BMW-ИЙН ЕРӨНХИЙ ДИЗАЙНЕР KARIM HABIB-ТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА

2014 оны Парисын авто шоун дээр BMW-ийн ерөнхий дизайнер Karim Habib-тай хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.

Энэхүү ярилцлагаар олон төрлийн дизайнуудын сэдвүүдээс голчлон шинэ BMW X6, автын зах зээл дэх загварын чиг хандлага, TESLA-ийн хажуугийн тольгүй болгох шинэ санаа болон урд болон хойноо хөтлөгчтэй машины загварын ялгааны талаар ярилцсан юм. Ингээд BMW-ийн загварын гүн рүү нь аялцгаая.

Анх X6-г танилцуулж байхад, үнэхээр содон шинэлэг загвар байсан. Та энэхүү загварыг хэрхэн хөгжүүлж, содон байдлыг нь хадгалж байна вэ?

Энэ бол их төвөгтэй асуудал, учир нь таны хэлснээр X6 анхнаасаа содон байсан. Зөвхөн загвар дизайныхаа хувьд биш бүхий л санаа, хэлбэр, харьцаа гээд бүгд шинэлэг - Үүнтэй адил зүйл өмнө огт байгаагүй. Мөн анх гарч ирэхэд зарим хүмүүст нь маш их таалагдаж, зарим нь үзэн ядаж байсан ч сайшаах нь олон байв.

Энэ нь зөвхөн Америк магадгүй Оросын зах зээл дээрх ойлголт бус Герман болон Итали зэрэг таны бодож байгаагүй зах зээлүүд дээр дээрх шиг бодогдоод дажгүй сайн борлогдсон юм шүү.

Уг загварын дүр төрхөд нь тийм нэг онцлог шинж байдаг. Уг дүр төрхийн хүчтэй байдал нь энэхүү загварыг олонд таниулсан юм. Тиймээс бид энэхүү олонд хүрсэн хэв шинжийг нь танигдахуйц байлгахаар хичээж ажилласан. Машины ерөнхий дүрсийг бага зэрэг сайжруулж, ялимгүй урт копудтай буюу хамрыг нь илүү дөвийлгөсөн – гэвч та ерөнхий төрхийг нь хаанаас ч хараад л X6 гэдэг нь танихаар.

Нөгөө талаас бид бага зэрэг хэвтээ болгохыг хүссэн бөгөөд масстай гэхээсээ илүү хөнгөн харагдахуйц болсон юм. Тийм ч учраас хэрэв хоёр машиныг зэрэгцүүлж харвал шинэ үеийн загвар нь бага зэрэг хөнгөн хэмжээтэй харагдах болно.

Мөн хаалганы доогуурх бүслүүр доор байсныг бага зэрэг өргөж өгсөн. Мөн бас нэгэн чухал хэсэг нь дугуйнуудын эргэн тойрны харагдах хэсгүүдэд анхаарсан явдал юм. Тиймээс нэмэлт зүйлүүдийг тусгаж, дугуйн эргэн тойрныг илүү эерэг байдалтай харагдуулахуйц болгох үүднээс мөрний шугамуудыг дугуйн дээрх аркыг дагаж орсон байдалтай болгон, хойд дугуйн дээгүүрх зураасыг далавч мэт харагдахуйц болгосон нь илүү цул харагдуулж байгаа юм.

Анхны X6-аас ямар зүйлсийг сурч шинэ X6-д тусгаж өгсөн бэ?

Хамгийн том сурсан зүйл бол ерөнхий дүр зураг буюу сүүдэр дүрс хажуу талаас харагдах байдал юм. Дээвэр нь маш дугуйрсан, мөн арын хэсэг нь их огцом гарч ирсэн, шахуу учраас өөрөө их өвөрмөц юм. Бас их содон, бусдаас өөр боловч эдгээр шинжүүд нь уг машины дүр төрхийг нь бий болгосон.

Бид яг тэр хэв шинжийг нь хадгалж үлдээхийг хичээж яг адил хэлбэр дээр нь хэдхэн миллметрийг нэмж бага зэргийн хээнцэр болгосон нь одоогийн өчүүхэн сунгасан энэхүү загвар болсон. Бид тэр л имижийг нь хадгалж авч үлдэхийг хүссэн.

