ЭЛСТЭЙ ЗАМААР ИНГЭЖ ЯВААРАЙ
АЮУЛГҮЙ БАЙДАЛ - энэ бол таны эрхэм үүрэг.
Элс гэж энэ сайхан хэрнээ саатуулах шидтэй эд машинаар явагч зорчигчдод багагүй садаа болох нь бий. Элсэнд шигдэх, суух тохиолдол ялангуяа аялагчдад их элбэг таардаг. Ийм үед яахыг Тожоо жолооч танд зөвлөж байна.
Говь цөл элсэрхэг замаар их явах бол аль болох өргөн дугуй сонгож, хийн даралтыг багасгах хэрэгтэй. Ингэснээр физикийн хууль ёсны дагуу замын гадаргуутай авцалдах, үрэлцэх, хүрэлцэх талбай ихсэж, шигдэх суух эрсдэл багасаж, туулах чадвар нэмэгдэх учиртай.
Харин өргөн дугуй намагтай, гүнзгий шавартай болон элстэй газарт сайн бол нарийн дугуй нь цас болон гүн биш шаварт сайн байдаг. Гүнзгий шавар элсэнд яваагүй тохиолдолд өргөн дугуй нь шарваж гулсах аюултай гэдгийг санаж хурдан явах, эргэх, чиглэлээ өөрчлөх үед маш болгоомжтой байх хэрэгтэй.
За дараагаар дарайсан торгон элсэн дээгүүр аль болох жигд хурдтай, их хүчлэлгүй, бас хэт хүч алдуулж удаашруулалгүй явах хэрэгтэй. Өмнө нь машин явж байсан элс суларсан байдаг болохоор хажуугаар нь, мөргүй дагтаршсан хэсгээр явж байгаарай. Мөн нөхцөлд өндөрлөг газрыг сонгож үз, тэнд элс цасны зузаан бага байдаг.
Хөдөө газар явахдаа “аюулаас сэргийлэх нь аюулыг арилгахаас ямагт дээр” гэдэг үгийг санаж байх хэрэгтэй. Маш чухал нэгэн зүйл бол элс, цастай үед өөд өгсөх, уруудах үед ямагт машинаасаа бууж өөрийн биеэр замаа шалгаж үзэх нь хамгийн найдвартай. Туулах замыг өөрөө шалгаж үзэхэд, та нэг их цаг алдахгүй шүү дээ.
Хэрэв ингэхгүй буюу залхуурвал та “сууж” магадгүй, тэгвэл дор хаяж нэг цаг буюу түүнээс удаан, бүр хэдэн хоногоор ч саатаж болно..
Туулах зам тань хүндрэлтэй санагдвал тодорхой хугацаа алдсан ч бэрхшээлийг тойрч гарвал дээр. Нэгэнт элсэнд шигдсэн бол эхлээд зөөлөн ухрах гээд үз. Болохгүй бол урд хойд дугуйны өмнөх замыг сайтар цэвэрлээд байрнаасаа хүнд араагаар зөөлөн хөдлөх гээд үз. Нэгдүгээр араа нь дугуйнд их хүч дамжуулдаг болохоор дугуй хий эргэхийг ихэсгэж мэднэ. Хүндрүүлэгчдээ хийсэн бол 2-дугаар араанаас хөдөлж болно.
Элстэй замд хүрз, элс ухах, ивэх хэрэгсэл сайн найз чинь байх болно.
Дахин хэлэхэд хамгийн чухал нь урьдчилан сэргийлэх. АЮУЛГҮЙ БАЙДАЛ - энэ бол таны эрхэм үүрэг. Та БАРТААТ ЗАМЫН УРАЛДААНД оролцож, бусдад жолоодлогын ур чадвараа үзүүлэх зорилготой биш шүү дээ.
Эх сурвалж: Гийнгоо радио 100.5