TOYOTA PRIUS 30 МАШИНД ҮҮСДЭГ НИЙТЛЭГ ГЭМТЭЛ №296
Анхны Prius загвар маань Toyota Corolla машины суурь дээр бүтээгдэж байсан болохоор рам, тулгуур болон явах анги дээр эвдрэл гэмтэл гарах нь бага. Тиймдээ ч манай жолоо ч нар 20 загвар сайн гэж байхад зарим нь 10,11 загварыг магтдаг хүмүүс олон.
Хэдий Prius-ын загварыг шинэчлэн сайжруулсан ч платформ өөрчлөгдөөгүй байгааг санаарай тиймээс тулгуур эд ангийн эвдрэл нь бараг ялгаагүй байдаг. Corolla, Prius унаж байгаа жолооч нар төдийлөн машиндаа засвар үйлчилгээ хийгээд байдаггүй. Хийгээд байдаггүй гэдэг нь маш сайн гэсэн утгаар илэрхийлэгдэнэ. Ер нь таван бул солих, амортизатор солихоос өөр засвар хийлгэхгүй. Километр бүрд нь тос масло, агаар шүүр солих зэрэг хугацаат техник үйлчилгээг хийхэд болно.
Prius загварын машин манай улсад орж ирээд бидний амьдралд олон сайн өөрчлөлт өгснийг энд бичээд барахгүй байх. Хайбрид машин учир дээр үеийн машинтай харьцуулахгүй. Жишээ нь: бензин мотор унтарсан үед тоормосны ажиллагаа хэвийн байлгах үүднээс жижиг цахилгаан мотороор тоормосны шингэнийг дугуйнд шахдаг. Энэ мэтээр Prius машины технологийн өөрчлөлтийг зайлшгүй мэдэх, нийтлэг гардаг эвдрэлээс дурдахад буруудахгүй.
Мэдэж байхад илүүдэхгүйг жагсаавал
- Хянах самбар дээрх ойлгомжгүй дүрс
- Голын дэлгэц самбараас зөв мэдээлэл авах
- Цахилгаан мотор, өндөр хүчдэлийн батарей
- Смарт түлхүүр, хамгаалалт
- Цахилгаан руль
Prius загварт олон гардаг эвдрэлээс
- HID гэрэл шатах
- Цахилгаан моторын усны насос шатах
- Амортизатор, түүний таваг гэмтэх
- Моторын гинж хахирч дуу гаргах
- Тос шалтгаангүйгээр багасах
- Рулийн гол тачигнаж дуу гаргах гэх мэт эвдрэл манай жолооч нарт тулгардаг байна.
Хянах самбарын анхааруулга гэрэл
Prius энгийн машинаас нэмэлтээр хэд хэдэн анхааруулах гэрэл хийгдсэн байдаг. Хянах самбараас гадна голын дэлгэц дээрээ машины үзүүлэлтийг илэрхийлсэн ойлгомжтой мэдээлэл өгдөг нь хэрэглэгч бидэнд тааламжтай байдгийг нуугаад юу нь. За гол сэдэвтээ оръё.
Хэрэв таны машин хэвийн явж байвал хянах самбар дээр ямар ч анхааруулах гэрэл асахгүй бол бүгд номоороо явж байна гэж ойлгоорой. Prius машин нарийн мэдрэмжтэй, мэдрэгчүүд олон тул хэдийд ч ямар нэгэн доорх анхааруулах гэрэл асаж магад.
Голын дэлгэц самбараас зөв мэдээлэл авах
Дэлгэцээс жолоодлогын явцад цахилгаан болон механик энерги хааш шилжиж байгааг харж, өндөр хүчдэлийн батарей цэнэгтэй үгүй харж чаддаг. Мөн шатахуун зарцуулалтын хэмжээг сүүлийн 30 минутын байдлаар харж чаддагаараа жолоодлогоо удирдах бүрэн боломжтой.
Хааз өгөөд шууд тоормос гишгэж яваад байвал энгийн машин шиг 100 км-т 10 л шатахуун зарцуулна. Япон инженерүүд эко жолоодлого буюу шатахуун бага зарцуулах аргачлал заасан байдаг. Үүнийг туршиж үзээд байнга хэвшүүлбэл таны машин 100 км-т 4,5 л шатахуун зарцуулах болно.
