СЭТГЭЛИЙГ СЭНСРҮҮЛЭГЧ FORD MUSTANG
Форд мотор компани бол Америкийн авто машины зах зээлийн аварга том бүргэд гэдэгтэй хэн ч маргахгүй. Аль тэртээ хорьдугаар зууны эхэнд ноён Фордын эхлүүлсэн энэ бүргэдийн түүх өнөө хэрнээ хүчээ авч, өндөр дээд байр сууриа алдахгүй байсаар л.
- Хуучны өвгөцүүл дугуй хөх усан самбай гэж ярьдагсан. Тэр нь угтаа асар хурдтайгаар агаарт эсвэл газарт эргэлдэж байгаа зүйлийг хэлж байсан хэрэг байж. Тэгвэл яг одоо та бидний танилцах гэж байгаа авто машин бол яах аргагүй манай үнэн дүнжгэр өвгөдийн яриад байдаг нөгөө дугуй хөх усан самбай юм. Цөс ихтэй залуусын цардмал зам дээр галзуурсан юм шиг дрифтлэх дуртай энэ машиныг Форд мустанг гэдэг. Танилц энэ бол сэтгэлийг сэнсрүүлэгч Форд мустанг...
Инженер: 1960-аад оны оны эхээр Фордынхон хурд, хүч нь хувь тэнцүү шилдэг авто машин зохион бүтээх ажилд ханцуй шамлан орсон юм. Угтаа тухайн цаг үеийн машинууд нэг бол хүчтэй, эс бөгөөс алсаас хурд авч чаддаг байсан.
Гэтэл Форд моторсынхон энэ хоёр давуу талыг нэгтгэхээр шийдсэн. Өөрөөр хэлбэл тэд төгс авто машин бүтээхийг зорьсон юм. Тэгээд жаргал зовлонтой 60-аад онд нэгэн морины нэрээр нэрлэгдсэн шинэ авто машин бүтээх судалгааны ажил эхэлсэн. Энэхүү судалгааны ажил гэвч дан ганц авто машин бүтээхдээ биш, тухайн шинэ машиныг нийгэм цаг үе хэрхэн хүлээж авах, хэрэглэгчид түүнийг ямар байгаасай гэж хүсч байгааг олж мэдэх явдал дээр тулгуурлаж байлаа.
Фордынхон Мустанг гэдэг салхи мэт хурдан, яг л булчин шөрмөс нь зангирсан зэрлэг адуу шиг тийм л төмөр хүлэг бүтээхийг хүссэн. Тийм болохоор шинэхэн бүтээлдээ Мустанг гэдэг нэрийг өгсөн юм билээ.
- Америкчууд хэдэн зуун жилийн өмнө өөрсдийн унаж, эдэлдэг байсан европын данагар том морьдыг индианчуудын хүчирхэг морьдтой нийлүүлж байж эрлийзжүүлэх арга замаар гаргаж авсан шинэ адууг Мустанг гэдэг. Хал палгүй шуудхан хэлэхэд Мустанг бол үнэнхүү хурд хүч нь хуй салхи шиг адуу юм. Америкчууд авто машины ертөнцөд үүнийг л хүссэн.
Инженер: Гэвч Мустангийн түүх 19-20 дугаар зууны Техасын үхэрчдийн морьдоос эхлээгүй юм. Харин энэ гайхалтай машиныг зохион бүтээхэд голлох үүрэг гүйцэтгэсэн Фордын шилдэг загвар зохион бүтээгчдийн нэг Жонн Нажжар дэлхийн хоёрдугаар дайны агаарын мангасуудын нэг P-51 мустанг сөнөөгч онгоцыг биширдэг байсан. Тийм ч учраас Жонн Фордын шинэ загварын спорт автомашин P-51 мустанг сөнөөгч шиг байх ёстой гэсэн шаардлагыг тавьсан байна.
P-51 мустанг гэдэг чинь байна шүү, даварсан фашистууд, задарсан япончуудыг агаарт ёстой нэг балбаж байсан аатай төмөр шувуу. Тиймдээ ч Жонн Нажжар гэдэг тэр нөхрийн зөв байсан юм. Чингэж Жонн газрын хүчирхэг морьдын сүр хүчийг дайны сөнөөгч онгоцны хурдтай хослуулж, дэлхий дээр буулгаж ирэхийг зорьсон юм.
Жонн Нажжар итгэлт хамтрагч Филипп Кларкийн хамт Форд Мустанг 1-ийн анхны үлгэр завгарыг бүтээжээ.
Тэгээд энэхүү туршилтын загвар нь амжилттай болсон учир 1962 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Нью Йоркийн Ваткинс Геленд гэх газар болсон Америкийн Гранпри шалгаруулах Formula-01 уралдааны үеэр анхлан олон нийтэд танилцуулжээ.
Инженер: Мустанг-01-ийг Formula-01-ийн алдартай нисгэгч Дэйн Генри шуугисан олны дундуур унаж яван, уралдааны зам дээр гарч, хаазыг нь тултал гишгэж үзсэн юм. Хүмүүс алмайрч, зарим нь энэхүү машиныг түрэгхэн худалдаанд гараасай гэж Есүс христэд залбирч байсан. Учир нь мустанг уралдааны зам дээр авто ертөнцийн бурхан тэнгэр шиг аашилсан юм. Тэр үнэхээр гайхамшигтай байсан юм.
