НЕМЦ СУМ BMW (БИ ЭМ ДАБЛЬ Ю)

Шийдээд нэг босох юм бол унах нарнаас ургах нар хүртэл туг сүлдээ өргөн давшиж чадах, урд өмнө нэг биш удаа тэгж дэлхийг дэвсэлж явсан Германчууд гэдэг  алив зүйлийг хийсэн шиг хийчихдэг, бүтээсэн шиг бүтээчихдэг ард түмэн. Тиймдээ ч тэд авто ертөнцийн салбарт өөрийн ноёрхолыг аль эрт тогтоочихоод, одоо хүртэл оргилоос буухгүй хэвээр байсаар байна.

BMW... энэ бол цөс ихтэй немцүүдийн бүтээсэн бүргэд, шонхор, арслан, барс... Чухамдаа Герман хүний чанарыг өөртөө бат нот шингээсэн энэ төмөр хүлгийг давж гарах авто машин энэ бидний цэнхэр гараг дээр өдрийн од шиг цөөхөн гэдгийг энд онцгойлон дурьдах хэрэгтэй. Танилц энэ бол немц сум BMW...

Инженер: ВMW-ийн түүх 1916 оноос бичигдэж эхэлсэн юм. Бүр тодруулах юм бол Обервийзенфелдийн захад байрлах Мюнхений нисэх онгоцны буудал дээр Германы яруу алдарт нисэх хүчний эхний пионерууд болох Карл Рапп, Густав Отто нар BMW-ийн үндэс суурийг амжилттай тавьсан түүхтэй.

Ингээд тэд та бидний сайн мэдэх задгай дээвэртэй, давхар далавчтай царцаа ногоон онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэж эхэлсэн юм.

Гэвч залуусын сэтгэл зүрх тэнгэрээс алгуурхан шүхрээр буусан юм. Нэгэн мянга есөн зуун хорин гурван онд Макс Фриц хэмээх чадварлаг инженер ердөө 5 долоо хоногийн дотор BMW-ийн хамгийн анхны R32 мотоциклыг бүтээсэн нь нисэх хүчний пионеруудын газарт орон зайгаа зөв олж эхэлсэн явдал байлаа.

Тэртээ хөх тэнгэрт онгоцоо орхиод шүхрээр үсэрчихсэн пионеруудын маань байгуулсан ВMW комапни 1923 онд ууган мотоциклоо зохион бүтээсэн бол 1928 онд Дикси нэртэй эхний авто машинаа үйлдвэрлэсэн нь оройхон гарч ширүүхэн дайрсан хэрэг боллоо. Дикси бол тэр үедээ хоёр хаалгатай, кабин дотроо 4-5 хүн суугаад явчихаж болох нүдэнд дулаахан, сэтгэлд дотно, итгэл төрүүлэх машин болжээ.

Инженер: Гэвч 2 хаалгатай Диксид алдарт BMW-ийн нүүр царай болсон зарим нэг зүйл байгаагүй юм шүү. Харин 1933 онд үйлдвэрээс гарсан даруйдаа бөөн шуугиан тарьсан BMW-303 бол орчин үеийн авто ертөнцийн нүүр царай болсон BMW-ийн жинхэнэ загалмайлсан эцэг юм байгаан.

Илүү чамин, тансаг, нэр төрийн баталгаа болохуйц хүнхэр том загвартай энэ машины хамрын урд хэсэгт хос бөөр шиг радиоторын мөнгөлөг хүрээтэй торон хаалтны цаана 6 цилиндэртэй хөдөлгүүр байрлуулсан байлаа. Тэрхүү хос бөөр шиг радиаторын торон хаалт бол ВMW-ийн өнөөдрийн дүр төрхийн эх үндэс болсон юм.