Бас нэгэн сурсан зүйл нь арын хэсгийн өндөр юм. Энэ их хүчтэй элемент бөгөөд дүр төрхийг нь маш тод харуулдаг, шинэ Х6-г бүтээж байхдаа илүү хөнгөн харагдахуйц байлгах талаас нь бодож энэхүү элементийг ухаалгаар ашиглаж чадсан.

Та шинэ машин авах гэж байгаа нэгэнд ямар зөвлөгөө өгөх вэ? Загварын ямар элементийн талаар мэдэж байх ёстой вэ?

BMW брэндийн хувьд, BMW-ийн автомашиныг худалдан авч байгаа хүмүүсийн хувьд хамгийн эхний шалтгаан бол харагдах байдал нь юм. Бидний албан ёсны судалгаагаар хэрэв үйлчлүүлэгч нарт загвар нь огт таалагдахгүй байгаа бол тэд машиныг худалдаж авдаггүй.

Хэрэв тэдэнд загвар таалагдаж байгаа тохиолдолд энэ нь худалдан авах хамгийн эхний шалтгаан болдог. Хэдийгээр үнэ, хүчин чадал болон үзүүлэлт зэрэг нь чухал хүчин зүйлс боловч хамгийн том шалтгаан нь загвар дизайн юм.

Миний хэн нэгэнд өгөх зөвлөгөө гэвэл маш энгийн “Таалагдаж байгаа зүйлээ л худалдаж ав”. Дизайнер хүний хувьд, би өөрт таалагдсан зүйлсээ байнга худалдаж авдаг, учир нь би өөрийгөө тааруулж өөрчлөхийг хүсдэггүй. Миний хувьд сайн загвар гэдэг бол жинхэнэ бодитой байх ёстой. Энэ нь зүгээр л ямар нэгэн юмыг хүмүүст таалагдуулах гэж хийсэн зүйл байх ёсгүй.

BMW бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг харуулсан жинхэнэ дүрслэлийг бий болгохыг хичээдэг. Тийм ч учраас харагдах байдал үнэ цэнэтэй харагддаг, энэ бүгдийн гол зангилаа нь кузовын харьцаанд байгаа юм: Бид илүү урт хамар, дугуйнаас төгсгөлүүд хүртэлх зайг богино хийдэг.

Ингэснээр урд дугуйн цаана зургаан цилиндр бүхий цуваа хөдөлгүүрийг суурилуулах боломжтой болдог. Бид урт хамрыг хуурамч байдлаар хийдэггүй, шалтгаан нь түүний цаана тийм хөдөлгүүр байгаа, тэр нь үүнийг шаарддаг. Энэ нь ч маш гоё харагддаг. Энэ бол бодитой жинхэнэ загвар бөгөөд өмнө хэлсний жишээ болж өгч байгаа юм.

Бид илүү хурц шугамуудтай байлгахыг хичээдэг шалтгаан нь “гайхалтай жолоодлоготой машин ийм л байх ёстой, энэ бол бэлгэ тэмдэг болсон зүйл”. Бид дизайны талаар их ярилцсаны адил гадаргуугийн талаар, гэрэл сүүдрийн талаар бас их ярилцсан юм.

Арын дугуйн дээрх гадаргуун харагдах байдлыг хараад бид яг хүний мэдрэхүйд хэрхэн мэдрэгдэж байна, түүнтэй  нь адил байлгахаар хийхийг хичээсэн. Энэ нь яг л тийм дотно мэт сэтгэгдэл төрүүлэхээр сэтгэл хөдлөлтэй гэмээр. Хүмүүс тодорхой мэдрэмжийг хүсч мөн ямар нэгэн сэтгэл хөдлөлөөр BMW-тэй холбогдсон байдаг учраас үүнийг худалдаж авдаг.

Танд зүгээр А цэгээс Б цэгт хүргэж өгөх унаа хэрэгтэй учраас BMW-г худалдаж авдаггүй. Та өөрийн хүсэж буй мэдрэмжийг хангахын тулд үүнийг хүсдэг. Харин загварын талаас нь бид үүнийг илэрхийлэхийг хичээдэг.

