ӨВӨЛ ХӨЛДДӨГГҮЙ ТОС
Тосны ангилал, шинж чанар, шошго дээрх тэмдэглээ, өвөл зуны тосны ялгааны талаар.
Хүйтрээд эхэлмэгц хөдөлгүүрийн царцаж өтгөрсөн зуны тос нь тахир голыг эргүүлж чадахгүйгээс болоод машин асдаггүй зовлон бий. Энэ нь хөдөлгүүрийн тосноос үүдэлтэй болохоос биш хөдөлгүүрийн төрөлтэй (бензин, дизель) огт хамаагүй. Тиймээс хахир өвлийн турш энэ асуудалтай нүүр тулахгүйн тулд зөв тосоо эртнээс сонгож хийх нь нэн чухал юм.
API ангилал
Хөдөлгүүрийн тосны чанарын стандартыг Америкийн Газрын Тосны Хүрээлэн (American Petroleum Institute, API)-ээс автомашин болон томоохон тос үйлдвэрлэгчидтэй хамтран боловсруулдаг байна. Үүнд, тосны чанарын зэрэглэлийг бензин хөдөлгүүрт SN, SM зэрэг S-р үсгээр (Бензин хөдөлгүүрт суудлын автомашин), харин дизель хөдөлгүүрт CI-4, CJ-4 зэрэг С-р үсгээр (Дизель хөдөлгүүрт автомашинд) илэрхийлдэг юм. А-N хүртэлх хоёр дахь үсэг ашиглалтын онцлогийн түвшнийг заана. Хэрэв үсгүүд бутархай тоо шиг “/” тэмдэглэгээтэй байвал уг тосыг бензин, дизель хөдөлгүүрт ялгаагүй хэрэглэнэ гэсэн үг.
Тосны API ангилал нь сүүлийн үеийн байх тусам тухайн тосны чанар сайжирч, автомашины хөдөлгүүрийг илүү хамгаалах болно. Өөрөөр хэлбэл, цагаан толгойн дарааллаар эхний үсэг нь арын үсгээсээ холдох тусам тосны чанар төдий чинээ сайжирна. Өнөөдөр тосны хамгийн өндөр зэрэглэл нь SN/СF байна. Энэ тосыг ямар ч хөдөлгүүрт шууд хэрэглэх боломжтой.
Зууралданги чанар
Тос зууралданги байх тусам үрэлтийн явцад үүсэх зузаан хальс нь хөдөлгүүрийн эд ангийг хооронд нь үрэлдэхээс хамгаалдаг юм. Гэхдээ зөвхөн элэгдэл гэлтгүй хөдөлгүүрийн хүчин чадал, тос зарцуулга, эд ангийн халалт болон хөдөлгүүрийн найдвартай ажиллагаа, тэр дундаа шатахуун зарцуулга зэргийг харгалзахгүй бол хэт өтгөн тос нь хөдөлгүүрийн бүх хэсэгт хүрч хамгаалж чадахгүй. Нөгөө талаар тосны зууралдлага нь температураас хамааран өөрчлөгддөг бөгөөд халуун байх тусам шингэрч зууралдлага нь багасдаг.
АНУ-ын авто инженерүүдийн нийгэмлэгээс тосны зууралдлагын зэргийг 2 тоогоор илэрхийлэх стандарт гаргасан. Эхний тоо буюу W үсгийн (W нь winter буюу өвөл) өмнө байрлах нь өвлийн зууралдлага буюу хасах хэм дахь зууралдах чанарыг илтгэнэ. 0w нь хүйтэнд 5w тосноос илүү шингэн бол, 10w нь хүйтэнд 5w тосноос ч илүү өтгөн буюу зууралдлага ихтэй гэсэн үг. Энэ тоо бага байх тусам хүйтэнд илүү тэсвэртэй.
W үсгийн ард байрлах тоо нь тухайн тосны 100 хэмд хэр өтгөнийг заана. Жишээ нь 5w-30 тос нь 100 хэмд 5w-20 тосноос илүү өтгөн байна. Нэмэх хэмийн зууралдах чанарыг илтгэх уг тоо нь өсөх тусам хөдөлгүүрийн элэгдэл багасгах ч шатахуун зарцуулга ихэсгэдэг юм.
Тос сонгохдоо
Аливаа хөдөлгүүрт таарч тохирох тосыг автомашин үйлдвэрлэгчийн гарын авлагад заасан байдаг. Үүгээр тухайн хөдөлгүүрийн эд анги хоорондоо хэрхэн зайтай зэргээс харгалзан ямар зэргийн тос тохирохыг нарийн заасан байгаа. Ерөнхийдөө орчин үеийн хайбрид автомашинд илүү шингэн тос хийх болсон. Хэрэглээний явцын дунд элэгдэлд орох эд ангийн хооронд зай ихэсдэг тул гарын авлагад санал болгосноос илүү өтгөн тос хэрэглэх шаардлага гардаг.
Хөдөлгүүр, эдэлгээнээс хамаараад зарим үйлдвэрлэгч өөр өөр тос хийхийг зөвлөдөг. Тухайлбал, эд ангийг сайтар тослохыг хүсвэл 5W‑40 эсвэл 0W‑40 таарна. Шатахуун хэмнэмээр байвал 5W‑30 эсвэл 0W‑30 сонгоно. Өвөлдөө нэлээн хүйтэрдэг бол SAE 0W‑30 эсвэл 0W‑40 зөв сонголт болно. Тэгэхээс биш ийм үед шингэн SAE хийгээд байвал мэдээж хөдөлгүүрт сөргөөр нөлөөлнө.
Өвөл зуны ялгаа
Зуны тосны зуурамтгай чанар өндөр учир хөдөлгүүрийн бүх эд ангийг найдвартай тосолдог хэрнээ агаарын хэм 0°C-аас буумагц хүйтэн хөдөлгүүрийг асааж чадахаа байчихдаг.
Өвлийн тосны зуурамтгай чанар бага тул өвөл хөлдөнө гэсэн ойлголт байхгүй. Тиймдээ ч өвлийн тос гэсэн нэршилтэй юм. Уг тосны онцлог нь хүйтэнд асаалтыг хялбар болгодог боловч зуны улиралд хэт шингэрсний улмаас хөдөлгүүрийн эд ангийг элэгдэл, үрэлтээс бүрэн хамгаалдаггүй.
Бүх улирлын тос нь бага температурт зуурамтгай чанараараа өвлийнх шиг өндөр хэмд зуны шинж чанарыг агуулсан тосыг хэлнэ. Тусгай нэмэлт хольц нэмснээрээ хүйтэнд царцдаггүй, халуунд хэт шингэрдэггүй чанарыг бий болгосон онцлогтой.
Өвлийн тосыг солих хугацаа
Зарим нь хотын нөхцөлд өвөл тос бага халдаг тул цөөн солихыг зөвлөдөг. Энэ нь маш буруу юм. Температур бол хөдөлгүүрийн тосны эдэлгээнд нөлөөлдөг зөвхөн ганц хүчин зүйл. Хөдөлгүүрийн температур улирлаас хамааралгүйгээр тогтмол байдаг. Харин өвөл машинаа цөөхөн ашигладаг, дээр нь түгжрэлд удаан зогсдог бол тосыг тэр тусмаа ойрхон, товлосон хугацаанаас өмнө солих хэрэгтэй. Учир нь өвөл ингэж ашигласан автомашины тосолгооны системд чийг, дутуу шатсан түлш шатахуун, үүнээс улбаалсан хог шаар илүү хуримтлагддаг.
Эх сурвалж: @CARDOCTORMN