ДАКАР 2014 УРАЛДААНЫГ АМЖИЛТТАЙ ДУУСГАСАН МОНГОЛ ТАМИРЧДАА УГТАЖ АВЛАА
“Дакар ралли-2014” уралдааны замд Ази тивээс ганцаараа 60 дугаарт шалгарсан Д.Болдбаатар болон анх удаа уралдсан Х.Батболд нар өнөөдөр эх орондоо ирлээ. Тэднийг гэр бүлийнхэн нь болон Доктор Авто Сүлжээ компани, Монголын автомашин мотоциклын спортын холбооныхон угтан авсан. Д.Болдбаатарын өнгөрсөн жил “Дакар”-т уралдахдаа унасан мотоцикл, түүний туулсан замыг танилцуулсан самбарыг онгоцны буудлын хүлээлгийн танхимд байрлуулсан байв.
“Тамирчны алдар” дууг цангинуулж, “Дакар-2014” гэсэн наалт, тугаар чимэглэсэн 40 гаруй автомашины цуваа түүнийг угтан авлаа. Д.Болдбаатарын аав Д.Дамдинхорлоо хүүгийнхээ талаар "Миний хүү хоёр жил дараалан автоспортын хамгийн том тэмцээнд өрсөлдлөө. 16 настайгаасаа миний хүү энэ спортоор хичээллэж байгаа. Дакарт барианд орно гэдэг үнэхээр том амжилт.
Хүний тэвчээр хатуужил шалгадаг Дакарын халуунд уралддаг нь монгол тамирчинд халгаатай. 50 хэмийн халуун уралдах нь хамгийн хэцүү байсан гэж ярьдаг. Далайн төвшнөөс дээш 4300 метрийн өндөрт гадаадынхан хүчилтөрөгчийн дутагдалд орж аппарат зүүсэн байсан. Гэтэл Монгол хүн үүнд ажрахгүй л дээ" хэмээн яриа өрнүүлсэн юм. Эх орныхоо нэрийг тив, дэлхийд гаргаж, эр зоригийн гайхамшгийг харуулсан тамирчин Д.Болдбаатартай ярилцаж, баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.
-Эр зоригийн шалгуурт Ази тивийн төлөөлөл болж чадсанд баяр хүргэе?
-Баярлалаа. Эх орондоо ирээд сэтгэл үнэхээр өндөр байна. Өмнөд Америкт анх удаа барианд орсон Ази тамирчин болсон болохоор баяртай байгаа. Замын турш хамтран зүтгэсэн Батболд, механикч Эрдэнэбилэг, Саруул дүүдээ баярласнаа илэрхийлье.
-Та тэмцээнийхээ талаар яриач. Нэлээд хойноос гарч уралдсан шүү дээ?
-Чили улсын Эл Салвадорь хотоос JIa Серена хүртэл уралдсан. Энэ жилийн "Дакар ралли" 13 гараа 8500 км замыг туулж барианд орсон. Энэ жилийн хувьд 180 гэсэн дугаартай уралдсан. Тиймээс тэмцээний эхний өдрөөс гараагаа сайн хийж нэлээд зүтгэж уралдсан. Үүндээ ч хүрч эхний өдөр “Жи-2” ангилалдаа 44 дүгээрт орж ирсэн. Энэ жилийн “Дакар ралли” үнэхээр хүнд байлаа. Өнгөрсөн жилийн уралдсан зургаан өдөртэй харьцуулах ч юм биш. Хүндрэл бэрхшээл олон байсан ч барианд орсондоо баяртай байна.
-“Эр хүн зорьсондоо гэдэг. Миний хүү ямар ч байсан барианд орсон. Хүүгээрээ бахархаж байна” гээд аав тань их баярлаж байсан?
-Зөвхөн гэр бүлийнхэн, найз нөхөд, хамт олон төдийгүй монголчуудынхаа итгэлийг алдахгүй юм шүү гэж их хичээсэн. Барианд орох хэрэгтэй, амжилтаа ахиулах ёстой гэдэг бодол толгойноос салаагүй. /инээв.сур/ Энэ жилийн хувьд цаг агаарын маш хүнд нөхцөлд уралдлаа. Дакарын түүхэнд 40 хувь нь эхний гурван өдрийн дотор хасагдсан тохиолдол гарлаа. 10 гаруй жил уралдсан туршлагатай тамирчид хамгийн хүнд, хэцүү “Дакка ралли” боллоо гэдгийг ярилцаж байна. Цаг агаар, замын хувьд ч эрс ялгаатай байсан.
-Өнгөрсөн жил хаширч энэ жил уралдааны хүлгээ шинэчилсэн гэсэн?
-Тийм ээ. 2014 оны шинэ загварын мотоцикль худалдан авсан. Далайн түвшнээс дээш 4500-5000 метрийн өндөрт уралдсан. Тийм учраас моторын хүчин чадал сайтай ч агаарын даралтаас шалтгаалан уул өөд гарч чадахгүй цаг хугацаа нэлээд алдсан. Тэгэхээр дараагийн сонголтдоо ч анхаармаар юм билээ.
-Монголын тамирчдаас гадна Ази тивээс ямар тамирчид уралдсан вэ?
-Японы тамирчин уралдаад, гурав дахь өдөр тэмцээнээс хасагдчихсан. Япон Монголын хамтарсан 4500 км-ийн раллиг Монголд зохион байгуулж тэрхүү тэмцээнээр бид хэд хамт бэлтгэлээ базааж байсан. Тийм учраас Японы тамирчин тэмцээнээс гарахад харамсалтай л санагдсан.
-Бэлтгэлээ хаана базаасан хэрэг вэ?
-Өвөл бол мотоцикль унах ямар ч боломжгүй учраас бэлтгэл хийхэд хэцүү. Тийм болохоор Аргентинд биеийн хүчний бэлтгэл их хийсэн дээ.
-Барианд орчихлоо өмнөх амжилтаа ахиулчихлаа. Дараагийн “Дакар ралли”-гийн талаар бодож амжсан уу?
-2015 оны Дакарт боломж олдвол дахиад хурд хүчээ сорих бодол байна. Нэлээд урагшилж 30 дугаар байрт ормоор л байна шүү. Амжилтаа хоёр дахин урагшлуулах бодол байлгүй яахав. Дараа жил уралдахаар бол Австрийн шинэ мотоциклээр уралдана.
-Түүхэн амжилтад хүргэсэн төмөр хүлгээ авчирсан уу?
- Өмнөд Америкаас тамирчдын мотоциклийг нэгдсэн журмаар усан онгоцоор Франц руу тээвэрлэсэн. Тэндээс л нааш нь ачуулна даа.
-Барианд 60 дугаарт орсон болохоор ирэх жил арай өөр дугаартайгаар урдаас уралдах уу?
-Тэгнэ.
Эх сурвалж: www.cardoctor.mn