ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын хоорондын хил дамнасан тээврийн семинарын үр дүнд эхний шатанд Азийн  авто замын сүлжээний AH-4 чиглэлийг ерөнхий чиглэл болгож, Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан авто замын дамжин өнгөрөх тээврийн эрх зүйн орчинг бүрдүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргасан байдаг.

Энэхүү зөвлөмжийн дагуу Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан авто замын дамжин өнгөрөх тээврийн эрх зүйн орчинг бүрдүүлэхээр хамтран ажилласны үр дүнд “Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг  2016 оны 12 дугаар сард ОХУ-ын Москва хотноо байгуулсан.

Хэлэлцээр байгуулах бэлтгэл ажлын хүрээнд АН-3 коридорын дагуу туршилтын тээвэрлэлтийг өнгөрсөн наймдугаар сард Тянжинь боомт-Улаанбаатар хот- Улаан-Үүд чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэсэн билээ.

Туршилтын тээвэрлэлтийн үйл ажиллагааг гурван тал дүгнэн үзээд тус тусын дотоодын бэлтгэл ажлыг хангах, цаашид шийдвэрлэх бусад асуудлуудыг ажлын хэсэг байгуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Дамжин өнгөрөх тээврийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд тээврийн хэрэгслийн гэрчилгээ дэх мэдээллийг  Монгол, Англи хэл дээр бичдэг болж байна. Ингэснээр дамжин өнгөрөх болон улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэхэд үүсэх саад бэрхшээлийг арилгах, тээвэрлэлтийн баримт бичгийг олон улсын жишигт нийцүүлэх нэг алхам болж байгаа юм.

Монгол Улс 1997 онд Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцод нэгдэн орсон бөгөөд энэхүү конвенцын Автомашин ба чиргүүлийг олон улсын хөдөлгөөнд оролцуулах нөхцөлд тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь өөрийн орны болон хэл болон латинаар давтагдан бичигдсэн байх ёстой бөгөөд заавал бичигдэх ёстой мэдээллийг зааж өгсөн байдаг.

Хэдийгээр тээврийн хэрэгслийн гэрчилгээний загвар шинэчлэн батлагдсан ч иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг заавал гэрчилгээгээ солиул гэж шаардахгүй бөгөөд тээврийг хэрэгслийг шинээр бүртгэх, шилжилт хөдөлгөөн хийх зэрэгт шинэчилсэн гэрчилгээг олгохоор зохион байгуулж байна.