МОНГОЛЫН НӨХЦӨЛД ТОХИРСОН ЛАНД 80
Тэртээ 70, 80-аад онд жийп автомашин нь тодорхой хэрэгцээтэй хүмүүсийн унадаг унаа байжээ. Тэгээд ч жийпний нэр төрөл цөөн, сонголт багатай байсан ба тодорхой хэдэн үйлдвэрлэгч нар л жинхэнэ жийп хийж чаддаг байсан юм.
Гэхдээ тэдгээр нь иргэний зориулалттай гэхээсээ илүү тусгай хэрэгцээнд гэсэн үзэл баримтлал дээр тулгуурладаг байсан. Ландкруйзер 60 загварын хоёр дахь шинэчлэлт нь илүү нийтэд зориулсан тохь тухыг бодолцох тухай салхийг хагалсан загвар байв.
- Жинхэнэ утгаар нь том жийп ч гэсэн тохь тухтай байж болдог юм гэж харуулсан загвар бол Ландкруйзер 80, Мицубиши Пажеро, Тоёота 4 Раннер, хамгийн анхны жийпэнцэр Тоёота RAV4 нар. Тэр үед бусад Ландровер, Мерседес-Бенц G-класс, хойд хөршийн УАЗ-469 зөвхөн туулах чадвар л сайн байвал болно гэдэг үзлээсээ салаагүй байсан юм.
Жийпний алтан үе бол яах аргагүй 90-ээд он. Энэ үед л жийп гэдгийг тоноглож бас өндөрлөж, янз бүр болгох бүхий л боломжуудыг нээж элдэв тоноглол хийдэг компаниуд борооны дараах мөөг шиг олширсон билээ. Дэлхийн эдийн засаг ч элдэв хямрал нүүрлээгүй сайхан байж дээ.
Энэ үед хамгийн олон жийп зарагдаж, жийп хэрэглэгч гэсэн бүхэл бүтэн давхаргыг бий болгосон. Үүний хамгийн гол төлөөлөгч бол яах аргагүй Ландкруйзер 80. Түүний дараахнаас ухаан орсон мэт бусад нь дагаж үзэл баримтлалаа өөрчлөн хуйларсан ч, нийтийг байлдан дагуулсан нь цөөн.
Ингээд 80-ийнхаа талаар сонирхоцгооё. Анх гарахдаа 4.2 литрийн дизель, 4.0 литрийн бензин хөдөлгүүртэй гарч байсан ба бензин нь карбюратортай болон инжектортой гэсэн 2 янз байсан юм. 1993 оноос бензин хөдөлгүүр нь 4.5 литрийн 1FZ-FE болон томорчээ.
Дизель хөдөлгүүрүүд энгийн болон турботой гэсэн 2 янз байсан ба 1995 оноос шууд цацалттай 24 клапантай HD-FTE дизель хөдөлгүүртэй болжээ. Хамгийн найдвартай хөдөлгүүр нь бензин хөдөлгүүр бөгөөд дизель нь жаахан үйлчилгээ шаардана. Манай монголчууд дизель хөдөлгүүртэйг нь их сонирхдог бөгөөд үнэ нь ч өндөр байдаг. Үнэнийг хэлэхэд хөдөө явахад бензин дизель хоёрын аль зүгээр вэ гэж асуудаг.
Үүнийг олон талаас нь бодож үзэх хэрэгтэй юм. Бензин хөдөлгүүр нь духны гинжтэй болохоор тасарч унаад зогсоно гэж байхгүй. Өвлийн хүйтэнд ч бээрээд унтрахгүй, асахдаа сайн, хаа ч сум дээр очсон мотоциклийн бензин олдож л таараа. Арай жаахан их залгих нь үнэн. Гэхдээ найдвартай. Эвдэрлээ гэхэд бензин насос, релей нь л эвдэрнэ. Өөр эвдрэх юм үнэндээ байхгүй. За очлуур нь дуусаж магад тэр бол угаасаа ямарч машинд сольдог зүйл.
Дизель хөдөлгүүр арай бага иднээ, тэр үнэн. Гэхдээ арчилгаа ихтэй бөгөөд түлшний чанар, бохирдлоос болж түлшний аппаратур нь эвдрэх нь бий. Өвөл бол хол яваад хэрэггүй байхаа. Засвар болон сэлбэг нь хэдэн саяар л ярина шүү дээ. Нөгөө талаар хөдөөнийхөн дизель гээд байдаг нь уурхайн хүнд даацын машинуудаас хямд түлш авдаг болохоор л тэр шүү дээ. За тэгээд уурхайгаас хол суманд бол дизель түлш ховор. Ийм л ялгаа байдаг даа.
