ЛИ ЯКОККА, АМЕРИКИЙН АВТОМАШИНЫ БЭЛГЭ ТЭМДЭГ (БҮТНЭЭРЭЭ)
Лидо Антони "Ли" Якокка нь магадгүй Генри Фордын дараах автомашины корпорацын хамгийн алдартай удирдагч.
Том биетэй, сигар татах дуртай Якокка Ford Motor Company-д он удаан жил ажилласан ч, дампуурлын ирмэгэн дээр байсан Chrysler-г аварч ашигт байдалд буцаагаад аваачсанаараа хамгийн их нэр хүндтэй. Автомашины салбараас огцорч тэтгэвэртээ гарсныхаа дараагаар Якокка өөрийн ихэнх цагийг буяны үйл ажиллагаанд зориулах болсон. 1983 онд түүний эхнэр Мэри нь чихрийн шижингээр нас барсны дараахан тэр The Iacocca Foundation нэртэй буяны байгууллагаа нээсэн юм. Тэрээр энэхүү өвчний судалгаа шинжилгээнд нийт 26 сая гарам доллар хандивлажээ.
Якокка нь 1924 оны 10 сарын 15-нд Пенсильваниягийн Аллентовн гэх аж үйлдвэрийн хотод мэндэлсэн ба түүний эцэг эх болох Никола ба Антониетта нь Италийн цагаачлагчид байсан аж. Италиас Эллисийн эрэг рүү аялж байх замд Якоккагийн ээж гэдэсний хижиг өвчнөөр өвчилж, дараагийн онгоцоор золтой л Итали руу буцаагаад хөөгдчихсөнгүй. Якоккагийн эцэг нь сайн дурын гутал засварчин байсан бөгөөд эцэст нь Orpheum Weiner House нэртэй хоолны газраа нээсэн нь тэдний гэр бүлийг Агуу Хямралын үеэр арай чүү аварсан байна. Хүүхэд насандаа Якокка өөрийн жижиг улаан тэргээр үйлчлүүлэгчиддээ хүнс зөөж, мөнгө олдог байлаа.
Ли Якокка өөрөө маш хүнд бага насыг туулж өнгөрүүлжээ. Жаахан байхдаа үе мөчний өвчин хүндхэн тусч цэрэг таталтын үеэр эмч нар түүнийг "4F" гэж ангилснаар тэр Дэлхийн II Дайнд оролцолгүй өнжсөн.
Orpeum-ыг сүүлд "Якокка" нэртэй болгосон ч, ихэнх Пенсильванчууд түүнийг Ёкко гэж дуудаж заншсанаар өөрчлөлгүй хэвээр нь үлдээжээ. Та одоо ч гэсэн Аллентауны ойр хавьд хэд хэдэн Ёккогийн Зайдасны мухлагийг олж болно.
Ли Якокка өөрийн гэр бүлийн замналаар хоолны бизнест хөл тавих маш их сонирхолтой байлаа. Тэр Мак Дональдсыг төрөхөөс бүр өмнө нь түргэн хоолны франчайзингийн талаар маасганаж явсан удаатай. Иймдээ ч тэр аавтайгаа нийлэн жижигхэн ч гэсэн тун оновчтой хоолны газар нээжээ. Гэвч Аллентауны дунд сургуулийг төгсч, Ленай дээд сургуулийг инженер мэргэжилтэй дүүргэснийхээ дараахан Якокка Принцтон Их Сургуульд үнэгүй суралцах тэтгэлэг гардан авчээ.
Энэ л түүнийг Форд компанийн инженерийн суудалд аваачсан юм. Ажлаад удалгүй тэр борлуулалтын албанд орж, мөн тэндээсээ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэсэг рүү дэвшив. Компанидаа ажиллаж байх хугацаандаа Якокка Мэри хэмээх бүсгүйтэй танилцаж гэрлэн, Кэйтрин болон Лиа нэртэй хоёр охинтой болжээ.
