PASSO ШИНЭ ТӨРХ

Нэг хэсэг эдийн засгийн хямралын үеэр жижиг машины эрэлт нэмэгдэж байх үед Пассо Монголд үзэгдэж эхэлсэн. Тухайн үед он залуутай гайгүй машины тоонд ордог байлаа. Уг хүлэг маань 2004 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн байгаа юм. Одоо л Монголд орж ирэхэд он нь таараад байгаа.

Тоёотагийн охин компани болох Дайхацү нь түүнийг Daihatsu Boon нэрээр үйлдвэрлэж байгаа юм. Түүнээс өмнө Дайхацу нь YRV гэх загварыг гаргаж байсан бөгөөд түүний дараагийн халааг BOON загварт шилжүүлэхийн зэрэгцээ мөн Toyota брэндийн Пассо маркаар гаргаж эхэлжээ.

Гадна талаас нь харвал ер нь их дажгүй стильтэй болсон ба европын загваруудтай төстэй болсон. Ерөнхийдөө гадна талдаа цэвэрхэн, илүү дутуу наадаг эмжээр байхгүй бөгөөд дан кузовын хэвийг шагласнаар өртөг багатай болгожээ.

  • Хойд гэрэл хэт дээр ч биш доор биш зохицсон байна.
  • Харин урд хойд тэнхлэгийн хоорондын зай өөрийн ангилал дотроо хамгийн ихээр холдсон бөгөөд хойд урд хотгор руу буух болон гүдгэр давах өнцөг хангалттай их.
  • Хойд хаалганы шилээр хажуугийн шил төгсөж байгаа бөгөөд Тоёота Вицд байдаг шиг бага хэмжээтэй жижиг шил  байхгүй нь мөн л өртгийг багасгах нэг боломжийг гаргажээ. Тэглээ гээд дизайн нь тааруу болсон зүйл байхгүй ба бодит байдал дээр илүү зайтай загвар болсон юм.

Салоны дотор зай жижиг машин гэхэд харьцангуй зайтай. Харин урд талын хянах дэлгэц нь 60- аад оны машиныг санагдуулам тал дугуйрсан том дэлгэцтэй. Хуучнаар бол оросын Газ М21-ийн милийг санагдуулам болжээ.

Урд талын хайрцаг гаднаасаа том мэт харагдавч онгойлгоод үзэхээр зай багатай. Хоёр суудлын хооронд том тавиур бий, мөн залгаад урд талд тагтай хайрцаг бий. Хайрцаг тавиур олонтой боловч хайрцагт хатуухан зүйл хийхэд хоржигнох, тавиур дээр нь юм тавиад ирэхээр хөглөрсөн л юм болох байх.

Гэхдээ байгаагүйгээс дээр шүү дээ. Урд хянах самбар бүхэлдээ том бандгар боловч доод талын ил тавиурыг хэтэрхий доор наана хийсэн юм шиг санагдлаа. Юу гэхээр огцом тоормослох үед ч шилбээ цохичихмоор санагдаад болохгүй юм.

Тиймээс урд суудалд суухдаа суудлаа хэт хойшлуулаад  хойд хүмүүсийн хөлийн зай багасчих шинжтэй. Дээр нь ил тавиур байх нь мөн л юм хөглөрөөд нүдэнд тээртэй харагдахаар юм билээ. Паарны удирдлага азаар том олоход эвтэйхэн болжээ. Хаалганд ундааны тавиурыг хийсэн нь дажгүй, голдоо бас байгаа л даа. Голын тавиур нэлээн зайтай учир элдэв зуйл тавихад ундаатай холилдоод байхгүй амар юм.

Энэ машин бага оврын хямд загвар учраас түүнд үнэтэй тансаг машины зүйлс байгаа эсэхийг харах нь илүүц биз ээ. Наад захын шаардлагатай зүйлүүд байгаа бол тэгээд боллоо гэсэн үг. Азаар тамхины асаагуур байна. Тамхины асаагуур нэртэй л болохоос одоо үед бол утас цэнэглэх, МП3 сонсох, телевизор залгах гээд өөр хэрэглээтэй болсон шүү дээ. Тэгэхээр тамхины асаагууртай гэхээр тамхи татдаг хүнд хэрэгтэй гэсэн ойлголт хуучирсан гэхэд болно.

