ТӨГС ТӨГӨЛДРИЙН НАЙРАГЛАЛ LEXUS

Самурай нар хэзээний бууж өгөх дургүй, санасандаа хүрэхээс нааш бүтэн нойртой хонох байтугай, бүлээн цайгаа ч уудаггүй тийм л хүмүүс.

Тэдний энэхүү хүчирхэг, ясны зан чанар нь Япончуудыг авто машины ертөнцөд ноёлоход нь асар их хувь нэмэр оруулсан юм. Тэгвэл ноён Тоёота-ийн домог үргэлжилсээр 1980-аад оны эхэн үетэй учран золгоход өөр нэгэн шинэ түүх бичигдэж эхэлжээ.

Энэхүү цоо шинэ түүхийг хэрвээ бичээгүй бол барууныхан Япон машиныг тоохгүй байсан байх. 1983 онд Тоёота компанийн ерөнхий захирал Эйжи Тоёода дэлхийн хамгийн шилдэг машин зохион бүтээх саналыг өөрийн чадварлаг инженерүүддээ эелдэг даруухнаар тависан юм.

Тэр даруйд Тоёота-ийнхан Флагшип Уан (Flagship One) буюу Ф1 төслийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Гэхдээ энэ төслийн багийн гишүүд цөм шалгарсан ёстой л жинхэнэ цөөвөр чононууд байлаа. Ф1 төслийн цөөврүүд хоёр жилийн дараа буюу 1985 онд Америк руу нэг их баян чинээлэг нь багтаж ядсан хүмүүс царайлаад очжээ. Тэгээд манайхан яасан гэхээр Нэгдсэн улсын жинхэнэ баячууд, дээдсийн хүрээнийхний эрх ямба нь дэндсэн хот, суурингуудад асар үнэтэй орд харш түрээслэн амьдрах болжээ. Өндөр дээд Бэвэрли Хиллс хот бол Ф1 төслийн багийн цөөврүүдийн гол үүр уурхай байлаа.

Мань цөөвөр чононууд тэнд Америкийн дээдсийн хүрээний эрхэм дээдсүүд, хатагтай, ноёд чухам яг ямар машинд шунаж үхдэг гэдгийг цаг мөч, хором бүрт судалж байгаа гэдгээ нууж, зүгээр л мөнгө цацсан хүмүүсийн дүрд тоглосон юм. Цаадуул нь ч сэжиг авсангүй. Аль үнэтэй, цайтай, нэр төртэйгээ алхам тутамдаа илчлээд хаячихсан байгаа юм.

Тэгтэл Ф1 судалгааны багийнхан мөн ч тааруухан зүйл олж мэдсэн нь манай цөөвөр самурай нарын уурыг хүргэж, уушиг зүрхийг нь оволзуулчихжээ. Америкчууд Япон машиныг ердөө л дөрвөн дугуйтай, явдаг төмөр амбар мэтээр ойлгодог байж. “Заа яахав, ингэж л бай та нар, гайгүй дээ” гэж шазуураа зууж, шазруун зангаа нуусан Ф1 төслийн багийн чононууд тансаглалаа таслан зогсоогоод нутаг буцлаа. Тэдний цуглуулсан баримт, материал, судалгааны ажил хангалттай болжээ.

Буцаж ирсэн цөөвөр самурай нар маань Тоёота Супра, Тоёота Марк-2 машинууд дээр жаахан ажилласан ч эцсийн дүнд бие даасан компани үүсгэн байгуулах ёстой гэдгийг мөрөн дээрх бөндгөртөө хэзээ ч мартахгүйгээр ойлгосон байна.  Нэгэнт ойлгомжтой болсон юм чинь шууд ажилдаа оролгүй яахав. Энэ бол Япончуудын гэм биш зан.

Урьд өмнө нь Японы компаниуд нэг улсын зах зээлд гарахын төлөө ингэж нэрээ сольж байсан болов уу?

Өмнө нь нэг ч Японы авто машин үйлдвэрлэгч компани цоо шинэ брэнд бий болгохын тулд ингэж ажиллаж байгаагүй юм. Тэгсэн золигийн Тоёота-ынхан энэ зоригтой, шийдэмгий алхмыг бусдаас түрүүлж хийгээд дээр нь бүхэл бүтэн 1 тэрбум ам долларыг зөвхөн энэ төсөлд шидсэн.

Нийт хэчнээн хүнтэй баг энэ ажилд оролцсон бэ?

Судлаач: тархи, мэдрэл нь танкаар төгөлдөр хуур, шумбагчаар цаасан шувуу ч хийж элбэг чадах, тийм гайхалтай 60 загвар зохион бүтээгч, 1400 инженер, 2300 техникийн ажилтан, 220 туслах ажилтан, нийт 24 багт хуваагдан зорьсон ажилдаа зоримог шийдмэг орцгоосон юм даа.

