ААТАЙ Ч ГААТАЙ Ч ТӨМӨР ХҮЛЭГ HYUNDAI EXCEL
Бидний хэдэн нөхөд сэтгэлийн чилээ, биеийн алжаалыг тайлахаар жип машиныхаа хонины хонхор руу майхан сав, тогоо шанагаа шидчихээд хэд хоног явдаг юм байна. Тэгээд нэг нартай сайхан өдөр хангайн нурууны ардах тарган хяр уулсыг давах гээд мацаж, мацаж бүр барахаа байгаад даавааны бэлд даалуу, үүлүү нүдэж байсан чинь гэнэт хачин жигтэй юм боллоо.
Түрүүхэн л бидний хөлөглөж явсан хамгийн сүүлийн үеийн хүч тэнхээ гэж Гэсэр, Жангар шиг жип машин маань бараг л амь тавих шахаад арай гэж буцаж буусан хяр дээр нэгэн жижигхээн машин тууж явдаг юм байна.
V8 хөдөлгүүртэй, арслан барс, араатан жигүүртэн шиг бидний машаан гарч дийлэхгүй байгаа энэ даваа өөд хэн гэдэг эрийн, юу гэдэг унаа тэгж дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж явааг бид их сонирхов. Тэгээд дуран сунгаж үзвэл нөгөө гайхал мөн шиг л байх юм.
Гээд бас энэ уул хад, шавар намаг, чулуу модонд чадал нь хүрэмгүй санагдаад байх. Үгүй тэгээд замгүй газраар туушиндаад байх. Төдөлгүй оргилд мандаад байсан өнөө жижиг тэрэг буугаад ирлээ. Тэгсэн чинь “Ээ, элээ минь. Дөрвөн дугуй нь Ленин багшийн мэлзэн дух шиг, дөрвөжин кабин нь хөсрий аргалын бүтээлэг шиг болчихсон, хавин дотроо бас болоогүй “Малинкая страанаатайгаа” ЭКСЕЛ уначихсан хэдэн тарвагчин хийсгэж яваа нь тэр байсан юм байж. Эндээс л ЭКСЕЛ гэж юусан билээ гэдэг бодол төрөөд явчихлаа байна шүү. Танилц энэ бол аатай ч гаатай ч төмөр хүлэг Эксел
Хюндай компанийн хамгийн оргил бүтээлүүдийн тэргүүн эгнээнд ЭКСЕЛ зүй ёсоор орно. Бид энэ машиныг 1985-2000 оны хооронд үйлдвэрлэж дэлхий даяар худалдаалж чадсан юм. Гэхдээ энэ суудлын седаныг танай Монголчууд ЭКСЕЛ гэдэг нэрээр нь сайн мэддэг юм билээ. Гэвч түүнд дэлхий даяар өөр олон нэр байдаг. Тухайлбал: Хьюндай Пони, Хьюндай Престо-оос гадна бүр Мицүбиши Пресис ч гэх нь бий. Ер нь манай компанийг хөл дээр нь босгож өгсөн машин бол ЭКСЕЛ юм. Манай Хьюндайн өмнөх машинууд дандаа хойд хөтлөгчтэй байсан бол ЭКСЕЛ анхны урд хөтлөгчтэй машин болж билээ.
ЭКСЕЛ-ыг Хьюндай Пони гэж нэрлэх болсон нь 1975 оны үйл явдалтай хамаатай юм билээ. Учир нь энэ онд Солонгосчууд анхлан Хьюндай Пони хэмээх суудлын жижиг седан үйлдвэрлэж эхэлсэн байгаа юм. Гэтэл энэ седан нь яг л Оросод Лада гарч ирснээр юу болсон шиг Солонгост хүн болгон машинтай болох боломжийг нээж өгчээ. Чингээд 1985 онд Понигийн дүү нөхөр ЭКСЕЛ гарч ирсэн нь Шар тэнгисийн цаад эргийн ард түмний аз жаргал дээр аз жаргал нэмэв.
