МЯНГАНЫ ЗАМААР БАРУУН ЗҮГ АЯЛАХУЙ №158

Мянганы замаар Нийслэлээс баруун зүг аялахад 130 км яваад Төв аймгийн Лүн сумын төвийг дайрна. Лүнгээс цааш Хархорин чиглэлийн замаас салж Хангайн давааг давж 61 км яваад Булган аймгийн Баяннуур сумын төв, цааш 30 км явж, мөн аймгийн Дашинчлэн сумын төвөөр дайрч, цааш Харбухын голын төмөр бетон гүүрээр гарна.

Эндээс Булган аймгийн төв орох зам салаална ( 4 жилийн өмнөх мэдээлэл тул замын байдал сайжирсан гэдгийг анхаараарай. Шинэ замын мэдээлэлтэй энд дарж танилцаарай)

Бүрэгхангай сумын төвөөр дайрч, Булган ороход шороон замтай, Булган аймгийн Гурванбулаг сумын нутаг, Архангай аймгийн Өгийнуур сумын нутгаар асфальтан замаар явж, Орхон голын хөндий хүрнэ. Энэ хооронд сумын төв суурин газар байхгүй. Орхоны хөндий хүрээд Улаанбаатараас 238 км-т хар зам тасарна, Баруун зүгт цааш мянганы зам тавигдаагүй болно.

Энэ хүртэл ойролцоогоор 4 цаг давхина. Лүн, Баяннуур, Дашинчилэн сумын төвүүдэд шатахуун түгээх станц (ШТС) бий. Хар замын төгсгөл хүрэлгүй 235-р километр орчмоос урагш эргэж, уул даван 18 км орчим яваад Өгий нуурын зүүн хойд ба зүүн эргийн дагуу жуулчны олон баазууд бий.

Нуурын эргийн дагуу гэр буудалд байрлаж болно, майхан бариад нуурын эрэг дээр амрах боломжтой. Өгий нуураас чанх урд зүгт Хархорин чиглэлд шороон замаар явж, асфальтан зам дээр гарч 10км яваад Цайдам хүрнэ.

Энд Орхоны хөндийд манай эриний VI-VIII-р зуунд амьдарч байсан Түрэгийн Билэг хааны хөшөө, музей бий. Энэ музейг Хархорин хүртэлх Билэг хааны 45 км замын хамт Турк улсын засгийн газрын хөрөнгөөр барьсан болно. Музей үзэхэд хүн бүр 1000 төгрөг. Музейд тайлбарлагч, Орхоны хөндийгөөс олдсон Түрэгийн хөшөө, дурсгалын тухай тайлбарлана. Эндээс Билэг хааны замаар 22 минут явж, Хархорин орно.

Өгийнүүраас Хархорин хүртэл 82 км зайтай. Хархориноос Орхон голын төмөр бетон гүүрээр гарч, Архангай аймгийн Хотонт сумын төв, Цэнхэр сумын төвийг дайрч, Урд Тамирын голын төмөр бетон гүүрээр гарч, Архангай аймгийн төв Цэцэрлэг орно. Хархорин-Цэцэрлэгийн хооронд 117 км зайтай. Энэ хооронд ихэнх хэсэгт асфальтан замтай, зарим хэсгийг барьж байгаа, 2012 он гэхэд Хархорин-Цэцэрлэгийн хооронд хатуу хучилттай замтай болно. Одоогоор 2 цаг явна.

Цэцэрлэгээс цааш алдарт Цагаан давааг давна. Давааны өврөөс ар хүртэл 6км, засаж сайжруулсан шороон замтай.
Давааны арын гүүрнээс 20-оод км асфальтан замаар явж, Хойд Тамирын төмөр бетон гүүрээр гарч Архангай аймгийн Их Тамир сумын төв хүрнэ. Сумын төв хүрэлгүй, баруун гар тийш эргэж 2,3 км яваад Тайхар чулуун дээр очно.