  • Суудлын материал бол боломжийн цэвэрхэн.
  • Арын суудлуудын түшлэг бууснаар овор ихтэй зүйл ачихаар юм.
  • Хөдөлгүүрийн хувьд 2 төрлийн сонголт байна. 1 литрийн 3 цилиндртэй, 1,3 литрийн 4 цилиндртэй гэсэн сонголт юм. Цаашлаад бидний нэрлэдгээр 4 дугуйгаар мааждаг хувилбар бий бөгөөд тэр нь 3 цилиндртэй загварт л байдаг. Харин 1300 тай хөдөлгүүртэй загварт байхгүй нь жаахан тийм. Гэхдээ ийм жижиг машинд 4 дугуйгаар маажих шаардлага бараг байхгүйдээ. Тиймээс 1300-тай загварыг сонгосон нь дээр юм билээ.

Шатахуун зарцуулалт 1-2 литрийн зөрүү бий. 1.3-тай нь зун бол 8 литр, өвөл 12 орчим иддэг. Дээр нь нэмж хэлэхэд тухайн хүний хэрэгцээ, ур чадвараас шатахуун зарцуулалт хамаардаг шүү дээ. Зарим хүмүүс их идэж байна зарим нь бага гэж янз бүр ярих нь бий.

За бас нэг зүйл нь түүнд CVT тавиагүй нь олзуурхууштай. Уул нь бол сүүлийн үеийн технологи мөн л дөө, гэхдээ тэр нь Монголд тохиромжгүй бөгөөд, гүйлт ихсэх тусам элэгдлээс үүдсэн элдэв гэмтлүүд гарч эхэлдэг нь монголчуудын мөнгийг үрэхээс цаашгүй.

Зүйрлэж хэлбэл технологи нь гүйцэд болоогүй байна. Эхний үе дээрээ явж байна гэхэд болно. Цоо шинээр нь аваад унахад бол одоо дуугүй байхсан. Гэтэл бид чинь хуучныг л дийлж авч байгаа шүү гэдгийг ойлгох хэрэгтэй л байх. Үүгээрээ энэ Пассо Фитийг бодвол арай зардал багатай найдвартай.

Манай ченжүүд Короллаг зарахдаа G Королла, X Королла гээд л үнийг нь ялгаад сүйд болоод байдаг. Түүн шиг бас G Пассо, Х Пассо гэсэн ялгаа байнаа байна. G нь өндөр зэрэглэлийнх гэхүүдээ. Харин Х нь стандарт хувилбар юм.

2 дахь жилээсээ Racy гэх спорт хувилбар нэмэгдэж гарч эхэлсэн. Дээр хэлсэнчлэн машин зардаг нөхдүүд G, X гэж сүрхий ялгаад байдаг мөртлөө G нь ч юмуу X нь ч юмуу дотроо бас ялгаатай зүйл гараад ирэхээр мэдэхээ больдог. Учир нь үүн дээр бас Package /багц/ гэсэн үзүүлэлт нэмэгдэж ордог юм шүү дээ. Жишээ нь Пассо дээрээ жишээ авъя. Хулгайн эсрэг систем, түлхүүргүй асаалтын систем зэрэг суурилагдсан F package, нарны эсрэг шил, хойд шил арчигч зэрэг суурилагдсан V Package гэж байгаа юм.  

Пассо нь ерөнхийдөө эмэгтэйчүүд, залуусд зориулсан загвар. Мөн түүнтэй адил Дайхацу Бүүн гэх яг адил загвар байдаг. Өөрөөр хэлбэл тэр Бүүн гэдэг нь үндсэн эх загвар нь ба Тоёота эмблем тавиад гаргадаг.