HYUNDAI SONATA

1-үе  Y модель (1985он-1987он)

1985 оноос Sonata-ийн анхны загвар гарсан байна. Y-Car төслийн хүрээнд тухайн үедээ Hyundai компани дунд ангиллын Stellar седан машин бүтээсэн.

Hyundai Stellar-ийн хамгийн дээд зэрэглэлийн загварыг Европын Ford Cortina-ийн суурин дээр Mitsubishi-н хөдөлгүүр тавьж, өөрсдөө бүхээгийг нь хийж гаргажээ. 2 литрийн хөдөлгүүртэй энэ хувилбар нь Opel Record-ийн суурь дээр бүтээсэн 1.6 литрийн хөдөлгүүртэй хийсэн үндсэн хувилбарыг бодвол дотоодын зах зээл дээр амжилт олоогүй байна. Гадна дизайны хувьд ч бараг ялгарах зүйл байхгүй бөгөөд өөрийн гэсэн онцлог шинжгүй нэгэн хэвийн болсон нь гол шалтгаан болсон байна.

2-р үе  Y2 модель (1988он-1993он)

1988 оноос Y2 кодоор бие даасан ангилал болон тусдаа Sonata нэрээр үйлдвэрлэгдэж эхэлсэн байна. Тухайн үеийн Mitsubishi Galant-ийн үндсэн суурийг авч хэрэглэн гадна дизайныг италийн автомашины дизайн гаргадаг Italydesign компанид гаргажээ. Stellar-тай ойролцоо хэлбэртэй үндсэн төрхийг нь хадгалсан дизайнтай болжээ. Hyundai-ийн машинуудад урьд нь байгаагүй ирмэггүй мөлгөр дизайн нь нийтэд ихэд таашаагдаж байжээ.

Хөдөлгүүр нь 1.8 литр, 2 литр, Америкт зориулсан нь 2.4 литрийн хөдөлгүүртэй. Анх гарахдаа SOHC нэг хуваарилах нудраган голтой хөдөлгүүртэй байсан бол удалгүй дараа нь 2 литрийн DOHC хөдөлгүүртэй болсон. 1991 онд хэсэгчилсэн өөрчлөлт хийсэн бөгөөд урд талын их гэрэл нь дугуйдуу хэлбэртэй болсон. Мөн америкт зориулсан загвар нь 3 литрийн V6 хөдөлгүүртэй гарах болжээ. 1993 онд Hyundai компани Канадад анхны хилийн чанад дахь үйлдвэрээ байгуулсан бөгөөд энэ үйлдвэрийн гол бүтээгдэхүүн нь Sonata болжээ.

3-р үе Y3 модель (1993 он-1998он) Sonata II / Sonata III

1993 онд Германы Франкфуртын автошоунд анх тавигдсан. Москвад болсон олон улсын үзэсгэлэнгээс Гранпри шагнал хүртсэн. Mitsubishi Diamante суурин дээр хийгдсэн бөгөөд 1.8 литр, 2.0 литр, 3 литрийн V6 хөдөлгүүртэй. Бөмбөгөр дизайнтай болсноор борлуулалтаараа Best Seller буюу хамгийн их борлуулагдсан авто машинаар шалгарч байжээ. 1995 оны 3 сард Sonata II-ийн ах дүү загвар гэх Hyundai Marcia худалдаанд гарсан байна.

Илүү тохилог, хүчтэй бөгөөд Sonata II-т тавьж байгаагүй 2.5 литрийн V6 хөдөлгүүртэй байжээ. Гэвч дотоодын зах зээл дээр зэрэглэл өндөртэй машины хувьд хоёрын хооронд хэмжээтэй гэгдэн нэг үйлдвэрийн Grander-т байр сууриа алджээ. Ингээд 3 жил гаруй болоод энэ нэр загвар алга болжээ. Hyundai-н түүхэн дахь хамгийн амжилтгүй болсон загвар гэгддэг. 1996 оны 2 сард төрхийг нь бага зэрэг өөрчлөн гаргаж Sonata III гэж нэрлэсэн байна.

1997 онд Hyundai-н 30 жилийн ойн тэмдэглэлт он таарсан учир тухайн жилд хойд талд нь спойлер хийж онцлог хийцтэй хөнгөн цагаан обод тавьсан байна. Борлуултын хэмжээ ихээр унасан гэж хэлэхгүй ч Sonata III гэсэн нэрээр гаргаснаар сэтгэл дундуур болсон гэх хүмүүс ч байжээ. Үүний үр дүн гэхүү хамгийн их борлуулагдсан гэх 1-р байраасаа ухарч борлуулалтынхаа хамгийн доод үзүүлэлтэд хүрчээ.

4-р үе  EF модель (1998он-2004он)

1998 оны 3 сард гарсан. Mitsubishi Diamante-ийн 2-р үеийн суурин дээр хийгдсэн. Мөн онд гарсан Grander ч адилхан суурьтайгаар гарчээ. EF гэдэг нь Elegant Feeling гэсэн үгийн эхний үсгийнх нь товчлол юм байна. 2001 онд хэсэгчилсэн өөчлөлт хийгдсэн байна.

Энэ өөрчлөлтөөр урд нүүрийн хэсэг, хойд хэсгийн дизайн өөрчлөгдөж арай эрэмгий төрхтэй болсон байна. Энэ өөрчлөлтөөс эхлэн хятад дахь Beijing-Hyundai компанид үйлдвэрлэж эхэлсэн байна. Энэ үед уналтад ороод байсан KIA motors компанийг Hyundai өөрийн мэдэлд авч Kia Credos загварын үргэлжлэл болгон Kia Optima гэх Sonata-н зэрэгцээ ангиллын седаныг үйлдвэрлэж эхэлжээ.