1944 онд BMW-ийнхэн дахиад тэнгэрт гарсан юм. Гэхдээ энэ удаа тэд урд өмнөхөөсөө илүү их хурдаар ниссэн. Өөрөөр хэлбэл BMW003 хэмээх тийрэлтэт хөдөлгүүр үйлдвэрлэхийг ноён Гитлер үндэсний шилдэг авто машин үйлдвэрлэгчдээ тушаажээ. Тун ч удалгүй Немцийн армийн хамгийн хүчирхэг тийрэлтэт онгоцууд BMW-ийн гайхамшигт хөдөлгүүрийн хүчээр дэлхийн хоёрдугаар дайны тэнгэрт дүүлж байлаа.

Хэсэгхэн хугацаанд хорвоогийн анхны тийрэлтэт хөдөлгүүрийг үйлдвэрлэж, тийм хөдөлгүүртэй онгоцууд европийн тэнгэрт ухаан жолоогүй ниссэний дараа BMW сүйрлээ.

6 жилийн хугацаанд 51 улсыг оролцуулж 60 сая хүний амийг авч одсон 2-р дайныг өдөөгч Герман орон дайнд ялагдлаа. Мэдээж үүнтэй зэрэгцэн немц сум  BMW ч сүйрлээ. Ялсан холбоотны цэргүүд тэдний үйлдвэрийг ёстой юу ч гүй болтол нь тонон дээрэмджээ.

Дайн дуусахаас өмнө Холбоотнууд Дэлхийг шинээр таллан хувааж, өөрсдийн нөлөөллийн бүсээ тогтоосон байлаа. Европ тив коммунист ба капиталист болон хуваагдаж, Германыг хоёр тусдаа улс болгочихов.
Эдийн засаг дэлхийн бүс нутгуудад харилцан адилгүй сэргэсэн байна. Аз таарч мань Немц сум BMW-ийн оршин буй Баруун Германы эдийн засаг 1950 он гэхэд дайны өмнөх төвшнөөс хоёр дахин өндөр болчихов. Итали Франц ч мөн богино хугацаанд сэргэж, тогтворжлоо.  

Дайнд хэн нь ялж, хэн нь ялагдчихваа? Зөв зам мөрийг олохын тулд эхлээд заавал төөрөх учиртайм гэж үү?

Инженер: Дайны дараа балгас болсон үйлдвэрээ бид өөрсдөө засаж сэлбэн 3-хан жилийн дараа буюу 1948 онд нэг цилиндэртэй BMW мотоциклийг Мюнхэнд үйлдвэрлэж эхэлж билээ.Бид бүгд дахин мөрөөдөлд умбасан үе маань байсан даа.

R24 гэх тэрхүү шинэхэн бүтээлээрээ Парисын авто шоунд ч оролцож байлаа. Энэ явдал BMW-ийн дахин сэргэн мандалт болсон юм. Бид ч улам урам зориг орж  Мюнхэний үйлдвэртээ седан, дээвэр нь сөхөгддөг конвертибльс, роэдстер загварын машинуудыг угсрах болсон.

BMW дандаа манлайлагч байсан гэдгийг дахиад хэлэх нь зүйтэй. Үүний нэг нотолгоо бол тэд анх V8 хөдөлгүүрийг хөнгөн цагаанаар бүтээж чадсан байдаг. Гэвч тэр үед дэлхий нийтээрээ шатахууны хямралд орж түлш их зарцуулдаг машины борлуулалт ч тааруухан байлаа. Эл учир асар хүчирхэг энэ хөдөлгүүрийг ашиглахаа нэг хэсэгтээ л хойш тавих хэрэгтэй болсон.

Нэгэнт аварга том машинуудын хэрэгцээ, шаардлага нэг хэсэгтээ бүдгэрсэн учир Германчууд BMW600 хэмээх өхөөрдөм хөөрхөн, өлгийтэй хүүхдийн бойтог шиг машин үйлдэрлэх болжээ. Төдөлгүй BMW700 ч худалдаанд гарлаа. BMW700 бол 600-аасаа арай том хэмжээтэй, тийм ч инээдтэй загвартай биш, хөдөлгүүр нь ардаа байрладаг төмөр хүлэг байв. Гэхдээ л энэ үед BMW-ийн авто машинуудын хэлбэр хэмжээ арай дэндүү жижгэрсэн нь нөгөө л шатахууны хомсдолтой холбоотой.

