ЛАНДКРУЙЗЕР ЭЗЭМШИГЧДИЙН КЛУБ ТББ
Эрхэм уншигчийн амгаланг эрье.
Анх олны ярьдгаар Ланд клубынхэн маань 2014 оны шинэ жилээр хүүхдүүдэд бэлэг тарааж байсан нь клуб болон нэгдэх эхлэл нь байжээ. Түүнээс хойш олон олон аялал, арга хэмжээг гишүүдийнхээ дунд зохион байгуулсан бөгөөд 2015 онд “Ландкруйзер эзэмшигчдийн клуб” нэртэйгээр албан ёсоор Гишүүдэд үйлчлэх Төрийн бус байгууллага болон үйл ажиллагаагаа өргөжүүлсэн юм.
Өдгөө манай клуб нь авто аялал болон хэт бартаат замын авто спорт сонирхогч залуусын нэгдэл болж олон нэрт аялагчид, шилдэг гэрэл зурагчид, мэргэжлийн тамирчдыг эгнээндээ нэгтгэсэн, олон нийтэд танигдсан халуун дулаан уур амьсгалтай нэгэн том гэр бүл - хамт олон болжээ. Клуб маань жил бүр татвар хураамж төлдөг 100 гаруй жинхэнэ гишүүдтэй төдийгүй ФБ группт маань нэгдэн нийлж олон нийтэд нээлттэй арга хэмжээнд оролцдог 23 мянган дэмжигч гишүүдтэй болсон байна.
Хэдийгээр клубын маань үндсэн зорилго чиглэл нь авто аялал болон бартаат замын авто спорт хэдий ч хамт олон маань нийгэмд тустай арга хэмжээ, сайн үйлсийн аян зэргийг тогтмол өрнүүлсээр байна.
Анх нэгдэн нийлэхийн эхлэл болсон шинэ жилийн баяраар хүүхдүүдэд бэлэг тараах ажлаас эхлээд Батсүмбэр дахь Ахмадын асрамжийн газарт ахмад буурлуудаа хүндэтгэн баярлуулах өдөрлөг, Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29 дүгээр тусгай дунд сургуулийн сурагчдыг баярлуулах өдөрлөг, Хүндийг өргөлтийн Дэлхийн аварга тамирчин М.Анхцэцэгт туслах аян, Нийслэлийн ТҮК ажилчдад 60+ тонн нүүрс хандивлах аян, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбооны эвдэрсэн машиныг засуулж өгөх зэргээс гадна тусламж дэмжлэг шаардлагатай байгаа клубын гишүүддээ туслах зэргээр сайн үйлс түгээхийг эрхэмлэж явдаг билээ.
Эдгээр хувь хүмүүс болон нийгмийн зорилтот бүлэгт чиглэсэн сайн үйлсийн аянуудаас гадна нийгэмд тустай үйл хэргүүд болох 2015 оны их цасан шуурганаар Нийслэлийн орон нутгийн чиглэлийн бүх зам даваа цасанд боогдсон эхний оройноос эхлэн манай клубын залуус нэгдэн нийлж хоёр ээлжээр аврах баг зохион байгуулж онц хүнд байдалтай байсан баруун болон урагш чиглэлийн зам даваанд боогдсон 32 машин 75 хүнийг авран гаргасан нь тухайн үед олон нийтээс ихээхэн талархал хүлээж Онцгой байдлын алба албан ёсоор хамтран ажиллахаас гадна бусад оффроуд клубууд ихэд дэмжин бусдыгаа уриалан нэгдэн нийлж байсан нь сэтгэлд тодхон үлджээ.
Байгаль цаг уурын давагдашгүй хүнд нөхцөлд манай клубын залуус Онцгой байдлын албанд хүчээ өгөхөд үргэлж бэлэн байдаг бөгөөд 2017 онд Богд уулын оройд 5 га газар хамарсан түймрийг унтраахаар сар гаруй явганаар ус зөөн ажиллаж байсан бэрх үед уулын модонд зам гарган түймрийн голомтод гал унтраах усыг нь 2 тонн усны чиргүүлээр чирэн дараалан хүргэж өгснөөр усны хүрэлцээгүй байдлаас болоод удаан хугацаанд шатсан түймрийг хэдхэн өдрийн дотор унтраасан бахархалт үйл явдал олон нийтийн сүлжээгээр болон тв, мэдээллийн сайтуудаар гарч байлаа.
Дашрамд дурдахад манай клубын залуус маань Онцгой Байдлын Ерөнхий Газрын Аврах тусгай ангийн хамт олны зохион байгуулсан Аврах ажиллагааны олон талт анхан шатны мэдлэг олгох сургалтанд сууж батламж авсан билээ.
Оффроуд суурилсан авто аялалд сонирхолтой гишүүд маань жил тойрон Монгол орныхоо байгалийн үзэсгэлэн цогцолсон газар орнуудад аялж, байгалийн сайхныг бусдадаа толилуулж, байгальдаа хоргүй, хоггүй, ээлтэй аялахыг уриалга болгодог эрхэм гишүүд маань тогтмол нэгдсэн аялал зохион байгуулдаг бөгөөд Эх орныхоо захын дөрвөн цэгт очих цуврал аялал маань бидний нэрийн хуудас юм.
Жилийн дөрвөн улиралд эх орноо тойрон аялж байдаг гишүүд маань зуны аяллын улиралд орон нутгийн зам дээр олноор гардаг аваар ослоос сэргийлэх, зөв соёлтой хөдөлгөөнд оролцох талаар Цагдаагийн Ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран нийт жолооч зорчигчдод уриалан сурталчилдаг уламжлалт аянд оролцоод цөөнгүй жилийн нүүрийг үзжээ.
Гишүүд маань уг аяны хүрээнд орон нутагт аялж зорчих үедээ бусад жолооч зорчигч нартаа үлгэр дуурайлал үзүүлэн, аюул осолгүй анхаарал болгоомжтой зорчихыг сануулан уриалж байдаг бөгөөд жолооч нар маань уриалгахан дэмжиж талархалтай хүлээж авч байдаг нь бахархууштай.
Жолооч та бүхэн маань ч аян замдаа анхаарал болгоомжтой зорчиж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, тусламж хэрэгтэй бүхэнд боломжынхоо хэрээр туслаж байхыг хүсье.
АЛТАН ШАР ЗАМ НЬ ӨЛЗИЙТЭЙ БАЙХ БОЛТУГАЙ!
Эх сурвалж: Доктор Авто Сүлжээгээс эрхлэн гаргасан Ланд Круйзер сэтгүүлээс