ЭХЭН ҮЕИЙН TOYOTA HIGHLANDER

Тоёота компанийн SUV-ийн үнэт өв болох 4Runner загвар анхлан 1984 оноос эхлэн дунд гарын SUV ангилалд хүчтэй өрсөлдөж ирсэн бөгөөд бидний сайн мэдэх Жийп Широки загвартай зах зээлд тулалддаг байсан. Орчин үеийн 4Runner загвар нь өөрийн үнэт удамшлаа хадгалж үлдэхээс гадна тав тухтай болж ирснээр хэрэглэгчдийн сэтгэлийг одоог хүртэл татсаар байгаа юм.

4Runner загвараас гадна Тоёота компанид бага оврын SUV хэрэгтэй байсан тул RAV4 загварыг гаргасан бөгөөд үүний дараагаар эдгээр 2 загварын голд орших орон зайг нөхөх загварын хэрэгцээ бий болсноор шинэ Хайландер бий болжээ. Уг шинэ дунд гарын кроссоверыг бүтээхийн тулд Камри суурийг ашигласан бөгөөд 2000 оны Нью-Йорк шоуны үеэр анх олонд танилцуулж байсан байна.

Анхны Хайландер нь 2.4 литрийн 4 цилиндртэй (2AZ-FE хэмээх Тоёотагийн хэрэглэгчид андашгүй, 155 морины хүч болоод 220 Нм эргүүлэх хүчтэй) эсвэл 3.0 литрийн V6 (1MZ-FE, 220 м.х, 300 Нм) хөдөлгүүрийг санал болгож байсан ба дараа нь 2002 оны шинэ Камри седанд эдгээр хөдөлгүүрийг ашигласан байдаг байна.

  • Тус хөдөлгүүрүүдийг анхлан 4 шатлалт АТ хурдны хайрцгийн хамтаар хэрэглэгчдэд санал болгож байсан ба явцын дунд буюу 2004 оноос эхлэн V6 3.3 литрийн (3MZ-FE) хөдөлгүүрийг шинэ 5 шатлалт хурдны хайрцгийн хамтаар танилцуулах болсон байна. 2004 оны хэсэгчилсэн шинэчлэлтээр 7 хүний суудалтай хувилбарыг хэрэглэгчдэд санал болгосон бөгөөд шатахуун зарцуулалт нь 4 цилиндртэй, урд хөтлөгчтэй хувилбар хотод 10.7л/100км, шулуунд 7.9л/100км, бүх дугуйн хөтлөгчтэй хувилбар арай их зарцуулалттай буюу 11.8л/100км (хот), шулуунд 9.1л/100км байжээ.
  • Харин хуучин 3.0 литрийн V6 хөдөлгүүртэй хувилбар нь хотод 13л, шулуунд 9.7л зарцуулалттай байсан бөгөөд шинэ илүү том илүү хүчирхэг V6 хөдөлгүүртэй хувилбар нь хотод 12.7л, шулуунд 9л болж багассан байна. Харин 2006 оноос бензин-цахилгаан хайбрид хувилбарыг танилцуулсан ба энэ хувилбарын шатахуун зарцуулалт харьцангуй бага буюу хотод 7.5л, шулуунд 8.1л/100км байжээ.
  • Маш олон Хайландерийн худалдан авагч нар 2003 оноос өмнө компанийн зүгээс санал болгодог байсан 3.0 литрийн V6 хөдөлгүүрийг тоодоггүй байсан бөгөөд энэ нь мэдээжийн хэрэг түүний зарцуулалттай холбоотой юм. Харин шинэ гарсан 3.3 литрийн хөдөлгүүр нь дутагдалтай тал багатай байсан тул хэрэглэгчдэд сайн хүрч чадсан байна.
2007 оны Тоёота Хайландер
2007 оны Тоёота Хайландер

2.4 литрийн хөдөлгүүрийн усны насос эвдэрдэг сул талтай ба энэ нь тийм ч хүндэвтэр гэмтэл биш бөгөөд таны машины насжилттай хамааралтай юм. Харин 6 цилиндртэй хөдөлгүүрийн хувьд энэ тал дээр санаа зовохгүй байж болох юм.

Мөн 4 цилиндртэй хөдөлгүүрт гардаг бас нэгэн согог нь цилиндрийн гавал болоод цилиндрийн блокыг барьсан боолт сулардаг бөгөөд үр дүнд нь тос болоод хөргөлтийн шингэн алдагдах нөхцөл бүрддэг ажээ.

Хурдны хайрцгаас тос алддаг
Хурдны хайрцгаас тос алддаг

Үүнээс гадна, эхэн үеийн Хайландер эзэмшигчдийн мэдэх ёстой гэмтэл үүгээр дуусахгүй бөгөөд AWD хувилбарт хурдны хайрцгаар тос алдагдах явдал гардаг. Эхэн үеийн RX загвартай Хайландер нь ижилхэн хөдөлгүүр болоод хурдны хайрцаг ашигладаг тул энэ гэмтэл мөн адил эхэн үеийн Лексас RX хувилбарт гардаг юм.

Энгийн бензин хөдөлгүүрээс гадна хайбрид хувилбарын Хайландер бий бөгөөд түүний инвертэр асуудал дагуулдаг. Энэхүү хэрэгсэл нь цахилгаан энерги болох хувьсах хүчдэлийг тогмол руу эсвэл тогтмол хүчдэлийг хувьсах хүчдэл болгон хувиргадаг бие даасан систем бөгөөд автомашин цахилгаан энергийг хуримтлуулах ажиллагааны үед хувьсах хүчдэлийг тогтмол хүчдэлд хувирган өндөр хүчдэлийн баттерэйг цэнэглэдэг байна.