Мустангийн Эцэг, Шельби Кобра
Якокка нь домогт Мустангийн гэрэлт ирээдүйг хэнээс түрүүнд олж харсан бөгөөд шинэхэн автомашин ченжүүдийн гарт 1964 онд хүрч түүний нэрийг автомашин сонирхогчдын дунд мөнх дархалсан байна. Тэрээр Lincoln Continental Mark III, Германд угсарсан Ford Fiesta болон брэндийн нэрийг дахин босгож чадсан Mercury Cougar-аараа ямагт бахархдаг. 1960 он гэхэд Якокка Форд компанийн орлогч захирал болж чадсан ба 10 жилийн дараа тэрээр дэд ерөнхийлөгчөөр томилогджээ.
Якокка өөрийн хамтран ажиллагсад болон аавынхаа адил автомашины галзуу хорхойтон байгаагүй ч түүний бүтээгдэхүүний ирээдүйг харах зөн билэг нь бусдаас хурц байсан. Зүрхний өвчний улмаас автомашины уралдаанд амжилт үзүүлж чадахгүй болсон Карол Шельбид өөрийн гэсэн спорт автомашинаа бүтээх сэдэл төрсөн аж. Тэр Якоккад энэ удаа ханджээ. "Би оффис руу алхан орж түүнд ингэж хэлсэн, 'Надад автомашин бий болгоход $25,000 хэрэгтэй байна. Миний машин Corvette-г замаас арчин хаях болно.'
Шельби Inside Line сэтгүүлийн ярилцлагад хэлэхдээ:
"Тэр над руу хэсэг зуур харснаа өөрийн туслахдаа, 'Энэ залуу хэн нэгнийг хазчихаас өмнө мөнгийг нь өгөөд явуул' гэж хэлсэн. Тэр намайг яг л галзуу амьтан байна гэж бодсон байх. "
Якокка Техас залууд 5 сая ам доллар бэлнээр өгч, дараа нь өөрийн Шельби Кобра Мустангийг бүтээхдээ түүний тусламжийг эржээ. Крайслерын багт элсээд сар хүрэхгүй хугацаанд Ли Якокка Карл Шельбиг дуудаж, цаашдын түншлэлийн талаар ярилцсан байна. Гэвч байдал үнэхээр хэцүүдсэн байсан учир тэр дараагийн 2 жилийг компаниа аврахад зориулсан.
Гэвч эцсийн дүнд Шельби Якокка 2 Dodge Omni GLH болон Shelby Charger гэх зэрэг Крайслераас гаралтай бүтээгдэхүүн дээр хамтран ажиллажээ.
Диваажин дахь зовлон
Нөхцөл байдал жоохон л өөр байсан бол Якокка өөрийн мэргэжлээ эхэлсэн газартаа төгсгөх байсан байх - Фордод. Компанийн ерөнхийлөгч болж, жилийн сая долларын орлоготой байх нь түүний мөрөөдөл байсан ч нэг зүйл түүнд саад болов. Якоккагийн захирал Генри Форд II. Якокка өөрийн намтартаа Фордыг бизнесийн шийдвэр гаргахдаа явцуу, хадарган хэмээн дүрсэлсэн байдаг. Якокка бичихдээ, "Энэ бүхэн итгэмээргүй байсан. Томоохон хөрөнгө өвөлж авсан мунхаг эр бүгдийг юу ч үгүй устгаж, завааруулж байгаа нь".
Форд 3 жилийн турш Якоккаг халах бүхий л шалтгаан, бололцоог хайж байсан ч амжилт ололгүй, 1978 онд албан хүчээр зорилгодоо хүрсэн юм. Форд энэхүү санал зөрөлдөөнийг хувийн шалтгаанаас болсон хэмээн тайлбарласан. "Надтай цаашид дахин хамтран ажиллаж чадахгүй гэдгээ ойлгоход Генри Фордод 32 жил шаардлагатай байсан бололтой," хэмээн Якокка түүнийг шоолонгуй шүүмжилсэн байдаг.
