ЖАНАМ БУЮУ ГЕНЕРАТОРЫН АЖИЛЛАГААГ ШАЛГАХ №87
Жанамын ажиллагааг шалгахаас өмнө аккумулятор хэвийн эсэхийг үзэх хэрэгтэй. Аккумулятор нь ойролцоогоор 3-5 жил ашиглагддаг. Хөдөлгүүр ажиллаагүй үед аккумулятор нь цахилгаан хэрэгслүүдийг тэжээлээр хангах үүрэгтэй. Хөдөлгүүр ажиллаж эхлэхэд жанам аккумуляторыг цэнэглэж байдаг юм. Нэг анхаарах зүйл бол хөдөлгүүр асаалттай байх үед аккумуляторыг салгахад оч хаяснаас болж зарим цахилгаан хэрэгсэл шатаж болзошгүй учир анхаарах хэрэгтэй.
1-р алхам
Аккумуляторын цэнэгийг шалгаж үзэх бөгөөд нэмэх ба хасах туйлуудыг тестерийн харгалзах үзүүрт холбон DC тохируулга дээр тавьж хэмжинэ. Ингэхэд 12.5-12.8 вольт зааж байх ёстой.
2-р алхам
Генератор нь хөдөлгүүрээс ременээр эргэлт авч ажилладаг бөгөөд генераторын ард үндсэн дамжуулах утас байдаг. Тэр утасны бэхэлгээ сул байвал доголдолтой ажиллах нэг шалтгаан болдог. Мөн ремений чангалгаа сулдсанаас генераторын ажиллагаа доголддог.
3-р алхам
Тестер ашиглан генераторын хүчдэлийг хэмжих хэрэгтэй. Хөдөлгүүрийг асаан бүрэн халсны дараа сул ажиллаж байх үед генератор 13.6-14.3 вольт хүчдэл гаргаж байх ёстой. Хэрэв заасан хэмжээнд биш бол солих хэрэгтэй болсон байна.
4-р алхам
Генераторын гүйдлийн хүч буюу амперыг шалгах хэрэгтэй. Хэдийгээр хүчдэл муу байсан ч ампер нь хэвийн зааж байх тохиолдол байдаг. Ийм тохиолдолд генератор биш харин аккумулятор муудаж байгаагийн шинж юм. Одоо хамгийн их амперыг шалгаж үзэх хэрэгтэй. Үүний тулд генераторын үзүүлэлтийг их бие дээрээс харна. Жишээ нь түүн дээр 90А гэж байвал хэмжилтээр ойролцоогоор 88А зааж байх ёстой юм. Шалгахдаа гэрэл, хөгжим, пар, суудал халаагч гээд бүхий л цахилгаан хэрэгслийг ажиллуулж хөдөлгүүрийн эргэлтийг 1200 эргэлт дээр тогтоон барьж тестерээр хэмжинэ.
Эх сурвалж: www.cardoctor.mn