ДАРУУХАН Ч ГЭСЭН ДААМ ELENTRA

Монголчууд ямар машиныг өмөөрдөг гэхээр өөрсдөө эдлэж, хэрэглэж, сайн сайрыг нь таниж, засч, сэлбэж сурсан тийм төмөр хүлгүүдээ л хэнээс ч хамаагүй өмгөөлж, хамгаалж, үг байтугай заримдаа нударга ч зөрүүлж мэдэх халуун цустай хүмүүс. Тэдний дэргэд оросын машинуудын талаар тааруухан үг хэлбэл байдал хурцдаж эхэлнэ.

Үүнтэй яг адихан Монголчуудын дэргэд Солонгос машины талаар таагүй үг хэлээд дэмий. Тэр тусмаа Элентра-гийн тухай сөрөг утгатай зүйл битгий яриарай. Нэг үе манайхан дэндүү өргөн дэлгэр унаж, хэрэглэж байсан, тэр чинээгээрээ ч Монгол хүнийг ажилтай, амьдралтай, аз жаргалтай байлгаж чадсан унаа бол үнэхээр Хьюндай Элентра мөн. Эндээс бяцхан дүгнэхэд манайхан тус дэм болж, амьдрал, амь залгуулж байсан төмөр хүлгүүддээ “ач” санаж явдаг болохоор тэгж өмөөрч, хамгаалдаг байх нь.

  • Элентра-г өөрсдийгөө дээд зиндааныхан гэж боддог хүмүүс үнэхээр тоогоогүй юм. Тэдний хувьд Элентра дэндүү хямдхан, авсаархан, уйтгартай, ямар ч шинэ содон зүйлгүй, бас сэлбэг, эд ангиуд нь төсөрхөн, царай муутай, нэр хүнд ч тааруу машин байв. Өөрөөр хэлбэл Элентра гэрийн талхан дээр түрхсэн гар аргын амт муутайхан жимсний чанамал байлаа. Тэгвэл Даруухан ч гэсэн даам Элентра -ын танихгүй бүхнийг танилцуулаад өгье

Инженер: Бид авто машин үйлдвэрлэлийн ертөнцөд авсаархан, хэрэглэхэд хялбар, тийм ч үнэтэй биш, тэгсэн атлаа найдвартай, ойлгомжтой машин үйлдвэрлэхийг хичээж ирсэн. Түүндээ ч хүрсэн. Элентра бол тэдний нэг. Гэхдээ Элентра-г шоолж байсан хүмүүс бий. Гэвч Элентра-г шоолж байсан хүмүүсээс илүү хүндэтгэж байсан хүмүүс нь олон юм. Яагаад гэвэл манай энэ машин нийгмийн дундаж гаралтай хүмүүсийн унаа, хамтран зүтгэгч, найз, нөхөр нь болж чадаж байсан юм.

Элентра-ын 5 үеийг шоолж, шоглож байсан дээдсийн хүрээнийхэн эцсийн эцэст 6 дахь үеийн Элентра-г хараад балмагдаж эхэлсэн. Учир нь анхандаа хэтэрхий нимгэн байснаа дараа нь арай л бүдүүрч, хэлбэр галбираа нэг  л барьж чадахгүй байсан Элентра зургаа дахь үе дээрээ харин ч нэг зураад, зороод өгсөн юм. Тийм ч түгээмэл биш хэрнээ яг зохимжтой газраа онож гаргасан ховил, догшин ширүүн дүр, илүү өргөн салхины хаалт, хэн ч харсан амархан толгой сэгсэрч болмооргүй гадаад төрх, загвар энэ машиныг бусдаас нэг их дутахааргүй болгож орхив.

  • Элентра-6-ын кабины хойд хэсэг ялигүй жаахан жижигдсэн юм шиг болжээ. 1 м 86 см өндөр нуруутай хүн орж суухад нэлээдгүй бөхийж, бас суусан хойно толгой нь таазанд тулж байна. Энэ нь тийм ч том биш хэрнээ, бас жижиг дутагдал биш. Гэвч түүнд сайн, сайхан зүйл зөндөө бий. Тухайлбал: Элентра-6-ын урд салонд хар шуурга дэгдэж, урдын улиг болсон олон зүйлсийг ор мөргүй хийсгэсэн байна. Тэгээд ёолкны мод шиг асдаг байсан Элентра-ын урд салон илүү албархаг, хямсгар европын авто машинуудынхтай эгээ л дөхөж очжээ. Кабин доторх салоны бусад хэсгүүдийг сайтар ажиглах юм бол алдар цуут Вольксвагеныг арай гүйцэхгүй ч гэсэн салоны засал нь герман хэв маягтай, байх ёстой стандартыг чанд баримталсан байгаа нь “овоо ш дээ” гэмээр.