ЭКО ЖОЛООДЛОГО
Тогтмол хурдаар явах хэрэгтэй. Үүнийг хийхийн тулд та 60 км/цагийн хурдтай явъя гэвэл хаазыг аажим өгч хурд 60 км/цаг болох үед хаазнаас хөлийг авч дахин хааз дээр гишгэж хурдыг нэг түвшинд барина.
Өөрөөр хэлбэл хаазыг түгжинэ. Хэрэв хурдыг бууруулах бол шууд тоормос гишгэж машиныг зогсоож болохгүй харин өөрөөр нь өнхрүүлэх замаар зогсооно. Мэдээж тоормос гишгэж зогсоохдоо бага хүчээр (огцом зогсоохгүй) зогсоогоорой. Эргэлт, хурд сааруулагч, гэрлэн дохио ойртох үед эртнээс өөрөөр нь өнхрүүлж байгаарай.
Шинэ, хуучингүй туршлагатай жолооч бидэнд ухрах үйлдэл хийхэд анхаарал их шаарддаг шүү дээ. Үүнд голын дэлгэц бас л тус болохоос гадна автоматаар 2 төрлийн ухрах үйлдэл хийж танд тус болдог байгаа. Давхар гар утсыг дэлгэцтэй холбосноор жолоочийн анхаарлыг сарниулах нь бага.
Цахилгаан мотор, өндөр хүчдэлийн батарей
Инвертэр гэж ид шидтэй цахилгаан моторыг Prius-д суурилуулснаар онцлог. Энэ нь механик энергийг цахилгаан, цахилгаан энергийг механик энерги болгож чаддаг нэгэн төрлийн мотор юм. Бид бензин мотороо анхаарч тос тослогоо хийдэгтэй адил уг моторт анхаарч байх хэрэгтэй. Анхаарах зүйл нь хөргөлтийн шингэн. Түүний түвшин хэмжээг анхаарахаас гадна дотор талдаа зэврэлт өгөхөөс хамгаалж тогтмол солих хэрэгтэй.
Prius эзэмшигч бид өндөр хүчдэлийн батарейн талаар анхан шатны ойлголттой байх хэрэгтэй. 288 вольтын батарей нь олон жижиг батарейг нийлүүлж хийсэн батарейнууд байдаг. Хэрэглээний явцад тэдгээрээс аль нэг нь муудах, цэнэгээ барихдаа муу болох үед бусдадаа өвчин тараадаг сул талтай.
Toyota үйлдвэр 288 вольтын батарейндаа 10 жилийн баталгаа олгосон байдаг. 10 жилдээ уг батарей оролдуулахгүй, харин манайд нөхцөлд батарей суух асуудал гараад байгаа шалтгаан нь аргагүй биз. Аль хэдийн 10 жил болохоос өөр шалтгаан нь гадаад орчин. Хүйтэн нөхцөлд ямар ч батарейн үзүүлэлт буурдаг. Бид өвөлдөө машинаа дулаан орчинд байлгаваас түүний насжилт уртасна. Санаагаар бол өвөлдөө том батарейгаа дулаалаад зундаа авч байвал. Даанч болохгүй байх шалтгаан нь тогтмол гүйдэлд хүн цохиулбал шууд аминд хүрдэг аюултай. Ямар нэгэн байдлаар батарейтай ойртох бол зузаан резин бээлийтэй ажиллах хэрэгтэй. Хамгийн түрүүнд аваарын түгжээг салгаж хэлхээг салгах хэрэгтэй.
Смарт түлхүүр, хамгаалалт
Зэрэглэлээсээ хамаарч зарим нь смарт түлхүүртэй байдаг. Ямар ч түлхүүртэй байсан ч хаалгаа удирдлагаар онгойлгоно. Смарт нь бүүр амар. Түлхүүрийн шүд элэгдэх нь ховор. Манай нөхцөлд нэмэлтээр дохиолол суурилуулмаар юм байна лээ. Хэдий удирдлагаар онгойлгож цоожлох чадалтай ч халдлага болох үед хулгайчийг үргээх сигнал дуу байхгүй нь сул тал юм. Монголд байгаа Prius-уудыг дохиололтой болгохгүй бол халдлагад ихээр өртөж байгааг Цагдаа нар байнга сануулж байсан.