Ford Pinto-д бензины савны асуудал гарснаас болж 1978 оны 6 сард 1.5 сая автомашиныг худалдаанаас татан авсан. Энэ үед Форд Якоккаг золиосны хүнээ болгон ашигласан гэж хүмүүс одоог болтол сэрддэг. Гэвч энэ үед Якокка компанийг өөрийн саналаар орхиход аль хэдийнэ бэлэн байсан юм. Якокка ажилладаг байхад Ford Motor 2 тэрбүм ам долларын орлоготой байсан учир түүнийг халах төлөвлөгөө захирлын зөвлөлд нэг их таалагдсангүй. Энэ маргааныг Форд нэг л өгүүлбэрээр шийдвэрлэсэн: Би, эсвэл Якокка.
Мэдээж Якокка ажилгүй удаагүй. Форд компанийн инженер асан, бүтээгдэхүүн төлөвлөгч мөн түүний шилдэг ажилчдын нэг болох Хал Сперлик нь Генри II-ын таалалд бас л нийцээгүй бөгөөд Якоккагаас хамаагүй өмнө халагдсан байжээ. Сперлик төд удалгүй Крайслерт ажиллаж эхэлсэн ба 2 жил хүрэхгүй хугацаанд Якокка эргээд түүний боссоор томилогдов.
Якокка 54 настайдаа Фордоос халагдахдаа тэтгэвэрт гарахад бэлэн биш байсан. Түүнд Реногоос ажиллах санал ирсэн ба Европ, Япон, АНУ-гийн томоохон машины компаниудын хооронд түншлэл бий болгох байгууллага нээхийг ч бодож байв.
Гэвч оршин тогтнохын төлөө тэмцэж буй Крайслер компанид бүтээгдэхүүний мэдлэгтэй, хүчирхэг удирдлага хэрэгтэй байсан нь гарцаагүй. Тийм ч учраас Фордоос халагдаад 3 сарын нүүр үзэлгүй Якокка Крайслерт орсон юм. Яг энэ үед аль хэдийнэ асар их алдагдалд ороод байсан эл компани нь нэмээд 155 сая ам долларын хохирол амссанаа мэдүүлээд байжээ.
Сөнөж буй Крайслерийг аврахын төлөө тэмцэх нь...
Оронгуутаа л Якокка хэд хэдэн асуудлуудыг шууд олж харсан. Удирдлагын зохион байгуулалт бутархай, үр дүнгүй байсан ба компанийн бэлэн мөнгө аюултай төвшинд очтолоо багассан байжээ. Крайслерийн бүтээгдэхүүний бүрэлдэхүүнд туслалцаа хэрэгтэй байсныг Крайслерийн ерөнхийлөгч асан Сперлик аль хэдийнээ мэдэрч, тэр тал дээр нухацтай ажиллаж эхэлсэн байв. Тэрээр Форд компанийн хэрэгжүүлэхийг хүсээгүй урд дугуйгаараа мааждаг жижиг ачааны машины төслийг анхлан эхлүүлж чадсан. Якокка өөрийн намтарт, "Компанийн ажилчид тэр чигээрээ айсан, бухимдсан байсан. Хэн ч зөв зүйлийг хийхгүй байсан юм". Якокка ажлаа анхнаасаа л тун харгисаар эхэлсэн. Тэр Крайслерийн нийт 35 орлогч захирлын 33-г нь халж орхив.
1979 оны зун гэхэд Крайслер засгийн газраас яаралтай тусламж авахаас өөр гарцгүй болсон хэмээх яриа олон нийтэд тархжээ. Энэ үед Якокка өөрийн багийг бүрдүүлж, компанид тулгамдаад байсан хойшлуулашгүй асуудлуудыг нэрлээд амжсан байв. Үүнд хэтэрсэн их нөөц болон бүтээгдэхүүний чанар дээр маш бага анхаарал хандуулснаас үүссэн зардлууд орсон байна.Якокка-ийн хэлснээр Aspen ба Volare загварууд тийм ч сайн хийгдээгүй байсан гэсэн бөгөөд тэдгээрийн хаазан дээр гишгэхэд хөдөлгүүр гацаж, капот гэнэт онгойдог дутагдалтай талтай байсан байна.
