхдээ аль болох бага хурдаар, аа гэхдээ хэт хүч алдуулалгүй жигд гараарай.

Урд дугуй хонхор луу орохтой зэрэг хазаа нэмнэ. Урд дугуй саадыг туулж гарсны дараа хойд дугуйг хонхорт ортол дахин зөөлөн тоормосолно. Ингээд ард дугуй хонхорт ороход мөн хазаа нэмнэ.

Ер нь нойтон замд ямар ч бартаанд дөхөж очоод хурдаа бууруулж хүнд араанд шилжүүлэх нь хамгийн найдвартай зам шүү. Огцом эрэгтэй сувгийг гатлахын өмнө сайтар шалгаж үзээрэй. Бүр болохооргүй бол эргийг малтах багаж хүрзээр нурааж, хөрсийг сувагт хийж болно. Хэрэв энэ нь хангалтгүй бол суваг уруу дүнз, гишүү, чулуу буюу бусад ойр байгаа материалыг мөн хийгээрэй.

За тэгээд та өөрөө шавар шавхайтай холилдож, зорчигчдоо ядрааж,  завааран цагаа алдахыг хүсээгүй л бол хамгийн дээд зэргийн болгоомжтой, удаан явж, эвгүй санагдсан хэсэг бүрээ залхууралгүй бууж шалгаж явсан нь л дээр шүү.