ХОЛБОХ УУ, ХӨГШӨӨН?

Хүн бүр цэнэггүй аккумуляторыг өөр автомашинтай холбож асаадгийг мэднэ. Харин бид үүнийг хэрхэн аюулгүй, зөв хийх талаар зөвлөе.

Автомашины цахилгаан тэжээлийн эх үүсвэрийн нэг бол аккумулятор юм. Аккумулятор цэнэггүй болбол хөдөлгүүр асахгүй гэсэн үг. Аз таарвал нөөц цэнэгээр хөдөлгүүрээ “амилуулж” чадна. Автомашиныг баталгаатай асаах арга бол өөр аккумулятортай холбох явдал билээ.

УЧИРТАЙ УТАС

Туршлагатай жолооч нар юмыг яаж мэдэхэв гээд багаажиндаа холбогч кабелтай явдаг. Бусдын холбогч утсыг ашиглах бодолтой жолооч нарт зөвлөхөд кабелуудын чанар янз бүр байдаг. Жишээ нь, стартер асаах агшны гүйдэл хэдэн зуун ампер хүрдэг тул хавчигчгүй холбогч аюултай байдгийг мартаж болохгүй. Нэмээд хэт нарийн эсвэл зэгсний хольц багатай холбогч аюултай байж болзошгүй. Ер нь кабелийн диаметр нь 4-5 мм зэсийн агууламж ихтэй байх ёстой. Нийт 3 метрийн урттай энэхүү кабелийн улаан нь “нэмэх”, хөх эсвэл хар нь “хасах” цэнэг гээд кабелууд тус бүртээ өөр өнгөтэй байна.

Дэлгүүрт зардаг зарим “хариугүй” хавчигчтай холбогчийг гагнуурын хавчигчаар соливол зохино. Резинэн бүрээстэй кабелууд хүйтэнд хөлдөхгүй, хөдөлгүүрийн гаргах янданд хүрсэн ч хайлдаггүй сайн юм.

Зарим автомашин салхины шилний урд хэсэгтээ тусгай шонтой болохоор холбож асаах тохиолдолд капот онгойлгох шаардлагагүй байдаг.

СЭХЭЭН АМЬДРУУЛАХ

Амьдрал дээр эхлээд “нэмэх” туйлуудаа холбосны дараагаар цэнэглэгч эх үүсвэрийн “хасах” шонд залгасан холбогчоо цэнэг авах аккумуляторын “хасах” шонтой холбоно. Энэ явцад автомашины их биед хүрсэн тохиолдолд богино холбоо үүсэх тул болгоомжтой байх хэрэгтэй. “Хасах” шонг холбоход хоосон аккумулятор руу 50А амперын хүчтэй гүйдэл очих нь хэвийн үзэгдэл тул оч гарвал айсны хэрэггүй.

Холболтоо хийчхээд автомашинаа асаах гэж битгий яараарай. Эхлээд цэнэгийн эх үүсвэр автомашиныг асааж сул ажиллуулна. Хөдөлгүүрээ амжилттай асаасны дараа холбогчоо салгалгүй сул ажиллагааг 3-4 минут үргэлжлүүлнэ. Шууд салгавал автомашин унтарч бүгдийг шинээр эхлэх хэрэг гарна.

Дараа нь цэнэглэгч автомашины холбогч үзүүрийг салгана. Цэнэг авч байгаа автомашины холбогчийг салгаад үзүүрийг нь санаандгүй нийлүүлчихвэл дуу чимээтэй жижиг тэсрэлт болж тэжээгч автомашины цахилгаан системийн утаснууд шатаад зогсохгүй, дохиолол, радио зэрэг төхөөрөмжүүд гэмтэнэ.

Дан аккумулятороос холбож цэнэг авах тохиолдол их гардаг. Цэнэглэгч аккумуляторын багтаамж хязгаартай тул холболт хийсэн даруйдаа стартераа дарж автомашинаа асаах оролдлогыг хийх хэрэгтэй.

Боломж байвал хоёр автомашинаа чөлөөтэй зайтай байхаар байрлуулна
Боломж байвал хоёр автомашинаа чөлөөтэй зайтай байхаар байрлуулна
ИНГЭЖ ХОЛБОСНЫ ХЭРЭГГҮЙ

Ер нь ингэж холбоод асааж болдог юм уу? Энэ аргыг таны аккумулятор гэмтэлгүй байх үед л хэрэглэвэл зохино. Жишээлбэл, аккумуляторын их бие гэмтэж электролит гоожсон бол аюултай. Хэрвээ аккумулятор их халж эвгүй үнэр гарч байвал холболтыг тэр даруйд зогсоох хэрэгтэй.

Аккумуляторын ус электролизын урвалд орсон тохиолдолд устөрөгч хүчилтөрөгч үүсгэж ялимгүй оч гарахад л дэлбэрч мэднэ. Мөн таг чиг болсон аккумуляторыг дахиж цэнэглэсний хэрэггүй. Аккумуляторын доторх банк хоорондын холболт гэмтэж тасарсан байвал холболт хийж асаатал бас л дэлбэрэх аюултай.

Өөр нэг дүрэм: Цэнэглэгч аккумулятор залгаад хэд хэдэн удаа стартердаад асахгүй бол цаашид хүчлээд нэмэргүй. Үүнд, автомашины асаах систем, түлшний систем гэмтсэн байх магадлалтай. Түлшний систем хэвийн ажиллаж байхад асаах систем нь гэмтэлтэй бол очлуур норно гэсэн үг. Нэгэнт норсон очлуурыг солиод ч автомашин асахгүй.

Аккумуляторын шонтой сайн контакт үүсгэх үүднээс муу холбогчийг сайн хавчигчаар соливол зохино
Аккумуляторын шонтой сайн контакт үүсгэх үүднээс муу холбогчийг сайн хавчигчаар соливол зохино