Форд Мустангийн лого, таних тэмдэгийг манай гарагийн өнцөг булан бүрт суугаа мянга мянган авто машины хорхойтнууд шохоорхож байдаг. Тэгвэл давхиж буй морины дүрс бүхий мөнгөлөг өнгийн энэхүү Лого, таних тэмдгийг Жонн Нажжарын дотны анд нэртэй дизайнер Филипп Томас Кларк зохион бүтээсэн нь авто ертөнцөд мөнхөрчээ.
Инженер: Форд моторс компани зөвхөн Мустангид зориулсан үйлдвэрээ Мичиган мужийн Дийр Бөрн хотод 1964 оны гуравдугаар сарын 9-ний өдөр нээж, ёслолын тууз хайчилсан. Энэ баярт үйл явдлаас хойш ердөө хэдхэн хоногийн дараа буюу 1964 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Нэгдсэн улсын нийслэл Нью Йорк хотноо болсон авто машины үзэсгэлэн худалдааны үеэр алдарт Мустанг хүч түрэн орж ирсэн.
Хүмүүс Мустангийн төлөө мөнгө хайрлахыг ёстой хүсээгүй. Байснаа цацаад л хурд, хүч нь хувь тэгш энэ төмөр хүлгийг унаж, хаазных нь дөрөөг ханатал гишгэж байсан. Мустангийн хувьд зэрэглэл дотроо жижиг машинд багтах ч гэсэн бусад өрсөлдөгчдөө спорт хаалга, өргөн сайхан хамар, богино дээвэр гэх мэтээрээ хол хаяж байлаа. Үзэсгэлэн худалдааны үеэр цус холилдсон хүчирхэг адуу, цуутай догшин байлдааны онгоцны давуу талуудыг цоо шинэхэн авто машиндаа цог жавхлантайгаар хослуулсан Жон Нажжар, Филипп Кларк, Жой Орос нар ихэд эрхэмсэг, бас жаахан ихэмсэг байжээ.
Мустанг бол Форд моторс компаний оргил бүтээлүүдийн нэг мөнөөсөн мөн. Учир нь энэхүү машин Фордын анхны дуулиан шуугианы эзэн Форд Модель-А-ийн дараа орохоор тийм их амжилт гаргаж, эрэлт хэрэгцээ үүсгэж, чимээ шуугианыг тарисан юм. Тийнхүү 1960-аад оны эхэнд гэнэт гарч ирээд, авто машины хөгжлийн араа соёог түлхэж чадсан Мустанг өдгөө 6 дахь үетэйгээ золгож байна. Үүнээс өмнө Мустангид 5 удаа хувирал явагдсан юм.
- Зарим машиныг кино ертөнц алдаршуулж, зам мөрийг нь зааж өгснийг бид мэднэ. Гэвч Мустанг бол кино ертөнцөөр алдаршсан биш харин кино ертөнцийг улам алдаршуулсан төмөр хүлэг. Та бид сайн мэднэ дээ.
Галзуу хурд гэж нэг галзуурсан амттай уран сайхны кино байдаг. Тэр киноны 3 дугаар анги болох Токио Дрифт дээр манай мустангийн 1967 оны загвар манаргаж, өнөөх дугуй хөх усан самбайгаараа их наран улсыг бараг л цунамидчих шахсан. Дараа нь Галзуу хурд 4 дээр Мустангийн 2008 оны загвар Катрина хар шуурга шиг хаазалж, галзуу хурд 6 дээр эргээд 1969 оны Мустанг эрэг нурааж, элс нүүлгэсэн. Энэ бүгдээс үзэхэд Мустангийн эхний загварууд уран сайхны киног улам төгс болгосоор байгаа нь нэгийг хэлээд байгаа юм. Мустанг хэзээ ч хоцрогдохгүй шүү андууддаа гэдгээ тунхаглаад байгаа юм.
Инженер: Бэтмэн цувралд мустанг тоглсон, цахим ертөнцийн Need for Speed компютер тоглоомонд мустангийн 1965, 1969, 1990, 2015 оны загварууд орсон байдаг. Форд Мустанг гэвч хамгийн үнэтэй, хамгийн хурдан машин биш. Гэсэн ч тэр яах аргагүй дэлхий дахины топ 10-н дрифт машины тоонд зүй ёсоор багтаж, 2016 оны таван тивийн шилдэг 10 машины жагсаалтанд хоёрдугаар байрыг эзэлсэн. Мөнхүү Форд мустанг 2015 оны Атлантагийн автомашины холбооноос зохион байгуулдаг олон улсын авто шоунаас “Шилдэг, шинэ тээврийн хэрэгсэл” гэсэн номинацийн эзэн болсон.
Хамгийн сүүлийн үеийн Форд Мустанг Shelby GT350 загвар бол дэлхийн татах хүч бүү хэл хүний сэтгэл хөдлөлийн хязгаарыг эвдсэн төмөр хүлэг. 5,2 летр шатахууны багтаамжтай, 526 морины хүчин чадалтай V8 хөдөлгүүртэй энэ мустангаар давхисан хэн ч аз жаргалын гармоноор бялуурч, сэтгэл зүрх нь урд өмнө хэзээ ч байгаагүйгээр сэнсэрдэг.
Танилц энэ бол Форд мустанг...
Эх сурвалж: Гийнгоо радио 100.5