МАШИН АСДАГГҮЙ ЮУ? ЗҮРХНИЙ ОНОШ

Машинаа түлхүүрдээд асдаггүй юу? За Рулем сэтгүүлийн Владимир Арбузов хөдөлгүүр унтраад асахгүй тохиолдолд юу хийхийг зөвлөж байна.

Яаж ч үглээд унтарч таг болсон хөдөлгүүр асахгүй нь ойлгомжтой. Энэ үед дуудлагын үйлчилгээ л аминд ордог байх даа. Гэхдээ хэдүүлээ нэгэнт ингэж таг болсон хөдөлгүүрийг өөрсдөө оношилж амилуулах гээд үзье.

Юуны түрүүнд хөдөлгүүр хэвийн ажиллахын тулд ямар нөхцөл шаардлагатайг эргэн санацгаая. Хөдөлгүүрийн цилиндрт маш хүчтэй шахагдах агаар хийн даралт үүсгэдэг. Цаашлаад очлуур холимгийг ноцоох агшин болон холимгийн найрлага хөдөлгүүрийн хэвийн ажиллагаанд нөлөөлдөг. Инжекторт болон дизель хөдөлгүүрийн хувьд түлш шүршилт маш чухал юм. Эдгээр нөхцөл зэрэг бүрдэж байж хөдөлгүүр асаж аль нэг явц алдагдах л юм бол хөдөлгүүр асахгүй гэсэн үг.

Аз таарвал бага зэргийн гэмтлийг жолооч өөрөө засчихна. Харин орчин үеийн автомашины электроникийг засах битгий хэл оношлоход ч хэцүү тул мэргэжлийн засварын газар хандах хэрэгтэй. Гэхдээ юу ч гэсэн өөрөө хөдөлгүүрээ асаах гээд үз. Асдаггүй юмаа гэхэд туршлага сууна шүү дээ. Хоёр гурван оролдлогын дараа асахгүй бол стартерыг зогсоо зайгүй дарах нь аккумуляторыг суулгаж стартерыг шатаах аюултай.

