ҮЛ ХАЙХАРЧ БОЛОХ КРОПНЫ 10 АСУУДАЛ

Жолооч нарыг кропны асуудал шиг ихээр бухимдуулдаг зүйл үгүй. Эдгээр нь сайндаа таныг тухгүй байлгаж, муудаа өндөр зардалд оруулдаг. Кропны асуудлаас зайлсхийх шилдэг арга нь зохистой үзлэг засвар боловч бодит байдал дээр та тээврийн хэрэгслээ урт хугацаанд ашиглаж байгаа эсвэл хуучин тээврийн хэрэгсэл худалдаж авсан бол эрт оройгүй ямар нэгэн кропны асуудал үүсдэг.

Кропны гэмтлийг засахгүй бол улам даамжрах нь гарцаагүй ба зарим гэмтлийг эрт үед нь дараах шинж тэмдгээр мэдэн механикаар шалгуулах боломжтой. Эдгээр шинжүүд нь:

  1. Хөдөлгүүрийн анхааруулах гэрэл асах: Энэ тэмдэг бол хамгийн эхний  ямар нэгэн гэмтэл үүссэн эсвэл үүсэх гэж буйг илтгэх тэмдэг юм. Таны машин дотор бүхэлд нь хэвийн бус үйл ажиллагааг мэдэрч тээврийн хэрэгслийн компьютерт мэдээлэх үүрэгтэй мэдрэгчүүд байрлуулсан бөгөөд кропон дээр мөн тодорхой тооны мэдрэгчүүд бий. Тэд таны мэдэрч чадахгүй өчүүхэн төдий чичирхийллийг ч мэдрэх чадвартай. Тиймээс хөдөлгүүрийн анхааруулах гэрлийг ойшоохгүй орхиж огт болохгүй шүү.
  2. Тачигнах, дүнгэнэх, чахрах чимээ: Кропны чимээг ялгаж сонсоход хэцүү ч ихэвчлэн чахрах, хүнгэнэх, дүнгэнэх, тачигнаж сонсогддог. Хэрэв та өмнө сонсож байгаагүй ямар нэг чимээ сонссон бол шалгуулах нь хамгийн зөв юм.
  3. Чичгэнэх эсвэл хавирах: Таны машин чичгэнэх эсвэл хавирах чимээ гаргах ёсгүй. Тэдгээр нь бүгд арааны асуудал үүссэний илрэл. Механик кропны хувьд хамгийн түгээмэл аюулын дохио болдог зүйл нь араа шилжүүлэхэд хавирах чимээ гарах юм. Мөн энэ чимээ конс аваад араанд оруулсны дараа гарч байгаа бол энэ нь консны гэмтлийн шинж тэмдэг байж болно. Аль ч тохиолдолд та үүнийг шалгуулах хэрэгтэй.
  4. Нормаль дээр байх үеийн чимээ: Хэрвээ машин тань нормаль дээр байх үедээ тачигнах чимээ гаргаж байгаа бол кропны тос багассан эсвэл бохирдсон энгийн асуудал байж болно. Тосоо нэмж хийгээд ч нэмэргүй бол тос бохирдсон эсвэл кропны эд ангиуд гэмтсэн байж болно. Ихэвчлэн холхивч, ухрах араа эсвэл арааны шүднүүд байх магадлалтай
  5. Машин ээрэх: Хэрэв таны машин араа шилжүүлэх үед ээрч байгаа бол ихэвчлэн консны асуудал байдаг. Гэхдээ машины тань араа хялбар шилжихгүй байгааг анзаарсан бол мөн кропны асуудал байж болно.
  6. Кропны тос хэмжээ бага болсон эсвэл алдсан: Кропны тос гоожих нь кропонд асуудал үүссэний онцгой чухал тэмдэг бөгөөд хэзээ ч тоохгүй орхиж болохгүй. Хэрэв тос гоожсоор байвал кропонд засаж болохгүй хүнд гэмтэл учруулах аюултай. Та кропны тос алдаж байгааг өөрөө мэдэх боломжтой. Кроп зохистой ажиллаж байгаа үед кропны тос тод улаан, тунгалаг, нялуувтар үнэртэй. Хэрэв кропны тос бараан эсвэл түлэнхий үнэртэж байвал яаралтай механикаар шалгуулаарай.
  7. Араандаа орохгүй байх: Энэ нь мөн кропны тосны асуудал байх боломжтой. Тиймээс кропны тосоо зохих түвшинд байна уу шалга. Мөн консны холбогч, арааны кабел эсвэл компьютерт асуудал үүссэн байж болно.
  8. Түлэнхий үнэр: Хэрэв ямар нэгэн юм түлэгдэх үнэр үнэртвэл зайлшгүй тэр дор нь арга хэмжээ авах хэрэгтэй. Эхлээд гал гарахаас зайлсхийж дараа нь өөр бусад шалтгаан юу байна шалга. Түлэнхий үнэр гарах хамгийн түгээмэл шалтгааны нэг нь кропны тос хэт халах юм. Кропны тос шаар болон бохирдлоос болж халалт үүсдэг. Бохир тос таны кропны эд ангийг сэрүүн, тослог байдлыг хангаж чадахгүй харин бүр энэ бохир тостойгоо явбал эцэст нь кроп тань эвдэрч дуусна.
  9. Конс хүндрэх: Механик араатай машинд конс хүндэрч байгаа мэт санагддаг. Энэ нь конс гишгэх үед, консны диск эрчлүүр хүрдийг (flywheel, маховик) эргэлтээс салгаж чадаагүй учраас үүсэж байгаа юм. Консны диск нь мөн л эргэсээр араа солиход хэцүү болно. Энэ гэмтэл үүсэх үед давхар хавирах чимээ араа солиход үүсдэг.
  10. Араа мултрах: Кроп мэдээж арааг солих хүртэл (механик кропны хувьд) эсвэл компьютер (автомат кропны хувьд) таны өмнөөс хийх хүртэл нэг араан дээрээ байж байх ёстой. Гэвч механик кроптой машины араа таны оролцоогүйгээр шилжих буюу араанаас гарах, автомат машины хувьд араатай байхдаа автоматаар нормаль руу орох зэрэг илэрвэл нэн даруй машин засварчинд хандах хэрэгтэй. Энэ бол маш том таны аюулгүй байдлын асуудал юм. Учир нь аюултай нөхцөл байдалд орсон үед түүнээс гарахын тулд хааз өгөхөд хааз авахгүй бөгөөд үүний үр дагаварт осолд ч хүргэж болно. Энэ асуудал нь муудсан эсвэл эвдэрсэн арааны холбогч байх хандлагатай бөгөөд хэрэв ийм асуудал үүсвэл цагаа үрэлгүй шууд засуул. Өмнө дурдсан бүх асуудлын хувьд энэ асуудлаас бусад нь амь насанд төдий л аюултай биш юм.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.