Инженер: Манай Хьюндай концерны ерөнхий дизайнер, нэрт загвар зохион бүтээгч, ноён Питэр Шрайер Элентра-6 дээр үнэхээр гайхалтай ажилласан. Одоо манай машины гадаад төрхийг хэн ч голохгүй гэдэгт итгэлтэй байна. Дотоод салон ч мөн адил. Нөгөөтэйгүүр өмнөх үеийн Элентра-д байсан нийтлэг дутагдал бол салоны товч, товчлуурууд энд тэнд, эмх замбараагүй, үзэмж муутай байсанд оршино. Бид энэ дутагдлаа зассан. Элентра-6-ын бүхий л товч, товчлуурууд яг нэг эгнээнд хэн ч харсан үзэмжтэй, эмх цэгцтэй, дэс дараатай байрласан байгаа. Мөн дэлгэц нь илүү дутуу оньсого, таавар таалгахгүй. Маш ойлгомжтой.

Хьюндайгийнхан хэрэглэгчдийн шүүмжлэлийг талархан хүлээж авдаг. Тиймдээ ч тэдний авто машинууд жил ирэх тусам сайжирч, өнгө үзэмж, технологиудаа шинэчилсээр байна. Элентра-ын хувьд эйр кондейшны тохиргоо алдагдсан байсан. Зорчигчийн хөл рүү чиглүүлэхэд өөдөөс үлээгээд байдаг байсан. Тэгвэл одоо домогт Вольксвагеныхаас бараг ялгаагүй болж, торон хаалтууд нь бүрэн хаагдаж, бүрэн нээгддэг болжээ.

  • Манайхан Солонгос машиныг нэг талаар нь жаахан шүүмжлэх гээд байдаг. Тэр нь дотор салон, доод эд ангидаа амархан дуу орчих гээд байдаг явдал. Энэ дутагдал Элентра-6-аас бүрэн арилжээ. Өөрөөр хэлбэл Элентра-6 унаж яваад, бартаатай, хагархай замд ороход юмны духанд хүрэлгүй пижигнээд байхгүй. Нэг үгээр хэлэхэд бидний сайн мэдэх Элентра-ын маань 6 дахь үе ярвагар ч, гүргэр ч болсон байна.

Инженер: Бид Хьюндай Элентра-6 загварыг дотор нь олон төрөл болгож үйлдвэрлэсэн. Түүнээс шалтгаалж үнэ нь янз бүр болно. Манай 5 дахь үеийн цоо шинэ Элентра 15.500 долларын үнээр борлуулагдаж байсан бол Элентра-6 даруй 500 доллараар хямдарч, 15000 доллараар худалдаанд гарсан. Урд суудлын халаагуур, CD уншигчтай аудио систем, Bluetooth нэмэгдсэн хөгжмийн иж бүрдэлтэй  Элентра-6-г та 16000 доллараар худалдаж авах боломжтой. Дээрх загварууд цөм 1.6 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй. Харин 2 литрийн багтаамжит хөдөлгүүр бүхий механик хурдны хайрцагтай Элентра-6 19000 долларын үнэтэй байх нь ч бий.

Элентра хэзээд даруухан байсаар ирсэн. Тэр Ази, европийн бусад компаниудын авто машинууд шиг хэн нь хурдан бэ? хэн нь бат бөх вэ?, хэн нь илүү тав тухтай вэ? хэн нь хүчтэй вэ? Гэсэн мөнхийн тэмцэл, уралдаан тэмцээн, талцалд хэзээ ч оролцож байгаагүй. Галын шугамны гадаа үүргээ сайтар биелүүлээд чимээгүй явж байсан машин. Одоо бол харин  Элентра өөр болсон. Уяа сойлго нь тэгширч, урдах зам нь шулуудсан.

  • Нэг үе Орос ах нар Элентра-г ёстой нэг унасан юм. Гэтэл гай газар дороос, гахай модон дороос гэгчийн үлгэрээр нэгдсэн улсын тавьсан эдийн засгийн хоригийн улмаас рублийн ханш унаж ариун цэврийн цаас аятай болсон  юм. Энэ нь Хьюндайд ямар ч ашиггүй болж, 2012 он гэхэд Элентра борлуулалтаараа 23-т жагсаж байлаа. Ийм учир Хьюндай Оросыг орхин гарахаас өөр замгүй болсон юм. Гэсэн ч өнгөрсөн онд Элентра дахин амжилт олж, айргийн тав руу уулгалан орж ирсэн юм. Өөрийн ангилалдаа манлайлана гэсэн айдас түүний өрсөлдөгчдөд өдөр, шөнө, өвөл зунгүй төрж эхэлжээ.

Тийм ээ энэ бол даруухан ч гэсэн даам Элентра.