HYUNDAI, ЧАДНА, ХИЙНЭ, ЧАНГ ЖУ ЮНГ
Шар тэнгисийн цаад буданд шахагдаж, манай нэг аймгийн газар нутаг шиг эх орныхоо хөрс шороон дээр бужигнан орших Солонгосуудад нэг зан байдаг нь тэднийг цаг ямагт хүчтэй, бардам, нэр төртэй байлгадаг юм.
Тэр нь хэнд ч бууж өгдөггүй, хэнээс ч гуйхгүй, эхлээд ялагдсан ч дараа нь заавал ялдаг, ясны дайчин, хийнэ гэснээ хийдэг, хэлнэ гэснээ ч хэлчихдэг чанар... Хэрвээ тэдний яс, цусанд энэ чанар шингээгүйсэн бол өнөөдөр Солонгос гэдэг улсыг бид магадгүй түүхэн хуудаснаас л хааяа нэг олж унших байсан байх.
Танилц - энэ бол Солонгос үндэстний бэлэг тэмдэг бахархал болсон Хьюндай
- Тэгвэл шартай, хортой, шударга өрсөлдөөнд дуртай Солонгосуудын нэг бол яах аргагүй Чанг Жу Юнг юм. 1915 онд одоогийн Умард Солонгосын “Асан” хэмээх ядуу тосгонд, хөөрхийлөлтэй тариачны хүү болж төрсөн түүний бага нас өлсгөлөн, ядуурал дунд өнгөрчээ.
Чанг Жу Юнг мөрөөдөмтгий нэгэн байлаа.
- Сөүлд очоод чи юу ч олж долоохгүй. Гэрээсээ дахиад оргоод үзээрэй чи. Дахин орговол чамд үүнээс илүүг үзүүлээд өгнө шүү
Тэрээр гэрээсээ удаа дараалан оргож, тэр бүрт тариачин эцэг нь түүнийг ангуучлан барьж, хөх няц болтол нь нүддэг байсан юм. 1934 онд Чанг сүүлчийн удаа, урд өмнө нь хэзээ ч байгаагүй тийм их амжилттай Сөүл рүү зугтсан байна.
Гэвч Сөүл тэр үед диваажин байсангүй. Өнчин хүү энэ хотод ирээд гудамжинд хонож, өлсөж, даарч, зүдэрч, ядарчээ. Тэгэвч Чанг Жу Юнг ядуу Сөүлийг нэгжсээр байгаад цагаан будаа хүргэгчийн ажил олж, удалгүй цагаан будааны наймаачин болжээ. Эндээс түүний төдийгүй орчин үеийн өмнөд Солонгосын шинэ түүх эхэлжээ.
Чанг Жу Юнг бол шартай, шударга Солонгос байсан юм. Тэр өдөр, шөнөгүй, өвөл зунгүй зүтгэж, хууль зөрчихгүй, хэнд ч гэм хоргүй аргаар мөнгө олохын төлөө нойр, хоолгүй амьдарсан. Энэ үед тэдний эх орныг Японууд зайдалчихаад залхаан цээрлүүлж байсан ч удалгүй дайнд ялагдаад арал руугаа явцгаасан. Чанг Жу Юнг дайнд дургүй байсан шигээ Японуудад бас тийм ч дуртай байгаагүй.
Тиймдээ ч 1946 онд “Японуудаас дутахгүй” гэж Сөүлийн гудамжинд хашгирсан Чанг “Hyundai”хэмээх анхны авто завсарын газраа нээжээ.
- Чангийн хөрөнгийн гадаад, дотоодын балмадууд нэг биш удаа хурааж байгаа нэрээр дээрэмдсэн. Энэ үйлдэл нь гал дээр тос нэмсэнтэй ижил зүйл болж, угийн дайчин, оргүй хоосноос овоорсон баялаг бүтээж чаддаг Чанг Жу Юнгийг улам хурцалсан уу? гэхээс мохоож чадаагүй юм. Хачирхалтай нь түүний тос, шатахуун, эрэг боолт, элдэв сэлбэг, тоос шороо бужигнаж, тогоотой Кимчи хүртэл дэргэд нь буцалсан засварын газрынх нь тун ч уянгатай “Hyundai” гэдэг нэрний утга нь “Модерн” гэсэн орчин үеийн дэлхий дахины урлагийн чиг хандлагыг тодорхойлсон урсгалын нэр байжээ.
Ингэхээр Чангийн толгой ямархан үнэтэй толгой болох нь тодорхой. Дашрамд өгүүлэхэд “Hyundai” зөвхөн авто машины салбарт дагнан үйл ажиллагаа явуулаагүй төдийгүй ноён Чанг Жу Юнг ямар ч туршлагагүй Солонгос ажилчидтайгаа барилга барьж, халуун, чийглэг, хатуу хуурай уур амьсгалтай гадаад улс орнуудад авто зам тавьж, бүтэлгүйтсэн ч бууж өгөлгүй дахин, дахин оролдсоор амжилтанд хүрч, түүгээр ч барахгүй Саудын арабд нефт дамжуулах хоолой барьж, Америкийн 315 метр өндөр нефтийн цамхагийг хүртэл босгосон түүхтэй. Гэсэн ч энэ тухай өгүүлэхээ түр азнаад эргээд гол яриандаа орьё.
