HUMMER H2
Бүрэн хэмжээний Hummer H2 энэхүү загвар нь 2006 оны сүүлээс General Motors компанийн хамгийн хүнд, байлдааны зориулалт бүхий жийп болох Hummer H1 HUMMWV-998 үйлдвэрлэлээс хасагдсанаар түүний байр суурийг эзлэх болсон юм. H2 нь хамгийн анх 2002 оноос H2 Military гэсэн загвараар Chevrolet Tahoe/GMC Yukon-ийн GMT840 суурин дээр үйлдвэрлэгдэн гарсан байна. 2003 оноос SUT (Sport Utility Track) гэсэн хувилбараар H2 pickup гэсэн ачаатай загварыг үйлдвэрлэж эхэлжээ.
Hummer H2
Хэмжээ томтой хүнд жинтэй энэхүү жийпний борлуулалт төдийлөн өргөжиж чадаагүй юм. Хамгийн их борлуулалттай жил болох 2003 онд 41.4 мянган ширхэг борлуулагдсан бөгөөд 2006 онд 17.1 мянган ширхэг, дунджаар жилд 23.2 мянган ширхэг борлуулагдаж байсан юм. H2 нь Base, Advanture, Luxury гэсэн 3 хувилбартай бөгөөд 1SA1-1SA3 хүртэл Base хувилбарын, 1SB1-1SB3 хүртэл Advanture хувилбарын, 1SC1-1SC3 хүртэл Luxury хувилбарын код гэдгээр ялгагдана.
Өргөн урт салоны урд хэсэгт нарийн урт шаргал хослолтой хянах самбар, үнэтэй завины гар хааз шилжүүлэгчийг санагдуулам Г хэлбэрийн никельтэй автомат хурдны хайрцгийн шилжүүлэгчтэй болжээ. Арын суудлын хэсэгт аяганы суурь, бичиг хэрэг хийх тавиур байх бөгөөд захиалгаар DVD тоглуулагч тавих юм байна.
Люкс хувилбарт арьсан суудал, руль дээрх удирдлага, 8 янзаар тохируулах цахилгаан удирдлагатай урд суудалтай. Мөн 2 тусдаа тохируулгатай эйркондишн, хаалганы төв түгжээ, хоолойн удирдлагатай утасны систем, суудал халаагч бууж суух үед намсах жоочийн суудал зэрэг тоноглолуудтай. Харин Advanture хувилбар нь оффроад тоноглолуудтай.
Hummer H2
Цохилтын хүчийг зөөлрүүлж шингээх гидр хамгаалалттай хүчирхэг бөх бат рам болон урт явалттай амортизатор, урд талдаа саваан хөшүүргэн тэнхлэг, хойд талдаа Chevrolet Tahoe-гоос авсан пүрштэй бөгөөд ачаанаас хамааран кузовын өндрийг тогтмол нэг хэмжээнд барих хийн тохируулагч систем байдаг. Газраас дээш 255 мм-ийн өндөр нь (хийн тохируулгатайд 267 мм) харьцангуй өндөр боловч Н1-ийг бодвол (газраас дээш 400мм ) хамаагүй бага үзүүлэлт юм.
Хөдөлгүүрийн кастерийн доод талыг Н2 гэсэн хэвтээ хөнгөн цагаан листээр хамгаалсан ба хэрэв хүсвэл захиалгаар дугуйн хийн даралтыг тохируулагч систем, Borg Warner компанийн Full time хурдны хайрцаг тавиулж болох юм. Энэ хурдны хайрцгийн онцлог нь энгийн замаар явах үед хүчийг 40:60 харьцаатай төв дифференциал түгжихгүйгээр хуваарилах ба халтираатай замд 50:50 харьцаагаар хуваарилна. Замгүй хүнд нөхцөлд хүндрүүлэгч болон хойд дифференциалыг Elocker систем түгжиж өгдөг.
325 морины хүчтэй 6 литрийн багтаамжтай V8 Vortec 6000 болон 2008 оноос 393 морины хүчтэй 6.2 литрийн багтаамжтай V8 Vortec 6200 гэсэн хөдөлгүүртэй. 2008 онд хэсэгчилсэн сайжруулалтаар салоны дотор талыг сайжруулж илүү тухтай суудал, 3-р эгнээний суудал хийж,хажуугийн болон толгойн хамгаалалт, тогтворжуулах StabiliTrak систем, шинэ 6.2 литрийн хөдөлгүүр, 6 шатлалтай Hidra-Matic 6L80 загварын автомат хурдны хайрцаг тавьсний дээр чиргүүл чирэх чадлыг 3.62 тонн хүртэл нэмэгдүүлжээ.