ЕСДҮГЭЭР САРЫН 1-НД АВТОМАШИНЫ УЛСЫН ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧИЛНЭ

Маргааш/2020.09.01/ хичээлийн шинэ эхлэх ч автомашины улсын дугаарын хязгаарлалт хэвийн үйлчилнэ. Мягмар гарагт 2, 7-оор төгссөн тээврийн хэрэгсэл хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж буй үед эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч та хүүхдийг хараа хяналтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг сургууль болон цэцэрлэгийн урдуур гарахдаа хурдаа сааруулахыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө. 

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7 дахь хэсэгт “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй” гэж заасан байдаг. 

Хэрэв үүргээ биелүүлээгүйн улмаас замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 54.6 дахь хэсэгт заасны дагуу эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулдаг байна.