Уйтгартай, урамгүй бас зорилгогүй маркетингийн кампанит ажлууд Крайслерийн уй гашуу дээр нэмэр зовлон болж байсан гэж Якокка үздэг. Үүний үр дүнд тэр Крайслерийн удаан хугацаанд ашиглаж байсан зар сурталчилгааны агентлагийг халсан юм. Якокка өөрийн шинэ агентлаг болох Kenyon & Eckhardt-тай хамтарч маш олон шинийг санаачилсан маркетингийн төлөвлөгөөг сэдсэн нь сүүлд Якоккад маш их амжилт авчирсан.
Тэд Крайслерийг туршаад, дараа нь тэрхүү автомашинаа худалдан авсан үйлчлүүлэгч бүрт $50 олгож байв. Мөн тэд худалдан авсан бүтээгдэхүүн нь таалагдаагүй үйлчлүүлэгчид мөнгийг нь буцаан олгох үйлчилгээг санал болгосон. Хүмүүс Крайслер худалдаж аваад, 30 хоног жолоодоод, таалагдахгүй бол мөнгөө буцааж авах боломжтой байсан юм. Ингэхдээ элэгдлийн шимтгэлд ердөө $100 төлдөг байв. Шинжээчид үүнийг жинхэнэ сүйрэлд аваачина гэж таамаглаж байсан ч худалдан авагчдын ердөө 1 хувийн 2/10 нь л машинаа буцаажээ.
Гэсэн хэдий ч 1980 онд байгалийн хийний хямрал болж, Дундаж дорнодод асуудлууд дэгдэх үед хэн ч эдийн засгийн байдлаа аварч чадаагүй. Японы компаниуд байгалийн хийний хямралыг урьдчилан харж, өөрийн хангалтын системдээ маш олон хэрэгцээтэй бүтээгдэхүүнүүдийг дарж амжсан байлаа. Крайслер харин огтхон ч бэлтгэлгүй байсан. Крайслерийн хэдэн мянган ажилчид халагдаж, ийнхүү ажилгүйдсэн юм.
- Эцсийн эцэст Крайслер тусламж эрсэн. Тэд Вольксвагентэй хамтран ажиллах талаар хэдий ярилцсан ч шийдвэрт хүрч чадалгүй дуусгасан. Төгсгөлд нь Якоккад хоёрхон сонголт үлдсэн юм. Дампуурснаа хүлээн зөвшөөрөх аль эсвэл засгийн газраас тусламж гуйх. Нэр хүнд нь хурдацтай унаж байсан Якоккад энэ 2 сонголтын аль нь ч таалагдсангүй.
- Тэр мэдээж яахын аргагүйд сүүлийн замыг сонгосон. Ингэхдээ гуйлга гуйж байгаа мэт бус харин зээлээр мөнгөн тусламж авсан юм. Олон хүний хувьд энэ хоёр утгазүйн хувьд адилхан мэт санагдаж байсан ч Якоккад энэ 2 зүйлийг ялгаж салгах нь маш чухал байлаа. Тэр өөрийн жилийн цалингаа $1 болтол нь бууруулсан юм.
- Якоккагийн удирдлаган доор байхдаа Крайслер дампуурлаа зарлаагүй. Харин тэр банкнаас зээл авч амьсгалах агаартай болсон даруйдаа компанийн ирээдүйг аврах 2 бүтээгдэхүүн шинээр гаргасан юм. Энэ бол K-машин, жижиг ачааны машин болон Детройтын татгалзаад байсан дээвэр нь дэлгэгддэг Крайслер ЛеБарон байлаа.