Тайхар чулууны орчим жуулчдын бааз бий. Хойд Тамирын голын хөндийд майхан бариад амарч болно. Гол нь хог хаягдал хаяхгүй байх хэрэгтэй. Их Тамир сумын төвөөс цааш Хоёр даваа, Хануйн голын гүүрээр гарч, алсаас өгсүүр Донгойн давааг давна. Цааш Чулуут голын төмөр бетон гүүрээр гарч, Зуунмод хүрнэ.

Зорчигчдын тахин шүтдэг Зуунмод шатсан байгаа нь харамсалтай. Тэр орчимд Чулуут голын гүн хавцлыг тольдож, амарч болно. Их тамираас Зуун мод хүртэл, ихэнх уртад асфальтан замтай, дутуу хэсгийг барьж дуусаж байгаа. 2012 он гэхэд Цэцэрлэгээс-Зуунмод хүртэл хар замаар давхих боломжтой.

Эндээс цааш шороон замаар 36 км явж, Тариат сумын төв хүрнэ. Сумын төвийн дэргэдэх Суман голын гүүрээр гарч, Хоргын дархан цаазат газрын нутаг дэвсгэрт орно. Гүүрэн дээр нэвтрэх төлбөр 1000 төгрөг. Галт уулын дэлбэрэлтээс үүссэн Хоргын тогоог үзнэ. Хоргын тогооны амсар дээрээс алдарт Тэрхийн цагаан нуурын зүүн хэсэг харагдана.

Тэрхийн цагаан нуурыг ганцаараа аялахад хамгийнterhiin_stagaan_nuur тохиромжтой дэлхийн шилдэг есөн газрын нэгээр CNN-ээс зарласан байдаг.

Энэ нуур 61 мянган метр квадрат талбайтай, урт нь арван зургаан км, өргөн нь 6-7 км, бас л том сайхан нуур. Цурхай, алгана зэрэг арваад төрлийн загастай.

Олон жижиг гол горхи цутгадаг, ганцхан Суман гол эх авдаг. Түүнээс гадна сөнөсөн галт уулын орд илэрсэн, галт уулыг дундуур нь зүсэж тогтсон зарим газраа долоо, найман метр гүн хавцалтай, Хоргын тогоо бүхий үзэсгэлэнт тогтоцтой байгалийн цогцолборт газар юм.

Цааш овоотой хөтлийг давж нуурын хойд эргээр явсаар Өнчин хад хүрнэ. Нуурын хойд эргээр 20-иод жуулчны бааз болон аялагчдыг хонуулах олон гэрүүд бий. Тайхар чулуунаас Тэрхийн цагаан нуурын Өнчин хад хүртэл 160 км, замдаа Зуун мод, Чулуут гол, Хоргын тогоог үзэж сонирхоод явахад 6 цаг орно.

Тэрхийн цагаан нуурын Өнчин хад орчмоос Цэцэрлэг хүртэл 175 км, зогсолтгүй явбал 4 цаг. Хархориноос Улаанбаатар хүртэл 375 км, Хархориноос Хужиртын зам салах хүртэл хуучин хатуу хучилттай зам нь маш их эвдэрсэн. Энэ хэсгийг туулахад бараг 1 цаг орно.

Хархориноос Улаанбаатар хүртэл 6 цаг явна. Эрдэнэсантын бүст уулын орчмоос Лүн хүртэл хар зам нийлээд эвдэрсэн, бусад хэсэг нь сайн байдалтай. Тэрхийн цагаан нуураас Улаанбаатар хүртэл, шатахуун цэнэглэхээс бусад шалтгаанаар зогсохгүй явахад 2011 оны 8-р сарын байдлаар 12 цаг болж байна.

Одоо барьж буй Хархориноос-Зуунмод хүртэлх хатуу хучилттай замууд бүрэн ашиглалтад орвол 2012 онд 10 цаг хүртэл богиносно. Мянганы замаар Тэрхийн цагаан нуур хүртэл аялахад замын байдал ийм байна. Эх орныхоо төв хэсгээр, байгалийн үзэсгэлэнт нутгаар аялцгаая!

2011 оны 8-р сар (И.Гончигзэвэг)