Ингээд хөдөлгүүрийн гэмтлийг оношлох аргыг сонирхоцгооё.
  1. Гал хамгаалагч. Электрон блокийн удирдлагатай автомашины хөдөлгүүрийн гал хамгаалагчийг шалгана. Ихэвчлэн электрон блок дээр “хөдөлгүүр” гэсэн тэмдэглэгээ байдаг. Автомашины гарын авлагыг сайн судалж, үргэлж биедээ авч явж байгаарай. Мөн ерөнхий гал хамгаалагчийн байршлыг мэдэж байхад илүүдэхгүй. Хамаг учир үүнд байх ч юм билүү?
  2. Очлуур. Аль нэг очлуурыг цилиндрээс авч үзэх хэрэгтэй. Норчихсон, бензин үнэртэж байвал ямар ч байсан шатахуун цилиндр руу орж байна гэж ойлгож болно. Ингээд очлуурыг хатаагаад очлуурын утсыг залган хөдөлгүүрт хүргээд стартерыг хэдэн секунд дарна. Оч гарвал очлуур норчихсон байсны шинж. Одоо бусад очлуурыг авч хатаагаад стартерыг хэдэн секундийн турш дарж цилиндрийн агаарыг сэлгэнэ. Үүнд, бага эргэлтээр бензин цацдаггүй учир холимгийн хаалтыг бүрэн нээх хэрэгтэй. Компьютер хөдөлгүүрийн ажлыг нилд нь хянадаг тул форсунктай хөдөлгүүр очлуурыг норгодоггүй юм. Гэхдээ хүйтэн асаалтын үед ийм зүйл тохиолдож болзошгүй. Иймд, цилиндрийн агаарыг сэлгэх арга тус болох тул дросселийг (холимгийн хаалтыг бүрэн нээх буюу хаазыг тултал нь гишгэх) бүтэн нээлттэйгээр стартерыг дарна. Дээрхийн адил бага эргэлтээр инжектор хаалттай байдаг.
  3. Хуваарилагч. ЭБУ-тай автомашины утас, холбогчийг шалгана. ЭБУ-ийн залгуур, блок руу ус орсон байж болзошгүй. Энэ тохиолдолд аккумуляторын “хасах” туйлыг салгаад ЭБУ-гийн залгуурыг салгаж хатаана. Нэмээд асаалтын модульд тэжээл өгч байгаа залгуурыг шалгана.
  4. Компресс. Хэрвээ очлуур асуудалгүй, оч гарч, шатахуун өгөөд байхад хөдөлгүүр асахгүй бол компрессыг шалгах хэрэгтэй. Үүнийг шалгахын тулд үйсэн бөглөөг очлуурын оронд хийж стартерыг дарна. Бөглөө түлхэгдээд гарч байвал компресстой, үгүй бол компресс алга гэсэн үг. Компресс байхгүй тохиолдолд духны ременийг үзнэ. Тасраагүй хэрнээ зарим шүд унасан байвал ременийг дундуур нь цуулж хуваана. Шүд унаж алга болсноор тахир гол нударган гол зөрж тэсрэх үед клапан хаагдахгүй, завсартай бол компресс үүсэхгүй. Ингээд унасан шүдийг зөрүүлж шкив дээр буцааж хийн гал тавих өнцгийг тааруулна. Туршлагаас харахад ийм аргаар хэсэгхэн ч гэсэн явна. Зарим тохиолдолд очлуурын нүхээр цилиндр бүрт 10 гр хөдөлгүүрийн тос хийвэл түрдээ асна. Иймд бүслүүрийг аль болох хурдан солих хэрэгтэй. Ингээд ч нэмэргүй бол хавхлага “эмтэрсэн” байдаг.
  5. Шатахууны сав. Шатахууны заалт буруу заах тохиолдол бий. Шатахууны савны агааржуулалтыг шалгахын тулд дор хаяж 5 литр шатахуунтай байх хэрэгтэй. Таг онгойлгоход агаарын хүчтэй шуугиан сонсогдож байвал агааржуулалтын клапан эвдэрсэн юм. Ууршилтын эсрэг системтэй автомашинд клапан байдаггүй ч авиатай байж болзошгүй. Хэт их сийрэгжилттэй үед шатахуун тасалддаг тул түлшний савын гэмтэлтэй тагийг гүйцэд эргүүлэлгүй үлдээнэ. “Амьсгалж” л байг.
  6. Шатахуун дамжуулах шугам. Шатахууны шугамын даралт ойролцоогоор 3 атмосфер байдаг. Гэхдээ яаж шалгах вэ? Хөдөлгүүр хөрсний дараа шугамын хавхлагын бөглөөг аваад дарна. Шатахуун шүршиж байвал шугамд даралт байгаагийн шинж. Даралт байхгүй бол бензин насос ажиллаж байгаа эсэхийг үзнэ. Насос дуугарахгүй бол түлхүүрдэж ON болгоод бензин насосын залгуур дээр гэрэл залгана. Гялс хийн асч байвал бензин насосын цахилгаан тэжээлийн хэлхээ зүгээр, асуудал бензин насост байна гэсэн үг. Засварт, дуудлага өгөхөөс наашгүй.
  7. Тахир голын тоологч. Тахир голын тоологч эвдэрсэн бол хөдөлгүүр асахгүй. ЭБУ руу дохио өгөхгүй байвал очлуур хуурай хэрнээ насос зүгээр ажиллана. Газар дээрээ засах боломжгүй тул засварчин дуудах болж дээ.
  8. Агаар соролт. Бохирдсон агаарын шүүр нь хөдөлгүүрийн бүрэн ажиллагаанд муугаар нөлөөлж тэр чигтээ норсон тохиолдолд хөдөлгүүр асдаггүй юм.
  9. Оруулах систем. Яндан шавраар чигжигдсэн бол битүүмжтэй гаралтын системтэй автомашин асахгүй. Цэвэрлэж байж зүгээр болно. Нейтрализатор хайлсан бол ялгаагүй асахгүй. Ийм тохиолдолд нейтрализаторын өмнө байдаг хүчилтөрөгчийн мэдрэгчийг сугалж авбал хөдөлгүүр асна.
  10. Стартер. Стартер ажиллахгүй байвал механик автомашиныг түрж чирээд асаачихдаг. Харин аккумулятор нь электрон удирдлагын блокийг ажиллуулахаар хангалттай цэнэгтэй байх шаардлагатай. Араандаа хийж байгаад хөтлөгч дугуйг хөндийрүүлээд олсоор татаж хөдөлгүүрээ асаана.
  11. Аккумулятор. Аккумулятор суучихсан бол массаас салгах хэрэгтэй. Хэсэг хугацаанд “амарсан” аккумуляторыг залгаад автомашиныг түрж чирвэл асах магадлалтай.
  12. Дохиолол. Хамгаалах дохиоллын урхинд орох үе байдаг. Жишээ нь дохиоллоо хамгаалалтаас салгачхаад байхад хөдөлгүүр ажиллахгүй тохиолдол бий. Ийм үед дохиоллоо хамгаалах горим дээр буцааж тавиад хөдөлгүүрээ асаана. Бүр болохгүй бол дохиоллын блокийг салгаад автомашиныг жирийн үеийнх шиг асаана.