АЯЛЖ ЯВААД МАЛ ДАЙРЧИХВАЛ ЯАХ ВЭ?

Замын цагдаагийн газрын ОНХА-ны дарга асан, хурандаа С.Энхтөр фейсбүүк дэх Paparazzi traffic группийн зарим гишүүдийн асуултад дараах байдлаар хариулжээ. Энэ хариулт нь хөдөө орон нутгийн зорьж байгаа жолооч нарт хэрэгтэй болов уу хэмээн орууллаа.

Асуулт: Хөдөө явж байгаад айлын мал дайрсан тохиолдолд /хар зам дээр мал гэсэн тэмдэг, тэмдэглэгээ байхгүй/ малчин буруутах уу, жолооч буруутах уу ...  Жолооч дүрмээрээ явж байхад “мал” гэсэн тэмдэглэгээгүй газраар шөнө өдөр хамаагүй гэнэт мал гарч ирж дайруулсан тохиолдол малчин буруутдаг гэж сонссон. Энэ талаар нарийн мэдээлэл өгөөч?

Хариулт: За би энэ асуултад хариулъя. Нэгдүгээрт: ЗХД-ийн 1.21 буюу анхааруулах тэмдэг нь "Мал тууж гарах газар"-ыг жолооч нарт анхааруулсан тэмдэг юм. Уг нь энэ хэсгээр мал тууж гарах магадлалтай, анхаар гэсэн үг. Гэхдээ Монгол ахуй гэдэг юм уу амьдрал дээр харахад энэ тэмдэгийн дагуу гэдэг ч юм уу, эсвэл хаа сайгүй нутагладаг монголчуудын хувьд малаа хаагуур ч тууж гарч мэднэ.

Хоёрдугаарт: ЗХД-ийн 23.7 дугаар зүйлийг нэг хараадхаарай. Энд малыг засмал замруу 50 метрээс дотогш оруулахыг хориглосон заалт байгаа. Бас л амьдрал дээр хэрэгжих боломжгүй гэмээр заалт байгаад байдаг. Мөн энэ зүйлд зам хөндлөн гаргахдаа аль болох түргэн тууж гаргана, жолооч зам тавьж өгнө гэсэн байгаа. Тэгэхээр тэмдэг харгалзахгүй жолооч зогсож өнгөрөөнө гэсэн үг болж байна.

Зиаг тэгээд үүнээс үүдээд ямар дүгнэлт хийж болох вэ? Хэрэв малчин малаа туугаад засмал зам хөндлөн гарч байхад малыг нь дайрах юм бол жолооч буруутна. Харин засмал замгүй, шороон зам дээр бол мэдээж жолооч аюул саад бий болсныг мэдсэн үедээ зогсоох арга хэмжээ авна гэдэг заалтаа дагах хэрэг гарна. /шороон зам дээр яах вэ? гэдэг нь дүрэмд байхгүй/. Мөн хариулгагүй /эзэнгүй/ мал засмал зам дээр дайрагдах юм бол жолооч буруутахгүй байхаар дүрэмд бичигдсэн байдаг ба дүрэмд  малыг хариулах, туух тухай заасан байдаг.

Хэрэг бүртгэлд, мөрдөн байцаалтын практик дээрээс харахад хариулгагүй, эзэнгүй бэлчиж байгаад зам дээр дайрагдсан ихэнх тохиолдолд жолооч хохирлыг барагдуулж байгаа байдал ажиглагддаг. Энэ нь нэг талдаа буруу юм. Гэхдээ монгол хүн малаа дээдэлдэг жам ёсны уламжлалаа дагаад монгол жолооч нар төдийлөн зарга хийгээд байдаггүй. Харин бодит үнэнийг хэлэхэд малчид үүнд бага зэрэг даварч гэхүүдээ адуу дайрагдсан бол хурдан удмын, үнээ дайрагдсан бол их сүүтэй саалийн үнээ байсан гэх мэтээр илүү их төлбөр нэхэх хандлага цөөнгүй ажиглагддаг.

Монгол хүн байна даа жолооч нар минь адуу малаа бэлчиж байхад аятайхан хажуугаар нь сигналдаж орилуулаад, дайрч шүргээд байлгүй гарчхаж байгаарай л гэмээр байна.