БАДРАНГУЙ ТӨГСГӨЛИЙН ДАРААХ БААТАРЛАГ ЭХЛЭЛ БУЮУ UAZ PATRIOT

Суувааг 69-өө зараад эксел авахад манай нутгийнхан “Түй чорт, ээ хайрхан тэрэг” гэцгээж байсан юм.

Үнэндээ Сууваагийн жинхэнэ нэрийг хэн гэдэг байлаа даа. Мартсан байна. Гэвч бэлтэй айлын ганц охин, тэр аатай бор хүүхэн олон 69 сэлгэж унасан,тэгэхдээ бүр нэг хаа л явна цагаан тоосоороо хамаг амьтныг булж явдаг байлаа.

Ямар сайндаа л Сууваагийн сургаар үхэхээс бусдыг үзэж, үхэр цам харайхыг харах шахсан ахмад жолооч нарын зүрхэнд шар ус хурж, гар нь чичрээд ирэхэвдээ. Нэг удаа Сууваа нэгдэл нийгэмд жолооч явсан, тэрнээс өмнө хамтралын үед жолооч явсан, тэрнээс ч бүр өмнө дайны үед ЗИС-5 унаад давшиж явсан Балдир маамаатай аймгийн төвөөс сумын төв рүү уралдаад хөөрхий муу өвгөнийг хөлдөө чирчих шахсан байж билээ.

Дараа нь Сууваа чоно хөөж дайрлаа, Сууваа зээр дугуйлдлаа. Сууваа бор гөрөөс эргүүлээд ирж гэнэ... гэсэн яриа сумаар нэг тарж, арай л нохой дайрчихлаа гэж хэлэгдээгүй юмдаг. Гэвч эцсийн бүлэгт Сууваа Орос танк 69-өө экселээр солисноор энэ бүх дуулиан, шуугиан намжсан юм. Ингэж манай нутгийн манан будан дундаас УАЗ-469-үүд маань хаашаа ч юм бэ? алга болцгоож эхэлсэн дээ хөөрхий.

  • Орос ах нар хэцүүхэн байдалд орцгоосон. Юу гэхээр манай Ивануудын зах зээлийг зүүн зүгээс Самурай нар, зүүн өмнөд зүгээс Хангу нар, баруун зүгээс европ, Америкчуудын төмөр хүлгүүд түрээд эхэлсэн юм. Гэтэл ах нар маань нөхдүүдийн давуу талыг тоолгүй, УАЗ-469-өө өнөө хэвээр нь цул төмрөөр үйлдвэрлэж байгаад илүү тав тух, хурд хүч, сэтгэл ханамжийн баталгаатай бусад өрсөлдөгчдөө нухуулчих шахваа хөөрхий. Гэвч Орос хүн бол орос хүн. Тэд бууж өгөх дургүй. Тийм учир УАЗ-469-ийнхөө эрин үеийг бадрангуй гэрэлтэйгээр төгсгөж, УАЗ-Патриотын шинэ эрин үеийг эхлүүлжээ.

Инженер: Бид УАЗ-469-ийнхөө үйлдвэрлэлийг зогсоохын яг өмнөх жил юм. Манай шинжлэх ухаан-техникийн төвийн захирал Евгений Галкины ажлын ширээн дээр цоо шинэ УАЗ-ын логоотой жолооны хүрд байсан. Тэр жолооны хүрд та бидний сайн мэдэх жирийн л нэг руль огт биш байлаа. Харин гурван салаа, түүн дээрээ олон үйлдэлтэй, торгомсог бүрээстэй харагдсан. Гэвч нөхөр Галкин яагаад ч юм бэ? түүнийг булаах шахам шүүрч аваад далд хийчихсэн. Гэсэн ч би түүнийг нь шинэ патриотын жолооны хүрд мөн байна гэдгийг бандан тас гэдэг шиг мэдчихсэн юм.

Цоо шинэ патриот гаднаасаа тийм ч өөр, өнгө зүсээ хувилсан төмөр хүлэг биш. Гагцхүү ондоо хэлбэртэй радиаторын торон дээр УАЗ-ын таних тэмдэг Логог томруулсан нь түүнийг илүү сүрлэг болгож өгсөн. Тэгэвч дотроо бол хэд хэдэн дорвитой өөрчлөлт гарсан. Өөрөөр хэлбэл УАЗ патриотод зүүн талын шатахууны банк гэж байхгүй.

Ингэснээр тухайн авто машин нэг шатахууны банктай төдийгүй, энэ нь улиг болсон бензин насосны төсгөлийг авч ирсэн ихээхэн давуу талтай эд болжээ. Түүгээр ч зогсохгүй цагийн аясаар зэвэрч, цоорчихоод бөглөж, таглах гэж үе үеийн жолооч нар үйлээ үздэг байсан бас нэгэн зовлон болох төмөр банкыг халж, хуванцар банктай болсон патриот шүүр бохирдох аюулаас давхар сэргийлэгдсэн байгаа нь тун ч сайшаалтай.

  • Өгүүлэгч: Орос ах нарын маань авто ертөнцийн шинэ уран бүтээл болох УАЗ патриотын дотор салон өвөг машинуудтай зүйрлэхийн аргагүй. Загварлаг, ухаалаг, цаанаа л нэг тав тух бүрсэн, сэтгэлд өег.
  • Тэрнээс гадна хянах самбар дундуур гүйж, хадам ээжийн суудлын өмнө очдог хэсэгт никель оруулга хийж өгсөн нь патриотыг илүү тансаг зэрэглэлд багтаах шалтгаан болсон санагдана.
  • Патриотын жолооны ард суухад таны өмнөөс Air Bag гэсэн бичиг тодорно. Энэ бол юу ч биш. Арьсан бүрхүүлтэй, дээрээ ухаалаг системтэй патриотын жолооны хүрд яг л Toyota, Lexus, BMW-гийн хурдан хүлгүүдийнх шиг дээшээ, доошоо, наашаа, цаашаа хөдөлж, жолоочид өөртөө тохируулан жолоодох боломжийг нээгж өгч байгааг нь бахдаад бахдаад барамгүй.