- Якокка эцэст нь өөрийн батлан даалтаа авсан ба бүх насаараа Бүгд Найрамдах намыг дэмждэг байсан тэр Ардчилсан нам руу хандлагатай болж эхлэв. Якокка бичихдээ, "Хэрэв 1979 онд Бүгд Найрамдах нам засаг барьдаг байсан бол Крайслер одоо байхгүй байх байсан. Бүгд Найрамдах намынхан биднийг тоож 'сайн уу' ч гэж хэлэхгүй байсан биз."
- Эцэс сүүлд нь $1.5-тэрбумийн хэмжээтэй буцааж төлөх баталгаат зээл нь Крайслерийг хэцүү байдлаас аварчээ. 1983 оны зун $813,487,500-ийг буцааж төлсөн гэдгээ Якокка олон нийтийн өмнө аварга том картонон цаасан дээр бичин зарласан байдаг.
Ялалт ба эмгэнэлт явдал
Якоккаг гаднаас нь хархад тэр баяр хөөртэй байгаа мэт боловч дотроо тэр шатаж байсан юм. Хэдхэн сарын өмнө түүний 27 жил ханилсан хайрт эхнэр Мэри нь зүрхний шигдээсээр 57 насандаа таалал төгссөн байв. Тэрээр Якоккагийн адил маш шударга, хатуу тэмцэгч байсан ба түүнд хэрэг болсон үед ямагт хажууд нь байж чаддаг байсан аж.
Гэхдээ тэр үед Ли Якокка жинхэнэ рок од болж амжсан байсан - Мустангийн эцэг, бүхэл бүтэн автомашины хувь заяаг аврагч мөн Франк Синатра, Вик Дамон, Бил Косби, Боб Хоп зэрэг маш олон шоубизнесийн одуудын дотны анд. Түүнийг телевизийн зар сурталчилгаа, амьд ярилцлага, тэр ч бүү хэл олон ангит кинон дээрээс хүртэл байнга харах болов. Түүний нэр хүнд ид бадарч байх үед улс төрд нэр дэвших боломжтой хүмүүсийн тоонд Якоккаг ямагт багтаадаг байлаа.
Тэр 1992 онд 68 насандаа тэтгэвэрт гарах хүртлээ Крайслерийг удирдаж байсан юм. 3 жилийн дараа Кирк Киркориан хэмээх санхүүч мэргэжилтэй залуу Крайслерийн эрх мэдлийг өөртөө санаатайгаар авахыг завдах үед Якокка чухал үүрэг гүйцэтгэжээ. Энэ явдлаар Якоккагийн Крайслертай холбогдох холбоо дуусч байгаа мэт санагдсан ч хүмүүс эндүүрч. 2005 оны зун Якокка Крайслерийн телевизийн рекламанд Снуп Доггтой хамтран тоглож, "Хэрэв та үүнээс сайн машин олж чадвал худалдаад ав!" хэмээн үглэж олныг гайхшруулав. Якоккагийн авсан бүх хөлс сахрын шижингийн судалгаа шинжилгээнд зориулагджээ.
Якокка Крайслерийг орхисныхоо дараа зөвлөгөө өгөх ажил хийж, хэд хэдэн бүтээгдэхүүнүүдийг санхүүжүүлж, олсон мөнгөө мөн л сандаа зориулдаг байв. Ямагт бусдын түрүүнд байдаг Якокка 1996 онд $1,200 үнэтэй цахилгаан дугуйны EV Global Motors-ыг байгуулав. Үүний дараахан тэр Лидо хэмээх тэтгэвэрт гарагчдад зориулсан гольфийн тэргийг санагдуулам том хөсгийг зохион бүтээжээ. $10,000 үнэтэй Лидо нь Chrysler PT Cruiser-гийн муухан дуураймалтай адилхан байлаа.
Гэвч Inside Line-д өгсөн ярилцлагандаа Якокка үүнийг илт няцааж, машины загвар бусдыг дуурайгаагүй харин ч маш ретро болсон гэдэгтээ бат зогссон юм. Тэр Лидотой хамт Hammacher Schlemmer каталогийн нүүрийг чимлээ. 2009 оны зун тэр Форд Мусгангийн 45 жилийн ойд зориулан гаргасан "Iacocca Edition"-г идэвхижүүлэхэд тусалсан юм. Мөнгөн машинуудын 45 нь 65,000 доллараар Лос Анжелесийн дилер Галпинд борлуулагджээ.