24 клапантай дизель хөдөлгүүр (1995-)
Урд тэнхлэгийг өндөрсгөж сайжруулсан байдал
Хойд тэнхлэгийг өндөрсгөж сайжруулсан байдал
Хурдны хайрцаг нь 4 шатлалтай автомат болон, 5 араатай механик гэсэн 2 янз. Хойд урдаа тэнцүүлэгчтэй хамаарах чулакан тэнхлэг, төвийн дифференциал цоожлогч нь хээрийн зам, засмал замд ч торохооргүй. Дэржигнүүртэй замд гарт чичиргээ мэргэдэхгүй учраас тэр чигт нь л гишгэчихэд болно. Рулийн тяг нь хойноо болон урдаа хос учраас найдвартай. Харин хойд урд дифференциал цоожлогчийг захиалгаар тавьдаг.
Мөн эргүүлэгэн татагч буюу лебёдкийг захиалгаар хийлгэж болно. Оффроад тоноглол хийх бүх нөхцөлийг хангасан. Үл хамаарах гартай тэнхлэгтэй жийпийг өндөрлөсөн ч суваг шуудууг ташуу гатлах үед дугуй хөндийрч зүүгдээд байдаг бол 80-д өндөр пүрш урт явалттай амортизатор хийсэн үед суваг шуудуу ховил гатлахад дугуй газраас хөндийрэх нь барагтай үгүй.
Энэ бол чухал үзүүлэлт. Манай засварчдын яриагаар бол цахилгааны утсууд нь илүү бүдүүн найдвартай ачаалал даадаг, тэр болгон гэмтэл гардаггүй гэдэг. Тэгээд их хэмнээд байдаггүй эдийн засгийн хямралгүй үед бүтээгдсэн болохоор урд ган гупер, илгэн суудал, өргөн хөмсөг, хажуу кант гээд нарийн ширийн олон деталь эд ангиудыг хайр найргүй олныг хийсэн юм. Одоо бол аль болох нарийсгах, хялбарчлах, хуванцар болгодог болжээ.
Салоны хувьд 2 янз ба анх гарснаас хойш 95 он хүртэл том дугуй хянах самбартай байсан бөгөөд хөгжим сольж тавихад нилээд хэцүү хийцтэй мэргэжлийн сурсан хүнээр хийлгэхгүй бол нүүр нь хугарчихмаар.
Харин 95 оноос 80 нь Lexus 450 брэндээр хамтдаа гарах болсноор хянах самбарыг тэс өөр болгож хийцийг сайжруулж, аюулгүйн дэр тавьж өгсөн.
Мөн салоны хулдаасан артай даавуун доторлогоог нь шинэчилж хэвлэмэл тааз, баганын хуванцар хаалтаар сольсон. Шинэ тааз нь бөөстөх гээд байдаг. Мөн энэ шинэчлэлээр хөргөгч хийгдэхээ больсон. Урд талын нүүр, гупер ч өөр болсон.
Суудлын толгойн түшлэг нь өргөн боловч дэндүү намхан, руль нь мөн дэндүү нарийхан ба рулийн бүрээс хийж байж л барьцтай болно. Өвлийн улиралд шил нь хаагдахдаа маш удаан зуураад байдаг бодвол материалын сонголт буруу болсон уу эсвэл хэт нарийн зам хийсэн үү хоёрын нэг.
Бараг 100-гийнхийг аваад хийчих хэрэгтэй байх. 3-р эгнээний суудлыг босгоод татуургаар нь чангалсан ч шороон замд сулраад дуугараад байдаг нэг зовлон бий. Хөдөө явах бол бүүр авчихсан нь дээр. Шаварт суусан үед бол ухрахдаа анхаарах хэрэгтэй учир нь шаврын хаалт нь дугуйн эргэлтэнд татагдаад хөмсгөө хуу татаад хаячихна. За нэг иймэрхүү дутагдлууд бий. Гэхдээ бартаат замдаа бол манайдаа л манлай хэвээрээ шүү. Жинхэнэ аялал, оффроад сонирхдог бол цуглуулгандаа байлгахад илүүдэхгүй.
Тэгээд 80 бөх гээд навсайтал нь давхих хэрэггүй болов уу. Ямар 69 биш дээ. Одоо ч гэсэн оруулж ирсээр л байгаа. Дуусан дуустал орж ирэх байхдаа. Түүний орыг 105 л залгах байх гэхдээ дэлхий даяар бол ховор болохоор олдоно гэдэгт найдах хэрэггүй болов уу. Ахиад монголын нөхцөлд таарч тохирох жийп бараг л гарахгүй болов уу. Харин бид тиймээс замаа сайжруулах л үлдээд байх шиг байна. Nissan Patrol аль хэдийн оффроадаас татгалзаж байгаагаа бараг харуулчлаа.
Эх сурвалж: Автомашин сонирхогч Р.Энхболд