ҮЗЭГДЭХ ОРЧИН ХЯЗГААРЛАГДСАН ҮЕД ЯАЖ ЖОЛООДОХ ВЭ?
Хэд хэдэн тохиолдолд үзэгдэх орчин хязгаарлагддаг. Ийм үед бид яах ч аргагүй байдалд ордог. Яг л мэдрэмждээ найдаж, азандаа итгэхээс өөр аргагүй болдог шүү дээ. Тэгвэл үзэгдэх орчин хязгаарлагдсан үед яах талаар Тожоо жолооч ингэж зөвлөж байна.
Нэгдүгээрт өгсүүр зам, огцом эргэлттэй тахир замд мөн үзэгдэх орчин хязгаарлагдана. Энэ үед хэзээ ч бүр хэзээ ч гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гэж оролдсоны хэрэггүй. Хөдөө орон нутагт гарч байгаа нийт зам тээврийн ослын 10-аад хувийг өгсүүр замд гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гэж оролдсоноос үүдсэн осол эзэлдэг.
Энэ үед цаанаас давж байгаа машин ч мөн таныг харахгүй байгаа учраас хоёр талаас хурдтай машин мөргөлдөх аюултай байдаг. Өгсүүр замыг дуусгаад уруудах үедээ гүйцэж түрүүлэхэд танаас хэдхэн минутын л гарзтай шүү дээ.
Дараагаар нь байгалийн онц үзэгдэл, цасан болон шороон шуурга, угалз зэрэгт үзэгдэх орчин мөн хязгаарлагдана. Энэ тохиолдолд зайлшгүй шаардлагатай бол та хурдаа хасаад, аваарын гэрэл манангийн гэрэл зэргээ асааж, тун болгоомжтой хөдөлгөөнөө үргэлжлүүлэх, болж өгвөл аваарын гэрлээ асааж зогсож хүлээх гэдэг шалгарсан аргыг хэрэглэхийг зөвлөж байна.
Өөдөөс ирж байгаа машины гэрлийн гялбаанд орсон тохиолдолд бас үзэгдэх орчин хязгаарлагдаж, баримжаа алдагддаг. Ийм үед хурдаа хасаж, өөдөөс ирж байгаа машины гэрэл рүү харахгүйгээр, баруун доошоо чиглэлтэй харж, замын цагаан шугамаар баримжаагаа авах хэрэгтэй.
За дараагаар нь машины хажуу шил урдах салхины шил хоёрын хоорондох БАГАНА мөн ҮЗЭГДЭХ ОРЧНЫГ ХЯЗГААРЛАДАГ.
Өөрөөр хэлбэл уулзвар гарцаар зүүн эсвэл баруун эргэхэд жолооны хүрдний байрлалаас шалтгаалж урд баганад нүд халхлагддаг шүү дээ.
Үүнээс болж явган зорчигчийг гэмтээх эсвэл замын бродюр шүргэх давах зэрэг эрсдэлтэй болохоор суудлаа зөв тааруулаад, эргэж байгаа талруугаа олон талаас харахыг хичээх хэрэгтэй. Мэдээж энэ үед өндөр хурд огтхон ч хэрэггүй шүү.
Эх сурвалж: Гийнгоо радио 100.5