Инженер: Манай УАЗ-ын үйлдвэрийн авто машинуудын хамгийн гол дутагдал бол тав тухаас гадна өвлийн улиралд кабин дотроо хэтэрхий сэрүүхэн, заримдаа бүр хүйтэн байдагт оршино. Энэ дутагдлаа бид патриот дээр засах гэж оролдсон маань амжилттай болсон. Бид бүр өмнө өгүүлсэн нөгөө торгон, арьсан бүрээстэй рулиэ хүртэл халдаг болгож чадсан.

Жижигхэн ч гэсэн энэхүү дэвшил манай хэрэглэгчдэд том сэтгэл ханамж өгсөн байна лээ. Мөн бид хуучин загваруудад гардаг байсан дуу чимээг шийдэж, шаардлага хангахгүй байсан агааржуулалтын системийг үндсээр нь сольж шинэчилсэн. Одоо гадаа нэмэх 35 хэмийн халуунтай байхад патриотын кабин дотор хасах 12 хэмийн сэрүүн байх жишээтэй. Өвөл нь яг үүнийхээ эсрэг ажиллах горимтой. Нэмэлт халаагуур тавих ямарч шаардлагагүй.

Бидний хайртай УАЗ-ын авто машинуудад байдаг нийтлэг дутагдал бол салоны дуу чимээ. Шуудхан хэлэхэд жолооч, хойд талын суудал дээр сууж яваа зорчигтой үг солих гэж хоолойгоо сөөтөл хашгирдаг байлаа.

Гэтэл УАЗ партиотод ийм зүйл алга. Оросууд алдаагаа засчээ. Басхүү энэ машинд хийсэн бас нэгэн гайхамшигтай өөрчлөлт бол та бидний зүүдлээчгүй ESP систем юм. Орос машин, тэр тусмаа УАЗ-ын үйлдвэрийн авто машинд ийм гайхалтай шинэлчлэлийг цагаа олж хийнэ гэж хэн ч бодоогүй байсан нь мэдээж. Энэ талаар Оросын Шинжлэх ухаан-техникийн төвийн захирал Евгений Галкин ярихдаа “Патриотод хийсэн жинтэй шинэчлэлийн нэгт тогтворжуулах систем зүй ёсоор тооцогдоно. ESP тохируулах ажлыг

Германы өвөл, зуны зам дээр бүтэн жил тойрон туршсаны эцэст дуусгасан. Үр дүнд нь үнэхээр дажгүй систем боллоо” гэсэн байна.

  • Бодоод бодоод бодын шийр дөрөв гэгчээр УАЗ патриот гэдэг энэ машин баруунтан, зүүнтэний төмөр хүлгүүдэд байраа тийм ч амархан тавиад өгчихгүй бололтой.
  • Учир юу гэхээр саяхан л юун яасан элдэв шалдав систем, энэ тэр манатай байсан УАЗ-ынхан маань цоо шинэ бүтээлдээ суурилуулсан  ESP хэмээх энэхүү систем нь халтиргаа, гулгаа ихтэй зам дээр хөдөлгөөний тогтвортой байдлыг хангаж, газартай гагнаад өгдөг болжээ.
  • Түүгээр ч зогсохгүй машин өгсүүр зам руу явж байгаад хүч алдсан тохиолдолд туслах системийнхээ ачаар найдвартай зогсдог болсон гэнэ. Хуучин бид яадаг байлаа даа. Чулуу мод ивээд л, бараг л газрын уруу буцаагаад алдчих шахдагсан. Өнөө гэтэл УАЗ-аас тэр зовлон үгүй болжээ.

Инженер:  Бид УАЗ патриотынхоо хөдөлгүүрт бараг гар хүрээгүй. Манай хөдөлгүүр угаасаа хүчтэй, чанартай гэдгийг Монголчууд та нар сайн мэднэ. Тийм болохоор 69 хөдөлгүүр тэр янзаараа патриотын хамар дотор байгаа. Харин тун удахгүй бидний хийхээр зорьж байгаа дараагийн нэгэн шинэчлэл бол патриотыг турбо хөдөлгүүртэй болгох явдал. Хэрвээ бид энэ шинэчлэлийг хийж чадах юм бол Монголчууд та бүхэн баярлана гэдэгт эргэлзэхгүй байна.

Бидний хэрэглэгчдэдээ барих бэлэг үүгээр дуусахгүй. Энэ онд манай инженерүүд жип авто машинд дуртай эрэлхэг эрчүүддээ зориулж  илүү шинэлэг хурдны хайрцаг, араа шүд шиг арзгар дугуйтай, урд гупертээ өөрөө татагч лебёдктой, илүү бат бөх шал, тоноглолтой говь, хангай, элс шаврын алинд ч баатарлаг тийм загваруудыг үйлдвэрийн шат дамжлагаас гаргана.

  • Цаг ямагт УАЗ-тай хамт байдаг Монголчууд та бүхэндээ баярлалаа.
  • Танилц энэ бол БАДРАНГУЙ ТӨГСГӨЛИЙН ДАРААХ БААТАРЛАГ ЭХЛЭЛ БУЮУ УАЗ ПАТРИОТ