Тарвагчдыг бид хөнгөн цайлж, дайлаад машиныг нь үзэх ажилдаа орлоо доо. Италийн алдарт загвар зохион бүтээгч, эрхэмсэг дээд Жиоржетогийн санаа сэтгэлийг чилээн байж мэндэлсэн ЭКСЕЛ-ийн жолоочийнх нь тал хадам ээжийн суудалтайгаа хамт Монгол хүний нурууны түлхэлтийг даахгүй хуга явжээ.
Анчид маань энэ бэрхшээлийг аягүй амархан засч, авдарынхаа тагаар араас нь түшүүлчихсэн байх юм. Хойд тэнхлэг доогуур нь тонгойж үзвэл банк нь хэдэн газраа цоо явжээ. Анчид маань бас л A,В цавууг гэрийн цагаан бүрээсэн дээр нялцайтал түрхэж байгаад наанаас нь нам шавчихаж. Заа тэгээд дурьдаад байх юм бол мань хэд ЭКСЕЛ-ээ харин ч нэг Монголчлоод, урдныхаас нь ч бараг л илүү болгочихжээ.
Бид ЭКСЕЛ-ыг 5 хаалгатай хачбайк болон 4 хаалгатай седан загвараар үйлдвэрлэж байсан. Манай дотоодын хэрэглэгчид 5 хаалгатай хачбайк загварыг Хьюндай Пони ЭКСЕЛ, 4 хаалгатай седаныг Хьюндай Престо гэж нэрлэдэг. Дээр өгүүлсэнчлэн ЭКСЕЛ манай Хьюндайн нэр төрийг хамгийн өндөрт өргөсөн машин. Бид энэ машинаа Америк руу анхлан экспортолсон. Дараа нь европод бас худалдаалж эхэллээ. Харин ЭКСЕЛ-г европын зах зээлд гаргахдаа Хьюндай Пони гэдэг нэрийг ашигласан нь гайхалтай бренд болж чадсан шүү. Харин хятадууд ЭКСЕЛ-д Киа Кьюнлима гэдэг нэр өгсөн байсан.
Солонгосчууд хэзээнээс адтай, сэргэлэн, аливаа зүйлийг аргалаад сурчихсан хүмүүс. Тиймдээ ч тэд Хьюндай ЭКСЕЛ-ыг хаа байсан Японы Мицүбиши Пресис гэдэг нэрээр Америк руу экспортолчихсон байгаа юм. Цаадуул нь ч анхандаа нөхөр ЭКСЕЛ-ыг арлын японы аатай төмөр хүлэг гээд андуурчихжээ. Ингээд хэдэн зуун мянгаараа борлогдоод эхлэх нь тэр.
Цаад хангу нар чинь нөхөр ЭКСЕЛ-ээ 1987-1994 оны хооронд бүхэл бүтэн 7 жил Мицүбиши Пресис гэдэг нэрээр Америкт худалдаалсан нь үнэн. Ингэхдээ анхны жилдээ л гэхэд 168 мянга 882 ширхэг ЭКСЕЛ-г Японы Мицүбиши нэрээр нэгдсэн улсад зарж борлуулан, эрх чөлөөний эзэнт гүрнийг ганц сайн молигдсон юм.
Дээр нь нэг ширхэг цоо шинэ ЭКСЕЛ ердөө 4995 долларын үнэтэй байсан нь дэндүү хямдхан байлаа. Бас энэ бяцхан седаныг Форчюн сэтгүүл хамгийн шилдэг 10 машины тоонд оруулсан нь эрээд олдохгүй эрдэнэ, сураад олдохгүй сувд болгочихжээ.
Америкийн тухайд бол анхандаа тэд манай ЭКСЕЛ-ыг нэг ч удаа хараагүй байж шууд 170 мянган ширхэгийг захиалсан. Энэ мэтээр ЭКСЕЛ-ын эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдсээр 1986 он гэхэд Хьюндай моторс компани нэг жилд нэг сая гаруй авто машин үйлдвэрлэж байсан юм. Мөн тухайн үед Австрали руу бид экспорт хийж байсан ба тэнд ЭКСЕЛ 9990 Австрали долларын үнэтэй байлаа.
