ГЭРЛИЙН ГЯЛБААНД ЧИГЛЭЛЭЭ БАРИХ АРГА

Байцаалт авахад хүний өөдөөс хурц гэрэл тусгадаг, эсвэл зарим улс оронд шийтгэхийн тулд хурц гэрлийн өөдөөс харуулаад удаан суулгадаг гэнэ лээ. Манайд бол орой үдэш бүр жолооч нар бие биенийгээ ингэж шийтгэх талтай шүү. Ялангуяа хөдөө орон нутгийн замд. Энэ үед шинэ жолооч нар байтугай хууччуулын хувьд ч барьц алдах тохиолдол бий. Нэлийсэн гэрэл нүд нүүргүй ороод ирвэл яах талаар Тожоо жолооч ингэж зөвлөж байна.

Юуны өмнө өөдөөс ирж байгаа машины гэрэл рүү битгий хар хараарай. Харин баруун доош чиглэлтэй харж, тусгаарлах цагаан зурвасаар баримжаагаа ав. Хэрвээ цагаан зураасгүй бол мөр дагуу хурдаа хасан баримжаалж яваарай.

За ингэхдээ мэдээж урд хүн амьтан гээд ямар нэгэн юм гэнэт орж ирэх вий гэдгийг давхар анзаарч явахаас өөр аргагүй. Тэгэхээр хурдаа маш их хасах шаардлагатай байгаа биз. Бас чиргүүлтэй том машинууд тун аюултай байдаг учраас гялбуулагч этгээд том тэрэг байвал тун сайн баримжаатай байхгүй бол болохгүй шүү.

Гялбаанаас гараад нүдээ хэвийн болтол чиглэлээ тогтвортой барьж, хэсэг гэлдэрсэн нь дээр.

Шөнийн цагаар муу барьдаг бол урдаа чадварлаг жолоочийг гаргаад, дагаж явах нь амар байдаг. Энэ үед дандаа ойрын гэрэлтэй явах учиртайг урдах машин чинь танд сануулахад их төвөгтэй байдаг л даа. Та дагахаас уйдаж гүйцэж түрүүлэх гээгүй л бол ойрын гэрэлтэйгээ л хойноос нь дагаарай. Харин хойд машин гэрлээ шилжүүлэхгүй холын гэрэлтэй яваад байвал голын толио дээш сөхөөрэй.

Жолоодлогын гэрэл буюу ойрын гэрэл бол эсрэг талын автомашины жолоочийг гялбуулахгүй зориулалттай бас машин барьж яваа таны нүдний харааны хамгийн ашигтай тусгал болох 20-30 метр газрыг тод гэрэлтүүлдэг. Гэрлийн тусгал ихэнхдээ хавтгай байдаг бөгөөд цагаан болон неон цэнхэр өнгөтэй байдаг юм.

Ер нь та өөдөөс машин ирвэл гэрлээ шилжүүлээд, дүрмэнд заасан газруудад ойрын гэрэлтэйгээ л явчихвал гэрлийн гялбаанд яах вэ гэдэг өнөөдрийн зөвлөгөө хэн нэгэнд нээг их хэрэг болохгүй шүү дээ.