Инженер: Хямд төсөр, шатахуун бага зарцуулдаг жижиг машинуудыг олноор нь үйлдвэрлэсэн ч гэсэн манай компани хөл дээрээ бүрэн босч, дайны үеэр авсан шарх болох санхүүгийн хямралаасаа гарч чадахгүй байсан юм.

Гэвч BMW 1500 хэмээх тансаг зэрэглэлийн лимүзин загвар нь биднийг 1960-аад оны эхээр ёстой аварсан шүү. Хаанаас нь ч харсан нүд булааж, сэтгэл хөдөлмөөр энэ машин санхүүгийн бэрхшээлээс гарах гэж багагүй зовлон амссан BMW-ийн хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн түүхтэй.  

1972 онд BMW 5 серийн авто машин худалдаанд гарч, 1977 оноос 3,6,7 загварууд нь жинхэнэ дуулиан тарьж эхэлсэн юм. Тийм ээ тэд дэлхийг хөдөлгөж эхэллээ.

1990 он гарахад BMW дахиад тэнгэрт хөөрсөн юм. Тэд энэ удаа Английн нисэх онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэх төсөлд авто ертөнцийн өөр нэгэн араатан болох Rolls Royce хамтарсан нь цар хүрээгээ тэлж, харж байгаасаа илүү холыг харахад нь тус болсон гэдэг. BMW Англичуудын нисэх онгоцыг 9 жил хөдөлгүүртэй байлгасан.

Инженер: Бид 1993 онд Америкийн Нэгдсэн Улсын Каролина мужийн Спартанбург хотод цоо шинэ үйлдвэрээ байгууллаа. Үнэндээ энэ бол хэдий хожуу ч гэсэн бидний анхны гадаад дахь үйлдвэр болсон юм. Энэхүү үйлдвэрт маань ВМW-ийн хамгийн сор, хамгаас шилдэг бүтээлүүд болох хүн болгоны хайртай, дуртай Z3, Z5, X5 зэрэг авто машинуудыг үйлдвэрлэдэг.

Немцүүд сумыг гайхалтай хийдэг ард түмэн. Гэвч одоо тэдний сум ондоо болсон. Өөрөөр хэлбэл цэвэр цуст Арий нар шууд утгаараа бусдыг онож, гэмтээх сум үйлдвэрлэхийн оронд хүн төрөлхтөнд илүү их сэтгэл ханамж, сайн сайхныг бэлэглэдэг тийм сумнууд хийдэг болсон.Танилц тэр немц сумнуудын нэгийг BMW гэдэг.

ВMW гэдэг Германчуудын энэ сум бусад сумнуудаасаа онцгой их ялгаатай гэдгийг, түүнийг унаж үзсэн, түүгээр салхи татуулан давхиж үзсэн, тэр бүү хэсэг хугацаанд кабин дотор нь тухалж үзсэн хэн ч бай бэлхэнээ мэднэ дээ. Угтаа BMW-ийн төмөр хүлгүүд илүү чөлөөтэй, спортлог загвартай, түүндээ зохицсан, нэр төрөө хамгаалсан хүч чадалтай гэдгээрээ бусдаас онцлог.

Инженер: BMW-ийн суудлын авто машинуудын хөтлөгч нь япон машинуудынх шиг урдаа биш хойд талдаа байдаг. Эсвэл дөрвөн дугуй нь ижилхэн хөтлөгчтэй ИКС ДРАЙВ (XDRIVE) гэж нэрлэнэ. Бид жолооны хүрдэнд онцгой анхаарсан. Тиймдээ ч BMW маневр хийхдээ бусад тэрэгнээс хол илүү гарамгай.

