ТАНЫ ЗААВАЛ ЯВЖ ҮЗЭХ ЁСТОЙ ДЭЛХИЙН 20 ГАЙХАЛТАЙ ЗАМ (I ХЭСЭГ)
Өдөр бүр ажил гэрийн хооронд танил болсон замаар явж байна уу? Нөгөө л эргэлт, нөгөө л зам, нөгөө л барилгын хажуугаар явсаар дэлхий ертөнцөд өөр зам байдгүй юм шиг төсөөлсөөр сууна уу? Тэгвэл дэлхийн дахинд ямар гайхамшигтай үзэсгэлэнтэй замууд байдгийг харцгаая.
1.Highway 1, aka "Big Sur" АНУ, Калифорни муж
Энэ зам Калифорнийн эрэг дагуу байх бөгөөд Сан Симеоноос Кармел хүргэдэг. Хадан эргийн дагуу тавигдсан замаар зүүн тийш харахад Номхон далайн давлагаа цагааран хөөсрөхийг харах бөгөөд баруун талаар тань том том хаднууд жирэлзэн өнгөрөх болно.
2. Deals Gap, aka "Tail of The Dragon" АНУ, Теннеси муж
АНУ-ийн Теннеси мужид байх хамгийн олон эргэлт, мурийлттай зам. 17 км үргэлжлэх энэ замд нийт 318 эргэлт байдаг байх юм. Үргэлжилсэн модны дундуур тавигдсан замд ямар ч уулзвар байхгүй ч та хурд хэтрүүлэх боломжгүй юм. Учир нь энэ замд нэлээд их хурд сааруулагч байдаг. Энэ замд осолдсон мотоцикл, машины эд ангийг зам дагуу байрлах модонд өлгөсөн байдаг нь энэ зам ямар аюултайг сануулдаг.
3. “Nurburgring Nordschleife” Герман улс
Дэлхийн хамгийн алдартай уралдааны зам. 20 км урттай энэхүү асфальтан зам дээр та 24 еврогийн хураамж төлөөд уралдаангүй өдөр нь өөрийн машинаар хүссэнээрээ хурдлах боломжтой. Формула 1-ийн алдарт Jackie Stewart энэхүү уралдааны замыг “Ногоон там” гэж нэрлэж байжээ. Энэ замын 154 хүндхэн эргэлт ямар ч туршлагатай жолоочийг тэвдүүлэх нь гарцаагүй.
4. White Rim Trail АНУ, Юта муж
АНУ-н Canyonlands үндэсний цэцэрлэгт хүрээлэн дундуур 160 км үргэлжлэх зам эгц хадны зам. Тусгай тоноглосон, дөрвөн дугуй мааждаг машин л явахыг зөвшөөрдөг уг замаар явснаар эгц өндөр хадны ирмэгээр явж, гайхамшигт тогтоц бүхий хавцлыг харж нүдээ баясгаж, айдсыг мэдрэх болно. Гэхдээ энэ зам 160 км үргэлжлэх тул цэвэр усаа сайн нөөцлөөрэй ойр хавьд тань соёл иргэншлийн бараа харагдахгүй шүү.
5. “Ruta 40” Аргентин улс
Аргентин улсын тус зам нь дэлхийн хамгийн урт замд тооцогддог 4406 км үргэлжилдэг бөгөөд 20 гаруй тусгай хамгаалалттай байгалийн үзэсгэлэнт газруудаар дайрч өнгөрдөг байна. Хэрвээ чамд 4000 км замыг машинаар туулах цаг зав байхгүй гэвэл 4800 метр өндөр Ruta уулыг давж гарч болох юм.
6. “San Juan Skyway” АНУ, Колорадо муж
Энэхүү зам нь дуу алдам, үзэсгэлэнт уулын дээгүүр 379 км үргэлжилнэ. Хаагдсан уурхайнууд болон үе үе зам руу унах чулуунууд, суудлаа налтал эргэх эргэлтүүдээр дүүрэн. Дээр нь чөтгөрийг баярлуулах шиг нэг ч замын хаалт, шон байхгүй нь сонирхолтой.
7. “Conor Pass” Ирланд улс
Ирланд улсад замынхаа зүүн талаараа явах хэцүү. Гэхдээ маргад эрдэнийн нутгийг зорьж тус замыг хайж олон явахад гайхамшигтай санагдана. Энэхүү могой шиг мушгиралдсан нарийн замын хажуугаар өнгөрөх ногоон модод, тээр доор харагдах нуурын үзэмж гайхалтай харагдана.
8. “Great Ocean Road” Австрали улс
Калифорнийн “Big Sur” замтай ижил ч номхон, зөөлөн хувилбар нь Австрали улсын өмнөд эрэгт бий. Австралийн далайн эргийн үзэсгэлэнт тогтоц бүхий хамгаалалттай бүсээр дайрч өнгөрдөг. Далайн эргийн дагуу 243 км үргэлжлэх замын хажуугаар цэлмэг тэнгэрийг харахыг хүссэн аялагчид дүүрэн байдаг.
9. Touge Roads of Mount Fuji, Япон улс
Алсаас дүнсийн харагдах Фүжи уулын, хоёр талаараа модоор хүрээлүүлсэн зам. Энэ мушгирсан зам дээр Японы автомашины хоббитой залуус, тусгай тоноглосон, хойд хөтлөгчтэй машинаар дрифт хийж эхэлснээр энэ спортыг бий болгожээ. Анх шөнийн цагаар нууцаар дрифт хийдэг байсан бол одоо спорт гэдгийг хүлээн зөвшөөрсөн учраас нууцаар дрифтлэх шаардлагагүй болсон. Япончууд хамгийн өндөр уулын зам дээрээ дрифтлэдэг байсан нь өнөөдөр дрифтээрээ тэргүүлэгч байгаагийн шалтгаан ч байж магадгүй л юм.
10. Karakoram Highway, Хятадаас Пакистан орох зам
Найрамдлын зам гэж нэрлэгддэг Хархорумын замыг барихын тулд хятадууд 27 жилийг зарцуулсан. Эртний торгоны замын суурин дээр баригдсан Дэлхийн хамгийн урт хатуу хучилттай замуудын нэгт зүй ёсоор ордог энэ замын урт 1287 км юм.