2000 онд Якокка өөрийн хүргэн хүүтэй хамтран оливын тосноос хийгдсэн цөцгийн тос орлуулагчийг бүтээжээ. Мэдээж энэ нь сахрын шижин болон зүрхний үйл ажиллагаанд ээлтэй байсан ба ашиг орлого нь бүгд санд хандивлагддаг байв.
Якоккагийн ном хамгийн их борлуулалттай
Якокка 2007 оны 5 сард Удирдагчид хаачив? нэртэй ном гарган нийтийн анхаарлыг дахин булаав. Энэхүү үргэлжилсэн үгийн зохиолдоо тэр одоогийн бизнест сайн удирдагчид дутаж байгаад сэтгэл зовнилоо илэрхийлсэн юм.
Ишлэл татвал: "Энэ дэлхий дээр болж буй бүхэн ганцхан намайг залхаагаад байна уу? Бидний эмх замбараагүй байдал хаа байна аа? Бид цагаандаа гарсан алуурчин мэт байх ёстой. Бид өөрсдийн хөлөг онгоцоо ухаан муутай бозогоор залуурдуулж, корпорацын дээрэмчид биднийг сохордуулж байхад далайн шуурганы дараа хотоо цэвэрлэх нь битгий хэл ганц муу хараал илсэн хайбрид машиныг ч бүтээж чадахгүй байна.
Гэвч уурлаж ундууцахын оронд бүгд өөрийн зөөлөн сандал дээр залран сууж, улс төрчид 'Эцсийг нь үзье' гэж хэлэхэд толгой дохин зөвшөөрдөг болж. Эцсийг нь үзэх ээ? Даажигнаж байгаа байлгүй дээ.
Энэ бол Америк улс болохоос биш хараал идсэн Титаник биш. Би та нарт нэг л үг хэлье. Ажилгүй хүмүүсийг гаргаж хая! Та нар намайг зөнөчихөж, галзуурчихаж гэж бодож байж магадгүй л дээ. Үнэн ч байж болзошгүй. Гэхдээ хэн нэгэн нь одоо л дуугарахгүй бол оройтохно байна."
Хамгийн сонирхолтой нь түүний энэ хэлсэн үг болон бусад хэсгүүдийг маш олон хүмүүс нэрээ нууцлан ишлэл татсан байдаг бөгөөд интернэтээр маш хурдан тархаж чадсан билээ. "Би та нарт нэг л үг хэлье. Ажилгүй хүмүүсийг гаргаж хая!" мөрийг "Би та нарт нэг л зүйл хэлье. Ардчилсан намыг Обаматай хамт гаргаж хая!" гэж хүртэл өөрчилжээ.
Якокка 1993 онд өөрийн хайрт Детройтыг орхиж, Лос Анжелесийн Бел айр хот руу нүүв. Тэр Италид өөрийн гэсэн байшин бас усан үзмийн талбайтай. 1987 онд буюу эхнэрээ өнгөрснөөс хойш 3 жилийн дараа Пегги Жонсон гэх сэтгүүлч хүүхэнтэй гэр бүл болсон боловч жилийн дараа салцгаасан аж. Якокка 1991 онд Зоогийн газрын эзэн Дарриентэй гэрлэсэн ч, 1994 онд дахин салцгаав. Тэр одоо болтол өөрийн хоёр охин болон ач нартайгаа ойр харилцаатай байдаг. Мөн тэр өөрийн удирдах чадвар болон нийгэмд оруулсан хувь нэмрээрээ маш олон шагналуудыг гардан авсаар байгаа.
2010 оны 11 сард нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа Якокка өөр ямар нэгэн авто компанид ажиллах, шинээр автомашин бүтээх, ном бичих сонирхолгүй байгаагаа хэлжээ.
Эх сурвалж: www.cardoctor.mn