АУГАА ИХ ASTON MARTIN
Астон Мартины түүх хүний мөрөөдлөөс эхэлсэн юм. Ер нь хэн нэгэн мөрөөдөж байж л та бидний хайртай машинуудыг бүтээдэг бололтой. Авто машинаар салхи сөрөн давхихаас өөр зүйл бодохоо байчихсан, түүнийгээ бүр зүүдэлж, сэрээд “амьдрал байсан ч болоосой” хэмээн амаа барьдаг болчихсон Лайонел Мартин.
Танилц энэ бол мөрөөдлөө амьдрал болгохоор шийдсэн нэгэн залуугийн түүх буюу алдарт АСТОН МАРТИНЫ түүх.
Судлаач: Тэр үеийн машинуудын хурд Мартины хүссэн хэмжээнд хүрч, жавар, салхийг сөрөн давхиж, жаргал зовлонг туулж чаддаггүй байжээ. Тэр ердөө л хурд, хүчний хааныг бүтээхээр шийдсэн. Өөрөө ч уралдааны машины чадварлаг жолооч байсан агаад, энэ төрлийн уралдаанд түрүүлж үзүүрлэж явсан түүхтэй. Хүсэл мөрөөдлөө бодит амьдрал болгохыг зорьсон Лайонел Мартин, Роберт Бэмфорд хэмээх инженертэй хамтран энэ компани байгуулсан юм.
Хоёр найз эхэндээ Зингерийн машинуудыг борлуулах нэг ёсны наймаачид байлаа. Шал өөр замаар явах шахсан манай хоёр 1915 онд нэг зөв зүгээ олж, авто машин угсарч үйлдвэрлэх жинхэнэ ажилдаа орцгоожээ.
Тэгэвч тэр хоёрт үнэндээ өөрийн гэсэн заал, танхим ч байгаагүй юм. Иймээс хамтрагчид бараг л гудамжинд суугаад хэсэг төмрийн сэг тойруулж тавьж байгаад өөр хооронд нь угсарч байсан гэвэл хилсдэхгүй. Дээр нэгэнтэй дурьдсанчлан Мартин уралдааны машины ур чадвартай жолооч байв. Тиймдээ ч тэр Астон Клинтон хэмээх уралдаанд удаа, дараалан оролцож, түрүүлсэн учир үүнийгээ билэгдэж, Астон Мартин хэмээх анхны машиныг ердөө л адууны зүчээнд угсарч орхижээ. Аугаа их Астон мартины түүх энэ мөчөөс эхлэн цуу алдраа цуурайтуулжээ.
Судлаач: Өвс, тоос бургиж, боловсноор хэлэхэд адууны өтгөн шингэн үнэртсэн зүчээнд хөдөлгүүрээс эхлээд, бусад бүх эд энгийг нь дөрвөн гараараа ээлжлэн угсарч байсан Мартин, Бэмфорд хоёр энэхүү хосгүй машинаа яг үйлдвэрлэлийн шат дамжлагад оруулдагийн даваан дээр дэлхийн нэгдүгээр дайн дэгдээд юун машин манатай болсон юм.
Тэд хоёулаа Англичууд хийгээд, энэ үйл явдал Их Британид болсон гэдгийг хэлэхээ бараг л мартах шахаж, өршөөгөөрэй. Машин үйлдвэрлэхээр манаргаж явсан Мартин маань хатан хааны Тэнгисийн цэрэгт, түүний итгэлт хамтрагч инженер Бэмфорд мөн л эрхэмсэг хатан хааны зэвсэгт хүчинд хүчээр шахуу татагдан, буу үүрээд Германчуудын өмнөөс явж өглөө. Англичууд холбоотнуудтайгаа хамжиж, дэмжиж байж арай гэж нэг юм дайнд ялсан ч гэсэн инженер Роберт Бэмфорд 1920 онд Мартиныг бүр мөсөн орхив.
Тун ч таагүй байдалд орж ганцаардсан Мартин компаниа өөр тийш нүүлгэж, бас л уралдааны машины улаан хорхойд идүүлчихсэн чинээлэг эрхэм Луи Зборовскийн санхүүжилтээр дахин хоёр ч машин зохион бүтээв. Дашрамд өгүүлэхэд дайны өмнө адууны зүчээнд угсарсан анхны машин, дараагийн хоёр машин цөм уралдааны зориулалттай байсан юм.
Судлаач: “Астон Мартин” аа уралдаан болгонд сойсон нь үр дүнгээ тэр дор нь өгч байв. 1922 он болсон нэгэн томоохон уралдаанд Астон Мартины “Bunny” хэмээх загвар нь уралдааны машины 10 төрлийн рекордыг ганц сайн тогтоож, гарч өгсөн дөө.
Хоёр жилийн дараа харин гунигтай зүйл болж, Мартины хүсэл нэгт, журмын нөхөр Луи Зборовски Италийн Монцад болсон авто уралдааны үеэр харамсалтайгаар осолд орж, ертөнцөөс халилаа. Лайонел Мартин дотны хамтрагч, ивээн тэтгэгч Луи Зборовски ч үгүй, хөрөнгө мөнгө ч үгүй, хөөрхийлөлтэй амьтан болж хувирав.