ВMW-ийн хамгийн гол таних тэмдэг бол Кинди юм. Кинди гэдэг нь BMW компаний бүхий л авто машины хамрын өмнө талд байрлах радиоторын ихэр бөөр шиг торон хаалтыг хэлнэ. Энэ хаалтыг BMW303 загварт анх нэвтрүүлсний дараа хэсэг хугацаанд тасалдаж улмаар BMW 1500-д дахин ашигласан нь түүний нүүр царай болон тогтсон юм.Ийм ихэр бөөр шиг хаалтгүй BMW гэж төсөөлөхөд ч бэрх байгаа биз. Энэ бол таньтай мэндчилэн золгох BMW ийн давтагдашгүй төрх  

Ихэр бөөр шиг радиоторын торон хаалтыг BMW-ийн хэд хэдэн загварт ашиглаагүй байдаг. Тухайлбал: өмнөх дугаарт өгүүлж байсан өхөөрдөм, хөөрхөн хүүхдийн бойтог шиг BMW 600, 700, BMW 325 загваруудад байхгүй. Угтаа нүүр царай болсон тэрхүү ихэр торон хаалтгүй BMW цаанаа л нэг сүр хүчгүй, итгэл үнэмшилгүй, харахнээ л нэг сулбагар...

Инженер: Одоо манай BMW мотор компаний өнөөгийн байдлын талаар ярилцая. 1992-2009 оныг хүртэл Германы үндэсний авто машин үйлдвэрлэгч BMW мотор компаний захирлаар АНУ-ын иргэн Крис Бангл ажилласан юм. Энэ хүн хуучин BMW мотор компаний дизайнерийн хэлтсийн даргын албыг чамгүй амжилттай хашиж байсан туршлагатай.

Тиймдээ ч ноён Крис Бангл BMW-г удирдаж байхдаа томоохон хувьсгал хийж, бидний хайртай BMW X загварын бүхий л цувралууд дээр ихээхэн анхаарал хандуулж, гадаад үзэмж, өнгө дизайн дээр нь өөрөө гар бие оролцож бүтээсэн юм.

Ноён Крис Банглд Германчууд тийм ч ам сайтай байсангүй. Гэвч  түүний бүтээсэн BMW X загварын жипүүд нь авто машины ертөнцийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлж, бусдаасаа хол тасарчихсан юм.
Өнгө үзэмж, хэлбэр загвар, дотор салоны тохь тух гээд BMW X1-ээс X7 хүртэлх цувралууд өрсөлдөгчдөө ардаа хол хаясан.

Юмыг нь улам сайн болгож өгөөд байгаа хүнд Германчууд яагаад дургүй байсан гэхээр хуучин тогтсон хэв загварыг нь хайр найргүй эвдэж, илүү чөлөөтэй, спортлог болгосон нь цэвэр цуст Арий нарт харин таалагдаагүй юм.

Германы зарим хэвлэлд:

  • Крис Бангл бол өрсөлдөгч Мерседес бензийн BMW моторс руу сэм шургуулж, тэдний бүхий л өв болсон үнэт зүйлсийг алгуурхан устгах үүрэг хүлээсэн тагнуул

мэтээр хэлэгдэж байсан тохиолдол ч бий.Хардана хардана гэхэд ингэж хүртэл хардаж болох нь.

Инженер: Ноён Крис Банглын ихээхэн анхаарал хандуулж ажилласан BMW-X цувралын спортлог загварууд бусад авто машин үйлдвэрлэгчдэд хүчтэй нөлөөлж, даган дуурайх хандлага төрүүлсэн. Манай Германуудад Хэдий сайн муугаар хэлэгдсэн ч гэсэн BMW-ийн хөгжлийн шинэ эрин үеийг эхлүүлсэн ноён Крис Бангл 2009 онд захирлын албан тушаалаа Адриан Фан Хойдинк-д өгсөн юм.

