ЭРЭМГИЙ ХАРЦАГЫН ЗҮРХ / HARRIER

Хөдөлгүүрийн оношилгоо засвараар 15 дахь жилдээ ажиллаж байгаа Мэргэшсэн инженер Б. Цэрэнтогтох

Harrier олон төрлийн хүчирхэг хөдөлгүүртэй. Анхны үеийн Harrier-ийг хоёр төрлийн хөдөлгүүртэй үйлдвэрлэж байв. 3л 1MZ-FE V6 бензин хөдөлгүүр нь 1996 онд шилдэг хөдөлгүүрээр шалгарч байсан. Цуваа 4 цилиндртэй 2.2л 5S-FE хөдөлгүүрт нударган голын датчикийг тахир голын датчикаар сольсон болохоор Harrier асаж, сул ажиллах үедээ дуу чимээ бага гаргадаг болсон. 

2003 оноос хоёрдугаар үеийн Harrier-т илүү хүчирхэг Toyota VVT-i Dual хэмээх орох гарах хавхлагын хийг автоматаар удирддаг системтэй, нударган голыг хий хуваарилах механизмын гинжээр эргүүлдэг онцлогтойгоор үйлдвэрлэсэн. 

Гурав дахь үеийн Harrier-т цуваа 4 цилиндртэй 2.0л 3ZR-FAE хөдөлгүүр, харин хайбрид Harrier-т цахилгаан мотортой цуг VVT-i системтэй, 2.5л 2AR-FXE хөдөлгүүр суурилуулсан. Үүний ачаар Harrier нэг литр шатахуунаар илүү олон км туулдаг болсон. 

2017 оноос хойш бензиний шууд цацалттай, VVT-iW системтэй 2.0л 8AR-FTS хөдөлгүүр Harrier-т нэмэгдсэн. Harrier-ийн бүх хөдөлгүүр бат бөх тул зөв арчилж, үйлчилгээг нь тогтмол хийвэл олон мянган бээрийг асуудалгүй туулах тэнхээтэй.

Гэхдээ анхаарах хэдэн зүйл бий:

  1. 1MZ-FE хөдөлгүүрийн катушка шатсанаас хөдөлгүүрийн ажиллагаа муудаж, хаазаа муу авч дүлгэнээд явж өгдөггүй. Тосоо солихгүй удсанаас хөдөлгүүр нагаартаж хоёр нударган голын VVT-I селеинойд гацдаг. Мөн Кnock мэдрэгч буюу детонаци мэдрэгч гэмтсэнээс Check Engine асаж 4-р араандаа орохоо больдог гэмтэй. 
  2. 1MZ-FE хөдөлгүүр бол шатахуун шуналтай идэж, тосыг торохгүй ууна. Хуучны хөдөлгүүр тул үүнд гайхах хэрэггүй ээ! Кольц, сальникийг нь сольж, холимгийн хаалт болон форсункаа тогтмол цэвэрлүүлээрэй. 
  3. 2000 оноос хойш Harrier-д суурилуулсан 2AZ-FE хөдөлгүүрийн нийтлэг гэмтэл нь гинж нь дуугарах, яндангийн мэдрэгч ажиллахгүй болох, катушка шатаж доголдох, бензин шүүр бөглөрөх, ремень чангалагч эвдрэх юм. Тиймээс жилдээ нэг удаа холимгийн хаалтаа цэвэрлүүлж тосоо 5,000 км тутамд тогтмол сольж хэвшээрэй. 
  4. 2.4-тэй AZ хөдөлгүүрт улих дуу сонсогдох нь динам муудсаныг илтгэдэг. Тиймээс эртхэн оношуулж солих нь аккумуляторын насжилтыг уртасгана. 
  5. 2GR-FE хөдөлгүүрт тос гоожих үзэгдэл хаяа тохионо. Энэ нь VVTi системийн тосны хоолойн металл-резин бүтэцтэй холбоотой. Үүнийг эртхэн дан төмөр хоолойгоор солиулах нь зөв. Мөн асаах үед хөдөлгүүрээс дүнгэнэх, тэсрэх чимээ гарах нь GR хөдөлгүүрийн онцлог хэдий ч VVTi системийн муфтуудыг сольчихвол энэ дуу гарахаа больдог.  
  6. 2GR-FE хөдөлгүүрийн усны помпны шарик элэгдсэнээс хөргөлтийн шингэн гоожих эрсдэлтэй. Тиймээс өвлийн үйлчилгээ хийлгэхдээ тосол антифриз алдаж байгаа эсэхийг заавал шалгуулаарай. 
  7. Сайн чанарын, октан өндөртэй бензин хийж хэвшинэ үү. Бага октантай бензиний улмаас хөдөлгүүрийн шатах хөндийд хангалттай тэсрэлт үүсэхгүй, свечэ ачаалалтай ажилласнаас болж катушка шатдаг. Мөн свечэний утас муудаж свечэны гадуур тог хаяж эхэлнэ. Аль ч тохиолдолд шатахуун зарцуулга ихсэж, хааз авалт муудаж, хөдөлгүүр чичирчдэг. 
  8. 5S-FE хөдөлгүүрийн свечэ, свечэний утас муудсанаас хаазлах үед пижигнэх дуу гардаг. Зарим тохиолдолд компьютер оношилгоогоор дээрх гэмтэл илэрдэггүй. Тиймээс үйлдвэрлэгчийн заасан OEM кодынх нь дагуу зөв свечэ сонгож жилд нэг удаа шалгуулж байхыг зөвлөе.