Харин ажиллагааны горимдоо эсрэгээр ажиллаж автомашиныг хөтөлдөг билээ. Энэхүү инвертэрийн гол асуудал нь түүний хөргөлтийн насосд асуудал үүсдэг бөгөөд улмаар инвертер халдаг байна. Хэрвээ насос ажиллагаагүй болвол инвертэр маш ихээр халж улмаар шатах юм.

Дээр дурдсан хурдны хайрцгаас тос алдагдах гэмтэл 2004 оноос өмнөх загваруудад түгээмэл бол усны насосны асуудал хэр удаан эдлэгдсэнээс хамааралтай юм. Гадны форумуудаар 3.0 литрийн хөдөлгүүрийг эдэлгээ сайн даадаг гэж магтсантай олонтаа таарч байлаа.

Улмаар бидний өдөр тутмын амьдралд хэрэглэдэг темпратур тохируулах товчлуурын цаад холболтыг муу хийснээс болж ажиллагаагүй болдог, арай хийж тохируулах гэх мэт гэмтэл гардаг байна. Үүнийг засахын тулд голын самбарын хүрээг авч, боолтнуудыг тайлснаар хэрэглэгч рүү харсан удирдлагын самбарыг салгаж авах бөгөөд улмаар температур тохируулах товчлуурын хойд холболтыг дахин гагнаснаар асуудал шийдэгдэх юм.

Тохируулагчын хойд холболт салдаг, үүнийг дахин гагнаснаар хэвийн ажилладаг болно.
Тохируулагчын хойд холболт салдаг, үүнийг дахин гагнаснаар хэвийн ажилладаг болно.
Мөн тохируулах товчлуур хий эргэдэг,  үүнийг хумсны лакаар барьцалдуулж болно
Мөн тохируулах товчлуур хий эргэдэг, үүнийг хумсны лакаар барьцалдуулж болно

Хайландер Хайбрид хувилбарын өндөр хүчдэлийн баттерэй нь яваандаа асуудал үүсгэж ажиллахгүй болох, солих шаардлага гарах гэх мэт хэрэгцээ үүснэ гэдгийг та бодож тунгааж аваарай.

Муу баттерэйн улмаар танд олон асуудал үүсч болно гэдгийг сайн бодоорой. Тоёота Хайландер загварын Хайбрид хувилбар нь ерөнхийдөө Приус 10-ийн хайбрид систем дээр суурилагдсан тул Приус-ийн асуудлууд гардаг дутагдал түүнд бий.

Эхэн үеийн Хайландерийг багцлаад хэлбэл ерөнхийдөө "сайн" гэсэн үнэлгээг биднээс авсан бөгөөд түүний чанар түүнд давуу талыг олгож байгаа юм. Өмнө нь Тоёота хэд хэдэн хүчин зүйлээс болж (Японы ханшийн уналт, өрсөлдөгчдийн байдал зэргээс болж загварын үнийг өсгөх боломжгүй байсан) үнийг барихын тулд өндөр үнэтэй бүтээгдэхүүнийг өөрийн загварт ашиглаагүй билээ.

2007 оны Тоёота Хайландер Хайбрид
2007 оны Тоёота Хайландер Хайбрид

Аюулгүйн байдлын хувьд мөн л сайн гэсэн үнэлгээг олон улсаас авч байсан бөгөөд урд суудлын зорчигчдын хамгаалах хамгаалалт нь 4/5 үнэлгээтэй, хажуугаас ирэх цохилтын хамгаалалт 5/5 үнэлгээтэй байж чадсан тул энэ тал дээр өндөр анхаарал тавьдаг улс орнуудаас сайн гэсэн үнэлгээг авч байсан байна.

Гэхдээ хажуугийн хамгаалалтын дэр нь сонголтоор буюу үнэтэй хувилбаруудад санал болгодог бөгөөд энгийн хувилбарт байхгүй нь олонтаа.

Урд салоны ерөнхий байдал
Урд салоны ерөнхий байдал
Хойд хэсгийн ерөнхий байдал
Хойд хэсгийн ерөнхий байдал

Хэдийгээр Хайландер нь бага зэрэг үнэтэй боловч өөрийн үнэнд тохирсон загвар юм. Арай хямд Тоёотагийн бүтээгдэхүүн болох RAV4 байгаа бөгөөд 2006 оны сайжруулалтаар салоны зайг томсгож Хайландертэй өрсөлдөхүйц болгосон, гэхдээ Рав4 нь найдвартай байдлын зарим нэгэн шинжээрээ Тоёота Хайландерт хүрдэггүй бөгөөд Тоёотагийн хямд үнэтэй загвар гэдэг нь ямар нэг хэмжээгээр мэдрэгддэг билээ.

Эхэн үеийн Хайландер нь SUV-ээс удамшиж ирсэн спорт төрх, Тоёотагийн чанарыг илтгэх бүтээгдэхүүн болсон бөгөөд загварын хэмжээ, салоны ашигтай байдал, хүрэлцээ, найдвартай байдлаараа хэрэглэгчдээс өндөр үнэлгээг авсан загвар билээ. Мэдээжийн хэрэг та авах дээрээ тулвал дээр дурдсан 4 цилиндртэй хөдөлгүүрийн цилиндрийн гавлын боолт, усны памп, V6 хөдөлгүүртэй хувилбарууд асаахад цэнхэр утаа хаядаг зэргийг механикаар шалгуулахад гэмгүй юм. Бусдаар бол ОК тэрэг.