Чанг бол хатуу самар. 1950 онд гэхэд Авто засвар, тээвэр, барилгын салбаруудад амжилттай ажиллаж байсан тэрбээр үүнээс өмнө 1947 онд “Hyundai motors” компаниа инженерчлэлийн фирм хэлбэрээр байгуулж, 1967 оноос үйл ажиллагааг нь өргөтгөн, анхны солонгос машинуудыг үйлдвэрлэжээ.
- Гэхдээ Hyundai моторсын анхны машинууд явахаасаа илүүтэй замын хоёр талаар эвдэрч, хэмхэрчихсэн арзайтлаа зогсож байдаг байсан юм. Энэ үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн Чанга өдөр бүрт асар их саад, бэрхшээлийг даван туулсан. Энгийнээр бодоход Японуудад баахан дээрлэхүүлсний дараа Солонгосуудад ямар юмных нь нарийн мэргэжлийн автын инженер, зохион бүтээгч, дизайнерууд байх билээ. Тэгэвч Чанг Жу Юнг чадсан...
Машинаа сайжруулахын тулд их ч зүтгэсэн, тэмцсэн, тэр бүгд нь үр шимээ өгсөн. Нэг үгээр хэлбэл Чанг Жу Юнг чанарт дуртай нэгэн байсан. Иймдээ ч олсон орлогоо дуугүй завшихын оронд Hyundai моторсын машинуудаа дэлхийн жишигт хүргэхийн төлөө дэрэн дээрээ бараг л тогой тавиагүй дээ.
Дандаа бүтэлгүйтнэ гэж юу байхав. Хэсэгхэн хугацааны дараа Hyundai моторс Италийн хүчирхэг дизайн, японы алдарт Мицүбишитэй гэрээ байгуулж, үүний хойно тэдний машинууд зогсдог биш явдаг боллоо. Тэд автобус, жижиг оврын суудлын тэрэг, хүнд даацын машинууд үйлдвэрлэв. Гэнэт дэлхий жижигхэн Солонгос руу сэртэс хийхэд Hyundai моторсын амжилт Шар тэнгисийн ус шиг шавхагдашгүй өдрөөс өдөрт ахиж байлаа
Бид бүгдээрээ Hyundai-н таних тэмдэг, логог мэднэ. Яагаад гэвэл яг одоо биднийг ярьж байхад Hyundai гэсэн логотой машинууд манай сайхан эх орны мандах нарнаас, шингэх наран хүртэл давхиж байгаа.
- Манай компанийн зүүнээс, баруун тийш налуулан бичсэн зуйван доторх ЭЙЧ (“H”) үсгийг та бүхэн мэднэ. Энэ нь дэлхийн бөмбөрцгийн наана гар барьж байгаа хоёр хүн буюу компани харилцагч нарыг төлөөлсөн дүрс юм. Өөрөөр хэлбэл дэлхий нийтийн итгэлийг хэзээ ч алдахгүй гэсэн утгыг агуулсан юм.
Хачин юм шүү... гэрээсээ оргож, аавдаа баригдаж, дахиад оргож байсан Чанг Жу Юнг хэмээх энэ хүний зүтгэж, тэмцэж, зовж, бүтээсэн Hyundai моторс өнөөдөр дэлхий дахинд 4 дүгээрт орох автомашин үйлдвэрлэгч болж Хятад, Энэтхэг, Турк, Америк, Чех зэрэг улс орнуудад 5 том үйлдвэртэй, нийт 78000 мянган инженер, ажилтантай даруй 196 улсад автомашинаа борлуулдаг, 6000 гаруй диллер болон, үзэсгэлэнгийн танхимуудтай үнэнхүү аль эртний галав эртний, үлэг гүрвэл юм уу, эсвэл арслан заан шиг аварга том корпорац болжээ.
Тэд жилд 4 сая авто машин үйлдвэрлэж, нутаг нэгт KIA моторсынхоо хувьцааны 32.8 хувийг эзэмшдэг. Мөн “Hyundai” корпораци Авто машинаас гадна төрөл бүрийн хүнд машин механизм, хөлөг онгоц, компьютер, техник тоног төхөөрөмж үйлдвэрлэж, барилга бүтээн байгуулалт, зам харилцаа, инженерчлэл, санхүү эдийн засгийн салбарт сарны гэрэл, нарны илч шиг аугаа их амжилтаар араасаа Ази тивийг дагуулж явна. “Чадна, хийнэ” энэ бол “Hyundai”-н загалмайлсан эцэг Чанг Жу Юнгийн үзэл бодол, амьдрал, амжилтын хөлс, хүч шингэсэн ариун зарчим, бас Солонгосын зарчим...
Тиймээ Hyundai одоо Өмнөд Солонгосын нэр төр болсон. Түүний түүх машины түүх биш улс үндэстний зан чанар, итгэл үнэмшлийн түүх болсон юм.
Эх сурвалж: Гийнгоо радио 100.5