Удирдлагад жижиг зай байдаг. Түүнийг сайн чанарын зайгаар сольж байхгүй бол Хятад зай 3 сар болоод солиулах нь элбэг. Prius 20 загварт CR2030, Prius 30–д CR1632 хэмжээтэй зай ордог байгаа.
Цахилгаан руль
Prius 10 загвараас рулийн голд түчигнэсэн дуу гардаг сул талтай болсон. Энэ нь зөвхөн шороо замд илэрдэг. Энэ алдаа дараа дараагийн загварт байсаар байгаа. Гэхдээ үүнийг бүх машинд гэж ойлгож болохгүй. Их гүйлттэй машинд илэрдэг бөгөөд задлаад үзэхлээр рулийн хөндлөн аппарат байх хэдрэг араа голтойгоо харьцахдаа зай завсартай болсноос болдог. Хэрэглээний явцад арааны шүд элэгдэж дээрх согог гардаг. Түүнийг өөр аппаратаар сольж хэвийн болдог байгаа.
Мөн цахилгаан рульд хүч хэмжигч байдаг. Энэ нь жолооч баруун дарж байна уу үгүйг хэмжих зориулалттай. Бас л хэрэглээний явцад тэр мэдрэгч бохирдож рулийг хатуу болгодог байгаа.
Toyota 30 загвараа дахин дуудаж засварласан
2010 онд Toyota үйлдвэр 30 загвараас эргэн татан авч засварлаж байсныг та бүгд санаж байна уу? Тийм ээ. Энэ нь зөвхөн Америкийн зах зээлд борлуулагдсан зөв талдаа рультэй Prius юм. Гол асуудал нь шалавч уртайгаас болж хаазийг тултал өгөх үед хааз буцахгүйгээр тээглэж, машины хурд нэмэгдэж тоормос өгсөн ч зогсоож чадахгүй байсныг засварласан байдаг.
Буруу рультэй Японоос ирсэн Prius 30-д ийм алдаа илрээгүй тул бид санаа зовохгүй машинаа хаазлаж болно.
HID гэрэл шатах
Он залуу загварууд бүгд HID гэрэлтэйгээр үйлдвэрээс гардаг байгаа. Мөнхийн юм байхгүй хойно гэрэл асаж байгаад гэрлийн өнгө өөрчлөгдөөд унтарна. Дахин унтрааж асаахаар хэсэг асаж байгаад унтарна. Ихэвчлэн ламп нь шатсанаас тэгдэг байгаа. Давхар өсгөгчийг шалгахад буруудахгүй.
Өсгөгч шатахлаар бас тэгдэг байгаа. Шалгахдаа гэрлийг асаалттай шалгаж болохгүй учир нь хувьсах гүйдлийн, маш өндөр 30,000 вольтоор ажилладаг байгаа. Резин бээлий өмсөөрэй гэж зөвлөе.
Цахилгаан моторын усны насос шатах: нөгөө цахилгаан мотор маань хөргөлтийн шингэнтэйг дээр дурдаж байсан. Тэр шингэнийг цахилгаан насосоор эргэлтэд оруулдаг бөгөөд манайд солиулах нь олонтаа. Эвдрэх хэд хэдэн шалтгаантай.
- Японоос дөнгөж орж ирсэн машины хөргөлтийн шингэн бага температурт царцдаг. Ингэснээр насос хий ажиллаж эвдэрдэг. Учир нь насос ажиллаж сэнс эргүүлэхээр мөсөнд гацаж гэмтэнэ.
- Хөргөлтийн шингэн бага үед насос хий хоосон ажиллаж гэмтэнэ.
- Хэрэглээний явцад өөрөө гэмтэх. Их халуунд насосын ажиллах хугацаа ихэссэнээр элэгдэлд орж гэмтэнэ.