TESLA компанийн хэлснээр одоогийн технологийн тусаар хажуугийн толь шаардлагагүй гэж үзэж байгаа. Дизайнерийн зүгээс үүнийг хэрхэн харж байна вэ? Автомашины загварт хэрхэн туслах бол?

Энэ бол маш сонирхолтой зүйл. Миний хувьд энэ санааны гоё зүйл нь зөвхөн толийг алга болгохдоо биш харин үүний оронд шинэ технологоор солих юм. Энэ нь мэдээж хэрэг маш өөр харагдах болно, гэхдээ би үүнийг шууд алга болгохыг хүсэхгүй байгаа ч, анхаарал татахуйц камер бүхий жижиг далавч мэт зүйлээр солих байх. Миний бодлоор энэ нь шууд авахаас илүү сонирхолтой зүйл.

Гэвч миний хэлэх нэг зүйл бол үүнийг олон янзаар бий болгож болно. Жишээ нь, M3 болон М4-г харах юм бол толинуудыг нь өөр загвартайгаар хийсэн. Эхлээд нэг алхам, дараа нь бас нэг алхам гэх мэт – бидний хязгаарлагдмал зүйлсээс гаргаж авч хийсэн зүйл маш сонирхолтой болдог.

Заримдаа дизайнерийн хувьд нэмэлт асуудлууд нэмэлт боломжуудыг бий болгож байдаг. Толинууд илүү аеродинамиктай харагдуулдаг ч бас өөрөөр харагдаж болно.

Хэрэв хэрэглэгч нарын хүсэл 10 жилийн өмнөхөөс ялгаатай болсон тохиолдолд BMW-ийн загварын ирээдүй ямар байх вэ?

Хэрэглэгч нарын хүсэл байнга маш хурдан өөрчлөгдөж байдаг. Тэд өмнөхөөс илүүтэйгээр хурдан хурдан өөрчлөгдөж байна. Гэхдээ энэ нь бас бидний хийхийг хичээж буй зүйл. Бид ирэх хэдэн жилдээ өөрчлөгдөхөөргүй загварыг бий болгохын тулд ажилладаг.

Бид байнга үүнийг дотроо бодож ажилладаг – тийм ч учраас бид байнга судалгаа хийдэг. Олон газраар явж чиг хандлагыг бий болгодог судалгааны мэргэжилтнүүд, архитектурч, загвар зохион бүтээгч болон хүний зан чанар хөгжлийг судалдаг хүмүүстэй уулзаж, судалж, үүнийгээ загварчилж ирээдүйн загварыг бий болгохыг хичээн ажилладаг бүрэн хэмжээний дизайны албатай.

Бид ирээдүй ямар байх бол хэмээн бодохыг хичээдэг. Бид юу хийхийг хүсч байгаа талаар зорилготой байдаг нь бидэнд байнга тусалж байдаг ба энэ гайхалтай чиглэлийг бий болгож өгдөг юм. Учир нь ямар нэгэн загварын хандлагыг барьж аван түүнийгээ хөгжүүлж болно.

Хэрэв 1999 онд танилцуулагдаж байсан X Coupe концептийг санаж байгаа бол тэрхүү машинд X-Coupe-үүд болон Sport Activity Coupe-үүдийн бүхий л ойлголтууд тусгагдсан байдаг. Тэр зүйл нь судалгааны төслөөс анх бий болж гарч ирсэн зүйл юм.

Тухайн үед би BMW-д байгаагүй бөгөөд би анх орж ирэхдээ үүний талаарх түүхийг сонсож байсан юм. Тэр үеийн дизайны баг Калифорнд очиж хэдэн сар далайн эрэг дээр байрлаж, маш олон ялгаатай хүмүүстэй уулзаж ярилцан ирэхдээ энэхүү концептийг бий болгосон гэдэг. Энэ нь бараг 15 жилийн өмнө болсон юм.

Үйлчлүүлэгч нарын хүсэл бодитой юу эсвэл BMW нэг үеэс дараагийн үе хүртэлх шинэ загварын хандлагыг бий болгодог уу? Яг Х6 дээр хийсэн шигээ?