ВMW-г Германчууд дангаараа төгс, төгөлдөрт ойртуулсан гэвэл худлаа. 2002 оныг хүртэл BMW-ийн эд анги тийм ч шалгарсан сайн байсангүй. Ихэнх хэсэг нь электорник эд ангитай, цахилгаан холбоос ихтэй байсан учир амархан эвдэрч гэмтэх, ус, цасанд саатах нь элбэг байлаа. Энэ дутагдлыг харин шинэ зууны хоёрдугаар оноос эхлэн Япончууд засч залруулан, ВMW-г шинэчлэж, илүү бат бөх болгох ажилд оролцсон нь үр дүнгээ өгсөн түүхтэй. Одоо хэтэрхий электроник байдлаас татгалзсан BMW-г Фераригаас эхлээд европийн авто машин үйлдвэрлэгчид даган дуурайж байна.

Үл мэдэг ягаан туяатай нарийхан судалны дотуур өргөн хар судал гүйлгэж, түүн дээрээ B, M, W гэсэн гурван үсгийг өрж, дотуур нь бас нэгэн нарийхан хүрээтэй цагирагийг гүйлгэн, түүнийхээ голд дээрээс доош, баруунаас зүүн тийш хэрээс, загалмай татаж, түүнийгээ цагаан, хөх өнгөөр хуваасан таних тэмдэг бол Германы алдарт BMW мотор компаний лого юм. Энэхүү таних тэмдэгийг хүмүүс янз янзаар талбайрлана. Жишээ нь: BMW-ийн лого нь мэргэн буудагчийн винтовны дурангийн загалмай юм. Энэ загалмай зөвхөн өмнөх замаа онож байх ёстой” гэх мэт.

Инженер:  Манай BMW-ийн логог өөрөөр, илүү ул суурьтай тайлбарлах юм бол логоны дугуй болон, дугуй доторх загалмай нь онгоцны эргэлдэх сэнсийг илэрхийлсэн.Хуучин нисэх онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэгч байсан үеийнх нь дурсгал юм.Цагаан хөх өнгө нь Германы эртний Баварийн хаан Вительбахын гэр бүлийн одонгоос үлгэр авч, Баварийн хаант улсын сүлдийг билэгдсэн утгатай. ВМW-ийн энэхүү алдартай лого, таних тэмдэгт өнгөрсөн үед хэд хэдэн удаа  өөрчлөлт орсон ч гэсэн үндсэн хэв загвараа хадгалсаар ирсэн юм даа.

BMW-д тогтсон стандарт гэж байхгүй. Тэд хэзээ ч стандартад захирагдаж байгаагүй, харин стандарт, шаардлагыг захирч ирсэн түүхтэй.

  • Нэг үгээр хэлэхэд ВMW загварын авто машинууд бол жинхэнэ эрх чөлөөний төмөр хүлгүүд. Нөгөөтэйгүүр BMW мотор компаний инженер, удирдлагууд ирээдүйгээ шинээр бүтээхийн тулд өнгөрсөн үеэ судалдаг. Тэгж байж хамгийн шилдэг, чөлөөтэй, загварлаг, хүмүүсийн зөвхөн хүсч мөрөөддөг машинуудыг амьдралд бүтээж чаддаг.  BMW үнэхээр хүмүүст аз жаргал өгдөг.
  • BMW нэрийг зүүсэн бүхий л авто машинууд дизайны хувьд тухайн цаг үеэ хошуучилж, хамгийн шинэлэг, үлгэр жишээ байх ёстой. Энэ бол манай BMW-ийн алтан дүрэм.

Техник технологийн дэвшлээрээ дэлхий ертөнцийг араасаа дагуулсаар ирсэн, дагуулсаар ч байх Немцүүдийн бүтээсэн сум BMW-ийн тухай өгүүлсэн нэвтрүүлгээ энэ хүргээд өндөрлөе. Нэр төрийн баталгаа болсон, аз жаргалтай, элбэг хангалуун, баян тансаг амьдралын нотолгоо болсон BMW-г ирэх он жилүүдэд бүх Монголчууд маань унаж хөлөглөх болтугай.