Квантуны армийн бригад шиг ийм их хүчээр дайрсан Тоёота-ынхан будаг шунх нь үнэртсэн шинэхэн брэндынхээ нэр төрийг харин гадны компанид даалгасан байдаг. Тэдгээр нөхөд нь ч манайхны урам, ууц хоёрыг нь хуглалгүй “Лексус” хэмээх нэр, логоо, уриа үгийг амжилттай зохиожээ. Танилц энэ бол Төгс төгөлдөрийн найраглал Лексус...

Юу ч болсон Лексус бусдаас төгс төгөлдөр байх ёстой байсан юм. Тэгж байж Америкчууд түүнд дурлах байсан агаад чухамдаа Лексус-ийн цаана Япон машины нэр төрийг аврах уу, хорлох уу? гэдэг нь шалтгаалах байлаа. Бүтэн зургаан жил шоргоолж шиг ажилласны эцэст 1989 онд анхны Лексус худалдаанд гарч, Америк төдийгүй, барууныхны арааны шүлсийг нь асгарууллаа.

Анхны жилдээ л 63584 Лексус худалдаалагдаж, дараагийн жил нь Жи Ди Фоверс хэмээх сэтгэл ханамжийн томоохон судалгааг Лексус тэргүүлсэн юм даа.

Лексус-ыг Тоёота-ын шинэ брэнд гэдгийг анхнаасаа нуух ёстой байж. Тиймдээ ч бүх зүйл эхэлсэн цэгээс Америкчууд энэ ажлын нүүр царай болж, хөшигний ард манай хэдэн Японууд хөлсөө дуслуулаад зогсож байх ёстой байжээ. Энэ ч үүднээс Лексус-ыг анхнаас нь Америкт үйлдвэрлэсэн юм.

Тоёота-ынхан Америкийн тансаг зэрэглэлийн авто машины өргөн дэлгэр зах зээл дээрээс нэгэн зүйлсийг орой руугаа ортол ойлгожээ.

Дээд зиндааны хэрэглэгчдэд зөвхөн чанартай машинаа худалдах нь хангалтгүй. Тэдэнд тухайн авто машинаа борлуулахын зэрэгцээ, түүнийг дагалдсан бусад үйлчилгээ чухал байсан юм. Лексус-ынхэн 1989 онд Америкийн хамгаас чухал 73 хотод борлуулалтын дилерээ нээсэн агаад, тэнд очиж үйлчлүүлэгчид цөм захиалсан машинаа авахаар хүлээх зуураа нэг номерын амралт цэнгээний газарт саатаж, өндөр хурдны интернэт, факс зэрэгт холбогдсон бизнес төвд тааваараа зочилж, нэрийн кафед тухалж, хувцасны дэлгүүр, хүүхдийн тоглоомын талбай, машин угаалга, хөлсний тэргээр үйлчлүүлэх эрхтэй байхаар зохион байгуулжээ.

Лексус-ын бүхий л худалдааны дилерүүдийн дэргэд маш том цонхтой авто засварын төвүүд байдагт нь үйлчлүүлэгчид ямагт сэтгэл хангалуун... Гэвч тэдгээр засварын төвүүд нь тухайн машины урд өмнө нь ямар үйлчилгээ авч байсан, эзэн нь хэн болох, зарим үед бүр өөрөө эхэлж хэлээгүй байхад эзэмшигчийн нэрийг түрүүлээд мэдчихсэн байдагт нь хүмүүс дуртай. Товчхондоо Лексус-ын бүхий л нэмэлт үйлчилгээ нь хэрэглэгчийг жинхэнэ утгаар нь хаан мэт дээдэлдэг юм.

Лексус шинэ загварын авто машин үйлдвэрлэхдээ ИДЕАЛ (“I.D.E.A.L”) хэмээх шаардлагыг дагаж, мөрддөг. Энэ бол Импрессив (Impressive) буюу гайхалтай байх, Динамик (Dynamic) буюу эрч хүчтэй байх,Элигант (Elegant) буюу тансаг байх, Эдвансед (Advanced) буюу илүү дэвшилтэт байх, Лонг Ластинг (Lasting) буюу урт удаан цаг хугацаанд чанар, чансаагаа хадгалах гэсэн өндөр шаардлагуудыг өөртөө багтаасан дэлхийн шалгуур болсон юм даа.  

Сүүлийн 15 жилийн судалгааны үр дүнд Америк болон бусад өндөр хөгжилтэй улс орнуудад Лексус бүх үзүүлэлтээрээ байнга шилдэг 5 машинд шалгарч байна.

Тийм ээ алдрын танхимын хүндэт индэрт морилох-Төгс төгөлдрийн найраглал Лексус...