HYUNDAI TERRACAN
2000 оны эхэн үед Солонгосын шинэ жийп гарчээ гэхээр нь очоод хартал Hyundai Terracan байж билээ. Тухайн үедээ бол гайгуй дизайн гаргасан юм болов уу гэж бодсон л доо.
Ерөнхийдөө бол суудлын авто машины элементүүдийг гадна талд нь тусгаж өгсөн гэхэд болно. Тэр үеийн гурвалжин хэлбэрийн их гэрэл, никель урд нүүр гээд. Хуучин Galloper-ийн V20 Pajero-гоос авсан тэг дөрвөлжин загварыг бодвол дэвшилттэй болжээ. Гэвч үндсэн платформ нь өөрчлөгдөөгүй байв. Кузовын хийцийн хувьд ч монокок болсон байна. Тэхдээ давхар рамтай хэвээрээ.
Хөдөлгүүр нь 3.5 литрийн бензин, 2.5 ба 2.9 литрийн дизель хөдөлгүүртэй юм байна. 2.5 тай дизель одоо манайхны микрийн мотор боловч түлшний систем нь өөр, 3.5 литр нь Mitsubishi-ийн лицензээр хийсэн ажээ. Харин 2.9 литрийн дизель нь интеркүүлертэй байгаа юм. Дизелийн түлшний систем нь CRDi буюу сүүлийн үеийн дизель систем.
Хойд тэнхлэг нь хамаарах буюу манайхны хэлдгээр чулактай учраас ачаа ачих энэ тэрд санаа зовох юмгүй. Урд тэнхлэг нь үл хамаарах ба хурдтай үед бол ховилд замд шүргэж магад. Нэг том дутагдал нь хойд дугуйг солих дээр маш хэцүү. Ободны нүх нь сайн таараагүйх ч юмуу, эсвэл сугарч унахгүй гэж бодсон ч юмуу бүү мэд данхраадаар өргөөд 6 боолтыг нь тайлчихаад байхаад дугуй нь сугарахгүй махыг чинь иднэ. Өвөл бол хөлдөж үхэх байх. Яг л гагначихсан юм шиг.
Та ийш тийш утасдаад бөөн л юм болох ба эцэст нь наадах чинь угаасаа тийм гэсэн хариу авна. Тэгээд яаж авах юм бэ гэхээр дугуйн дотор талаас нь мод, чулуу, алх, сүхээр нүдэх хэрэгтэй болно доо. Аль нь ч байхгүй бол махан биеэрээ доогуур нь орж хөлөөрөө дугуй руу нь тийрэх юм гэнээ. Дугуй нь сугараад данхраад нь унахгүй бол амьд гарна, эс тэгвэл бурханы оронд очно гээд л бодчих.
Terracan гэдэг нь газрын хаан гэсэн утгатай.
За салон доторхыг харъя. Урд хянах самбар нь бол зүгээр л энгийн доор байрлалтай, бандайсан энэ тэр гэсэн сэтгэгдэл төрөхгүй. Оролдоод байх юм байхгүй дээ.
Паарны удирдлага, хөгжим хоёр л байна. Их уйтгартай. Хүндрүүлэгчийн залгуур нь рычагаар биш хөгжмийн дуу чангалагч шиг эргүүлдэг дугуй юм байна. Тэр нь урд хоёр суудлын хоорон дахь тавцан дээр байх ба гар нь өтсөн хүн хажууд суувал түүнийг оролдоод л баймаар ойрхон.
Оролдож байгаад L дээр нь тавьчихвал буцааж мэдэхгүй хүмүүс мотор өндөр хаазтай яваад бензин идээд байна энэ тэр гээд л гайхна. Гэтэл нөгөөхийг нь эргүүлээд тавьчихсан байна даа. Үнэтэй хувилбартаа хойд халаагуур, савхин суудал, халаагч, мебель оруулга энэ тэр нэмэлтүүд байгаа. Суудлын хувьд бол дажгүй талбай сайтай, 2-р эгнээний суудлууд ч гэсэн янз бүр эвхэгдэнэ гээд зүгээр. 3-р эгнээний суудал 2 хана руугаа эвхэгдэнэ.
Явдлын хувьд харин ч зөөлөн бөгөөд бензин хөдөлгүүртэй нь чимээ багатай тухтай. Хүч нь тийм ч муу биш шүү. Тийм ч их бензин идээд байхгүй. Дизель хөдөлгүүр нь бүр их шажигнасан дуутай биш пажеротой ойролцоо чимээтэй. Руль нь тийм ч хүнд биш. Ер нь бол суудлын жижиг тэрэг шиг гэж болно.
Гэхдээ энэ зөөлөн байдал нь ачаа ачаад хөдөө явах үед савлаад байдаг ба арын хүмүүст бол ойж буугаад явна гэсэн үг, үүнээс болоод амортизатор энэ тэр тосоо хаячихаж магадгүй юм. Гишгүүр нь их доор байрлалтай, бага зэргийн гүвгэр давахад л тулчих гээд байдаг. Люкс загварынх нь бүүр доор. Суудлын өндөр нам яг л таарсан ба толгойн хэсэг зайтай.
Монголд тийм ч их харагддаггүй. Уул нь бол хямд баймаар, гэхдээ солонгостоо цөөхөн зарагдсан юм байлгүй. Ихэнх нь 2000 оны эхээр л орж ирсэн байх. Сэлбэгийн хувьд бол ховор юм билээ. Яахав дизель хөдөлгүүрт нь микрийн зарим зүйл таарах байх, бензин хөдөлгүүрийн сэлбэг бол ховор. Бусад энэ тэр жижиг сажиг зүйлийг орлуулах ч юмуу тэгж аргалах байх.
Эх сурвалж: Автомашин сонирхогч Р.Энхболд