TOYOTA SEQUOIA

Toyota 4 Runner болон Toyota Landcruiser 100-ийн хоорондох байр суурийг эзлэх загвар болгон 2000-2001 оны загвар болон анх гарчээ.

Гол үйлдвэрлэл Tundra-тай адил АНУ-ын Индиана муж дахь үйлдвэрт үйлдвэрлэгдэн Хойд Америкийн зах зээлд борлуулагддаг загвар юм. Бас нэг зүйл бол хэмжээний хувьд тухайн үед болон одоо ч Landcruiser 100/200-аас том хэдий ч хүндийн хувьд тэднээс хөнгөн бөгөөд жинхэнэ оффроад жийп төрөлд зориулагдаагүй загвар.

1-р үе (2000он-2007он)

2001 оны загвар болж 2000 онд анх гарсан ба 4.7 литрийн V8 2UZ-FE хөдөлгүүр, 4 шатлалтай автомат хурдны хайрцагтайгаар Tundra пикапын суурьтайгаар суудлын автомашины хэмжээнд зөөлөн явах анги, хойд дугуйн дискэн тоормостой гэх мэтээр сайжруулан гаргажээ.

Хэмжээний хувьд Landcruiser-ээс том, түүгээр барахгүй Chevrolet Tahoe-аас ч том бөгөөд Ford-ын Expedition-той дүйцэхүйц хэмжээтэй. Үндсэндээ SR5 ба Limited гэсэн хоёр үндсэн хувилбартай ба тэдгээр нь дотроо 4 дугуйгаар хөтөлдөг, хойд 2 дугуйгаар хөтөлдөг гэж хуваагддаг.

2005 онд хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн ба гадна талд бага зэрэг өөрчлөлт орж хөдөлгүүр нь VVT-i системтэй болсон ба 5 шатлалтай автомат хурдны хайрцаг тавьжээ. Ингэснээр хөдөлгүүрийн чадал 282 морины хүчтэй болсон. Харин энэ загварын сүүлчийн загваруудын чадал 273 м.х-тэй болон өөрчлөгдсөн байдаг.

2-р үе (2008он-)

2007 онд Лос-Анжелесын олон улсын авто үзэсгэлэнд 2008 оны шинэ загвар гэгдэн нийтэд танилцуулагдсан ба мөн л Tundra пикапын суурийг ашиглаж, хойд тэнхлэг нь үл хамаарах Multi Link тэнхлэгтэй болсон.

Харин энэ удаад хөдөлгүүрийн сонголт нэмэгдсэн ба 4.7 литрийн 276 м.х-тэй V8 2UZ-FE болон 5.7 литрийн V8 3UR-FE шинэ хөдөлгүүр тавигджээ.

Үндсэн SR5, Limited, Platinium гэсэн гурван хувилбар байгаа бөгөөд хөтлөх байдлаараа хойд ба 4 дугуйн хөтлөгчтэй гэсэн хувилбартай. Гадна дизайны хувьд урд тал нь Tundra-тай адил ба бандгар бахим хүчирхэг харагдахаар болсон.

Салоны хувьд бүрэн шинэ шийдлээр дизайныг гаргасан бөгөөд сүүлийн үеийн DVD энтертаймент систем, Bluetooth, навигацийн систем, ухаалаг Smart entry зэргээс сонгох боломжтой. Суудлын хувьд SR5 нь 8 хүний, Platinium нь 7 хүний суудалтай ба Platinium-д 6:4- өөр хуваагддаг товчлуур дарж эвхдэг хойд суудал хийсэн.

Харин 2010 оноос 4.7 литрийн хөдөлгүүр нь илүү сайжруулсан 4.6 литрийн V8 1UR-FE гэсэн хөдөлгүүрээр солигджээ. Гол зах зээл нь урьдын адил хойд Америкийн зах зээл юм.