Аргагүй буланд шахадсан Мартин компаниа зарчихаад, бүрх малгайгаа тас базсаар гудамжаар гунигтайгаар яваад өгсөн юм. Нэгээс нөгөөд зарагдаж, бусдад шилжсээр байсан Астон Мартин компани 1947 онд ашгүй нэг Дэвид Брауны гарт оржээ. Дэвид Браун бол Итгэлт баян аятай, сүрхий гүйлгээ ухаантай хүн байсан болохоор Астон Мартины алдарын шинэ эрин үеийг эхлүүлж ДиБи (DB) загварыг бүтээсэн байна. Гэвч ДиБи загвар 1950-иад оны уралдаан болгонд түрүүлж, тод магнай торгон жолоо өргөсөөр байсан ч түүнтэйгээ эн зэрэгцэхүйц ашиг олж чадахгүй байжээ.
- Судлаач: Цаг болжээ. Астон Мартиныг уралдааны замаас нь бүр мөсөн буулгалгүйгээр жирийн зам дээр гаргах цаг болж. Эл учрыг сайтар ухаарсан Дэвид Браун 1960-аад оноос тансаг хэрэглээнд зохицсон машин бүтээхээр ажиллаж, 1963 онд Астон Мартин ДиБи5 хэмээх өвдөг, тохойгоо улайтал сунаж мөргөмөөр гайхамшигт загвараа зохион бүтээсэн юм.
- Чухамдаа ДиБи5 загвар бол тагнуулын баатар Жемс Бондтой кино дэлгэцэнд мөнхөрсөн, алдар нэр нь алтан дэлхий даяар түгэн дэлгэрсэн аргагүй шалгарсан төмөр хүлэг гэдгийг мэдэх хүмүүс бий. Үнэндээ, Астон Мартин ДиБи5 байхгүй бол бидний дуртай тагнуулч Жеймс Бонд магадгүй таягтай эмгэнээс зугтаж чадахгүй байсан байж мэдэх.
Зөвхөн Жеймс Бондын цуврал кинонд зориулан нийт 10 загварын Астон Мартиныг зохион бүтээжээ. Тэдгээр машинууд танк эсэргүүцэгчээр бууддаг, дугуйнаасаа хурц хутга гаргаж ирээд цас, мөсийг цавчдаг, утаа тавидаг, араас нь хөөсөн нөхдүүдийн өмнө хар тос асгаж, цаадуул нь тас гэдэргээ хардаг гээд цөм ер бусын дамшигнууд байх.
Санаанд оромгүй үйлдлүүд, тагнуулын тоноглолоороо Астон Мартиныг гүйцэх машин аваад ир гэвэл бурхан багшийг буулгаад ир гэсэнтэй адилхан юм болно.
Нэрт жүжигчин Тимоти Далтоны гол дүрийг нь бүтээсэн Жеймс Бонд кинонд зориулан бүтээсэн Астон Мартин Ви8 (V8) ВАНТЭЙЖ (Vantage) бол арслан барс мөн. Кинон дээр гардаг тэнхлэг дороо цанаар тоноглосон, ганц товч дарахад л тэргүүгээрээ Гималайд хүртэл мацаж мэдэх энэ машин амьдрал дээр 8 салаа цилиндэртэй, 410 морины хүчтэй хөдөлгүүртэй төдийгүй, 5.3-хан секундад өндөр хурд авч чаддаг болно. Нэг үгээр хэлэхэд Астон Мартин Ви8 (V8) ВАНТЭЙЖ (Vantage) бол шунал ихтэй хүний шүлс гойжуулсан унаа, даруу төлөв нэгний ноён нурууг хугалж мэдэх хайрхан.
Судлаач: дараа нь бүтээсэн Астон Мартин Ви12(V12) ВАНТЭЙЖ (Vantage) -н тухай бүр ч ярилтгүй. Ви12 хөдөлгүүртэй болохоор 4.3-хан секундэд дээд хурдаа авч чадна. Астон Мартин амьдрал дээр ч тэр, амь өрссөн уралдааны зам дээр ч тэр яах аргагүй “номер нэг” гэдгээ нотолцсоор ч ирсэн, нотолсоор ч байх болно.
Харин хамгийн сүүлд дэлгэцэнд гарсан Жеймс Бондын ээлжит цуврал болох “007: Спектр” кинонд зориулсан Астон Мартин ДиБи10 загварыг Ви8 (V8) ВАНТЭЙЖ (Vantage)-ийн суурин дээр тулгуурлан бүтээжээ.Төгсгөлд нь хэлэхэд дарга нар ирж л байдаг, явж л байдаг гэдэг шиг Жеймс Бондын гол дүрийн жүжигчид солигдож л байдаг, шилигдэж л байдаг. Гэвч Астон Мартин байж л байдаг...
Танилц энэ бол авто ертөнцийн төрийн далбаа Астон Мартин
Эх сурвалж: Гийнгоо радио 100.5