1990-1995 оны хооронд ЭКСЕЛ-ын хоёр дахь үе гарч ирсэн юм. ЭКСЕЛ-II бол өмнөхөөсөө өргөн, гадаад үзэмж, хэлбэр төрхөө өөрчилсөн, төмөр хүлэг байлаа. Үүний зэрэгцээ өмнөх загварт 5 хаалгатай хайчбак гэж байсан бол дараа үед 3 хаалгатай седан голчилж байв.
Гэсэн ч 5 хаалгатай хуучин загварын седан ЭКСЕЛ үйлдвэрээс зогсолтгүй гарч байсан. Хойд америкчууд ЭКСЕЛ-ын 1.5 мотортой автомат кроптой загварыг илүүтэй сонирхож, олон мянгаар нь захиалдаг болов. Иймдээ ч Хьюндай моторсийн бүхий л автомат кроптой, хүчтэй мотортой ЭКСЕЛ-үүд ертөнцийн нөгөө өнцөг булан руу ачигдаж байсан түүхтэй.
Нөхөр ЭКСЕЛ-ын гурав дахь үеийн түүх 1995 оноос эхэлсэн байгаа юм. Энэ загварын жинхэнэ улаан фенүүд бол Австраличууд байсан. Тэд гурав дахь үеийн ЭКСЕЛ-ээс нийт 200 мянга гаруй ширхгийг худалдаж авчээ. Дашрамд өгүүлэхэд урьд өмнө нь Австралид гадаадын ямар ч автомашин ийм олон тоогоор борлогдоогүй байсан юм.
Бид гурав дахь үеийн Хьюндай ЭКСЕЛ-дээ 4 өсгөгчтэй дууны систем, зорчигчийн толь, илүү өндөрсгөж тав тухтай болгосон жолоочийн суудал, эргэлтийн давтамж хэмжүүр, антен, агааржуулалтын систем гээд олон зүйлийг нэмж хийсэн. Энэ нь хэрэглэгчдэд маань онц их таалагдсан.
Хьюндай ЭКСЕЛ бол маш зальтай машин. Яагаад гэвэл тэр өөрт байсан асар том дутагдлуудаа нууж чадсан юм. Нөгөөтэйгүүр тухайн цаг үеийн олон улсын чанар, стандартын тухай ойлголт маш сулхан байсан учир эхний удаа ЭКСЕЛ-ыг тойроод гарчихсан юм. Гэвч олон хавар нэгэндээ гэдгийн үлгэрээр эцсийн эцэст ЭКСЕЛ баригдсан ч гэсэн тэр үед бүх түүх сүр жавхлантайгаар өндөрлөж байлаа.
1998 онд юм. Европын шинэ машины үнэлгээний хөтөлбөр гэгч хатуухан сорилт идэвхижиж, өрнө зүгийн тэнгэр дор дөрвөлжин мотор нь асаж, дөрвөн дугуй нь эргэж байгаа бүхий л машинаас шалгалт авдаг юм байна. Гэсэн чинь бидний хайрт ЭКСЕЛ маань авто машины хамгийн чухал үнэлгээ болох аюулгүй байдал талаасаа авах ёстой 16 онооны ердөө 4-ыг нь чүү ай давжээ.
Түүгээр ч зогсохгүй гадны нөлөөлөл хажуугаас ирж мөргөсөн тохиолдолд ЭКСЕЛ-ын зорчигч, жолооч цээжин тус газраа гэмтэл авах ноцтой дутагдал гарч ирэв. Европчууд юу унаж явснаа мэдэж, зэрэг зэрэг дуу алдацгаах яг тэр эгшинд шар тэнгисийн цаад эрэгт сүүлчийн ЭКСЕЛ үйлдвэрээс гарч, энэ түүх бадрангуй төгөлдөр төгсөж байлаа. Тийнхүү ЭКСЕЛ-ын үйлдвэрлэл санаанд оромгүй амжилттай эхэлж, өрнөж, өндөрлөсний дараа Аксент гэдэг нэр дуулдаад эхэлсэн шүү, цаана чинь.
тийм ээ энэ бол аатай ч гаатай ч төмөр хүлэг Хьюндай Эксел
Эх сурвалж: Гийнгоо радио 100.5