Prius 30-н бензин мотор цахилгаанаар ажилладаг насостой хийгдсэн байгаа. 20,11 загвар механик насостой. Өөрөөр хэлбэл Prius 30 хөргөлтийн шингэний цахилгаан насос хоёр байдаг. Тиймээс дээрх гэмтэл гарч болзошгүйг анхаараарай.
Амортизатор, түүний таваг гэмтэх
Манай замын нөхцөл хүнд тул Prius-уудад жаахан халгаатай. Ихэнх жолооч нар машинаа өндөрлөдөг. Амортизаторын дээр өндөрлөгч хийж болох ч түүний насжилтыг богиносгодог сул талтай. Нүх ховил дээр гарах үед амортизаторын жийлт, суултын хүч нэмэгддэг мөн рам их биед цав гаргаж болзошгүй. Энэ тал дээр анхаараад бартааг аажим давахад, машинаа өндөрлөсний ач тус зөндөө.
Хэрэглээний явцад амортизатор угаас муудаад солих бүрдээ урд амортизаторын дээд тавгийг сольж байгаарай. Таваг доторх шарик эргэлт хийх үед хархирч дуу гарах тохиолдол байдаг. Мөн зуны улиралд цапны шарик дуу гаргах олон тохиолдоод байгаа. Ус туулснаас шарикны тос угаагдаж онгоц шиг хүрчигнэсэн дуутай болдог.
Моторын гинж хахирч дуу гаргах
Prius-ийн
бензин мотор ажиллах үедээ ажиллаад цахилгаанаар ажиллах үедээ унтардаг
байгаа. Энгийн машинаас бага ажиллаж элэгдэл хорогдолд орох нь бага.
Нөгөө талдаа жижиг эзлэхүүнтэй моторын тахир гол олон эргэж гинжинд
ачаалал өгч сунгадаг сул талтай. Тиймээс түүний гинжийг 150,000 км
тутамд сольж байхыг үйлдвэрлэгчээс зөвлөсөн байдаг. Хэрэв гинж сунаж
муудсан бол машинаа өглөөд асаахад хархирсан дуутай болдог. Солих үедээ
гинж, чангалагч, араа зэргийг хамтад нь солих хэрэгтэй.
Тос шалтгаангүйгээр алга болох
Моторт 0w-20 тос хийвэл хамгийн бага шатахуун зарцуулна гэж гарын авлага ном дээр зөвлөсөн байдаг. Энэ тос нь бусад 5W-30, 10W-30-г бодвол их шингэн. Prius-н моторт шингэн тос хийж байх хэрэгтэй. Учир нь машин асаалттай, READY гээд ассан хэдий ч бензин мотор унтарсан үед тос доош тунасан байдаг. Харин бензин мотор асах үед тос хамгийн хурдан дээш гүйж тослох эд ангиа тослохгүй бол элэгдэлд орно.
Манай жолооч нар ийм зэрэглэлтэй тос хийхээр тос амархан ууршаад байна, шалтгаангүйгээр нэмүүлээд байна гэж их ярьдаг. Тос гоожсон, гэмтсэн зүйл байхгүй бол бид ууршиж байна гэж үздэг ташаа ойлголттой байдаг. Мотор дотор тосыг хорогдуулахгүй (тос идүүлэхгүй) байх хуруувч резин, кольц гэсэн хоёр эд анги байдаг бөгөөд тэд муудвал тос нэмүүлээд байдаг.
Очлуурыг авч үзэхэд үзүүр хэсгээр их
хэмжээний нагар тогтсон шинж тэмдэгтэй байвал даруй хуруувч резинийг
солиорой. Мөн дээрхээс гадна PCV клапан бөглөрснөөс болж моторын тосыг
сорох хоолой руу оруулаад свэчэг бохирдуулж, тос идүүлэх шалтгаан
болдог. Тиймээс шалгаж үзэх хэрэгтэй.
Эх сурвалж: Автомашин хэрэглэгчдийн МЭДЛЭГИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР© 2016 - За Рулём сэтгүүлийн тусгай дугаар. Сэтгүүлээ аваад сонгогдсон барааг 25% хүртэлх үнээр хямдруулж аваарай.