СТАРТЕР ГЭЖ ЮУ ВЭ? №247

Машины хөдөлгүүрийг - асаах хэрэгсэл ашиглан ажиллагаанд оруулдаг. Асаах систем нь тахир голыг эргүүлж хөдөлгүүрийг асаах үүрэгтэй. Хөдөлгүүрийг асаах систем нь стартер, түлхүүр, аккумулятор гэсэн үндсэн хэсгээс бүрддэг билээ.

СТАРТЕР

Хөдөлгүүрийг асаах системийн үндсэн гол хэсэг бол стартер нь моторын блоконд бэхлэгдэн байрлаж, тахир голыг эргүүлснээр хөдөлгүүрийг асаадаг. Стартерийг эргэлтийг дамжуулах механизмаар нь шууд болон шууд бус гэж 2 ангилдаг.

АЖИЛЛАГАА

Стартерийн соронзон залгуур нь статорын ороомогт якорын тэжээлийг холбож өгснөөр якор цэцэг арааг эргүүлж, цэцэг араа нь тахир голыг эргүүлэн хөдөлгүүрийг асаана. Иймд якорын эргэлтийг цэцэг араанд дамжуулах механизмаар нь шууд болон шууд бус гэж ангилдаг.

СТАРТЕРИЙН БҮТЭЦ

Стартер нь моторын хэсэг, эргэх холбоос буюу винтекс араа, соронзон залгуур буюу татах релей гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэнэ.

МОТОР

Мотор нь статорын ороомог, якороос бүрдэнэ. Якор нь зүрхэвч, якорын ороомог, якорын гол, коллектороос бүрдэнэ. Якорын голын урд үзүүрт эргэх холбоос суух араат хэсэг байдаг.

МОТОРЫН АЖИЛЛАХ ЗАРЧИМ

Соронзонгийн адил туйлуудыг хооронд нь ойртуулахад хоорондоо түлхэлцэж эсрэг туйлуудыг хооронд нь ойртуулахад таталцдаг энэ зарчим дээр тулгуурлан мотор ажилладаг. Төмөрт ороосон ороомогт гүйдэл гүйлгэхэд төмөр өөрөө соронзон орон үүсгэж гүйдлийн чигээс хамааран цахилгаан соронзон туйлууд үүснэ.

Ингэж үүссэн цахилгаан соронзонг өөд өөдөөсөө харсан хоёр соронзонгийн голд тавихад соронзонгууд өөд өөдөөсөө түлхэлцэх, татгалзах хөдөлгөөн хийдэг. Иймээс статторын ороомог, якорын ороомгоор гүйх гүйдлийн чигийг өөрчилснөөр якор эргэж эргэлдэх хөдөлгөөн үүсдэг. Якорын ороомгоор гүйх гүйдлийг якорын коллекторт шёткоор дамжуулна.

Эвдрэл гэмтлийн шинж
  • Түлхүүр түлхэхэд тахир гол эргэхгүй байх
  • Стартерийг ажиллуулахад хэвийн бус дуу гарах

Холбоотой зөвлөгөө
  • Сүүлийн үеийн ихэнх машинууд чиптэй буюу электрон кодоор түлхүүрийг таньж асаалтыг идэвхжүүлдэг болсон. Хэрвээ түлхүүр болон асаалтын системд асуудал үүссэн бол стартер эргэхгүй байх боломжтой. Үүнийг шууд стартерийн гэмтэл гэж ойлгож болохгүй
  • Аккумулятор муудсан бол стартер эвдэрсэн шиг шинж тэмдгийг гаргадаг. Тиймээс стартерийг солихоосоо өмнө аккумуляторыг шалгаж байгаарай.
  • Аккумуляторын шонгийн бэхэлгээ суларсан бол мөн л стартер эвдэрсэн үеийх шиг байх боломжтой. Тиймээс эхэнд нь цэвэрлээд шалгаж үзээрэй.
  • Асаалтын товчлуур гэмтэлтэй болсон үед мөн л стартер эвдэрсэн үе шиг шинж тэмдгийг гаргадаг.
    Яах ч аргагүй хээр стартер авахаа байвал эхлээд хүндхэн төмөр зүйлээр стартерийнхаа их бие дээр тогшоод үзэх хэрэгтэй. Ингэсний дараа асаж байвал ассан даруйдаа ахин унтраалгүйгээр төв суурин газар бараадаарай.
  • Ингэж тогшиж асаах нь тийм ч найдвартай биш бөгөөд ганц хоёр удаадаа асаах боломж олгох ба ингээд асчих юм байна гээд найдаж болохгүй. Сүүлдээ тогшоод ч асахаа байна.