BMW-ийн хувьд бид автомашин үйлдвэрлэлийн салбартаа илүү шинийг санаачлагч гэж боддог. Гэхдээ мэдээж хэрэг бид үүнийг өөрсөддөө зориулж хийдэггүй. Бид үүнийг үйлчүүлэгчиддээ зориулан хийдэг. Мэдээж хэрэг бид загварын хандлагыг бий болгодог, 5 серийн GT болон 3 серийн GT гэх мэт, энэ бүх хийж байгаа зүйлс бол үйлчлүүлэгч нарт өмнө байснаас нь илүү зүйлсүүдийг өгөхийг зорьдог учраас юм.

Тиймээс аль аль тал нь багтсан буюу бид дотроосоо бий болгож байгаа зүйлс мөн үйчлүүлэгчдээсээ бидний мэдэх зүйлс болон мэдэхийг хүсч буй зүйлс бүгдийг нь шингээж бүтээгдэхүүнээ бий болгодог гэсэн үг юм.

Ардаа хөтлөгчтэй машин болон урдаа хөтлөгчтэй машин сонирхдог үйлчлүүлэгч нарын хоёулан дээр нь тулгардаг загварын асуудал байдаг уу?

Ерөнхийдөө, энэ нь зөвхөн үйлчлүүлэгч нарын талаар гэж би бодохгүй байна. Энэ бол судалгаанаас гарч ирдэг зүйл. 1 серийн хэрэглэгч нарын 50% нь тэдний машин урдаа хөтлөгчтэй юу эсвэл ардаа хөтлөгчтэй юу гэдгийг мэддэггүй. Мэргэжилтэн болон автомашины хорхойтнууд л үүнийг мэддэг. Харин тэдгээрийн хувьд асуудал нь илүү автомашины харьцааны талаар байдаг.

Хэрэв зургаан цилиндртэй цуваа хөдөлгүүр биш бол тэнхлэг дээр хөндлөн хөдөлгүүр суурилуулах болдог. Ингэснээр инженерчлэлийн хувьд асуудал үүсэж эхэлдэг.

Хэдийгээр 2 серийн Active Tourer нь monovolume (MPV) машин боловч, бидний нээсэн нэгэн маш чухал ололт бол хамар болон урд шилний хоорондын шилжилт байсан юм. Бас нэгэн чухал зүйл нь том дугуйтай байх бөгөөд хөндлөн хөдөлгүүрийг том дугуйтай хослуулж эргэлтийн радиусыг шийдэх асуудал байсан юм.

Тиймээс эдгээр дизайны хүсэлт архитектурын хувьд илүү асуудлууд болж ирдэг ба миний бодлоор бид эцэст нь BMW гэсэн нэгэн зүйлийг бий болгодог.

Та өнөөдөр BMW-ээс нэг машин авахыг хүсвэл алийг нь сонгох вэ? Шинэ эсвэл өмнөх загварын машины аль алины хувьд.

Шинэ машины хувьд гэвэл М3. Би энэ машинд маш их дуртай. Миний бодлоор энэ бол маш гайхалтай. Гэр бүлтэй хүн учраас дөрвөн хаалгатай мөн маш хурдан дөрвөн хаалгатай хүлэг гэсэн санаанд би маш дуртай. Яг үнэнийг хэлэхэд энэ бол маш гоё зүйл гэж хувьдаа боддог.

М5 надад бага зэрэг том бөгөөд би маш хөл хөдөлгөөнтэй Мюнхэнд амьдардаг, тиймээс тийм том машин шаардлагагүй. Хэрэв таны бүх хэрэгцээг хангаж чадаж байгаа бол гайхалтай хэрэг.

Хуучны машинаас гэвэл маш олон байна. Гэхдээ надад Е30 М3, CSL бас 503 таалагддаг. Бас Isetta байсан ч хамаагүй шүү. Бас мотоциклуудаас байж болох юм байна, яг жинхэнэ R90 шиг.

Би K100-г авч өөрчилж унах байсан. Бас мөн хуучны Alpina-г сонгож болох юм.. Миний бодлоор 6 серийн Alpina надад яг тохирно.