Хятад дахь үйлдвэрлэлийн хувьд 2009 оны 4 сард энэ 4-р үеийн загвар нь томоохон хэсэгчилсэн өөрчлөлт хийж BT101 гэсэн кодтойгоор гарч эхэлсэн байна.

5-р үе  NF модель (2004 он-2009 он)

Солонгост бүгд л Sonata гэж нэрлэдэг бол бусад орнуудад одоогийн загвар гарахаас өмнөх бүх загварыг адил дууддаг байсан бол энэ үеэс эхлэн түрүү үеийн загвараас ялгахын тулд NF Sonata гэж дууддаг болсон байна. NF гэдэг нь англи хэлний "Neverending Fame&Faith" гэдэг үгнээс гаралтай юм байна.

2004 оны 9 сард үйлдвэрлэлээс гарч 2005 оны 3 сараас Америкийн Алабама дахь үйлдвэрт үйлдвэрлэж эхэлсэн байна.

Харамсалтай нь 2007 оны 3 сарын байдлаар борлуулалт муу байснаар америк дахь агуулахад зуун мянга илүү NF Sonata хадгалагдаж байжээ. 4800мм*1830мм*1475мм  хэмжээ нь Hyundai XG загвартай адил юм байна.

Хөдөлгүүрийн хувьд 3.3 литрийн V6 lambda, 2.4 ба 2 литрийн цуваа 4 цилиндртэй бензин хөдөлгүүр 2 литрийн газан хөдөлгүүр тавигдсан байна.

Харин хэсэгчилсэн өөрчлөлтөөс хойш солонгос дахь загварууд нь 3.3 литрийн хөдөлгүүрийг тавихаа больжээ.

Америкийн нэгдсэн улсын зам тээврийн яамны хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалах нийгэмлэг (NHTSA)-ээс хамгийн дээд 5 одыг хүртжээ. Мөн европын орнуудын 4 одыг авсан байна.

Хятадад үйлдвэрлэсэн NF нь Hyundai компанийн эмблем байхгүй бөгөөд ханз үсгээр Бээжин Хьюндай гэж бичсэн байдаг байна. Харин машины нэр нь NF Yuxiang гэдэг.

Хэсэгчилсэн өөрчлөлтөөр Sonata хэрэглэх болсон байна. 2007 оны 10 сард америкийн Алабама дахь үйлдвэрлэл  агуулахын үлдэгдэл их байгаагаас шалтгаалан 2 долоо хоногийн хугацаатай зогссон байна. 2008 оны 4 сарын 7 оос Япон дахь борлуулалтыг зогсоож, агуулахын үлдэгдэл байхгүй болжээ. 2006 оны 8 сард хэсэгчилсэн өөрчлөлт хийгдэж урд нүүр ба салоны өөрчлөлт хийгджээ.

2007 оны 11 сараас Sonata transform нэртэй болсон байна. Солонгост гаргадаг загваруудаас V6 хөдөлгүүр хасагдаж 2 ба 2.4 литрийн илүү хэмнэлттэй, хүчтэй хөдөлгүүр тавьсан байна. Дотор салоны өөрчлөлт нь ялангуяа урд талын хянах самбар нь шал өөр болжээ. Хятад дахь өөрчлөлт мөн адил хийгдсэн бөгөөд хятадын дотоодод зориулсан тусдаа дизайн төлөвлөгдөн хятадад зориулагдсан.

6-үе YF модель (2009 он)

2009 оны 9 сарын 17-нд Солонгост борлуулагдаж эхэлсэн байна. Хагас сар хүрэхгүй хугацаан 17000 ширхэг, сар болоход 50000 ширхгийг худалдан авах захиалга иржээ. 2005 оноос YF кодоор үйлдвэрлэгдэх болсон байна. 2010 оны 2 сараас хойд Америкийн зах зээлд худалдаалагдаж эхэлжээ. Худалдаанд гарснаас хойш 2 долоо хоногийн дараа жолоочийн талын хаалганд асуудал гарч эргэн татсан боловч NF моделийг бодвол борлуулалт 58.3 хувиар өсч 7506 ширхгийг худалджээ, 2010 оны 8 сарын байдлаар нийт 21399 ширхгийг борлуулаад байна.

Дунд гарын седан дотроо Toyota Camry (29599 ш) Honda Accord (22506 ш)-ийн дараа 3-рт явж байна. Австралид Hyundai-i45 нэрээр гарсан, Орост 2010 оны 10 сараас Москвагийн олон улсын үзэсгэлэнд тавигдаж, 2011 оноос дэлхийн бусад улсуудад борлуулагдаж эхэлсэн байна. 1 жилийн хугацаанд нийт дэлхий даяар 450000 ширхэг борлогдоод байна.

Дизайны гол онцлог нь 4 хаалгатай седан гэсэн имижээ орхиж Mercedes CLK, Volkswagen Passat-ын адил купе маягийн 4 хаалгатай хагас седан гэмээр болсон байна.

Хөдөлгүүрийн хувьд өмнөх үеэс шилжиж ирсэн 2 литрийн бензин болон газан гэсэн 2 сонголттой. "Grand", "Prime",  "Premier", "Beige", "Premier", "Top", "Sports" гэсэн загварын хувилбаруудтай. Хурдны хайрцгийн хувьд гараар шилжүүлэх боломжтой 6 шатлалтай автомат болон 6 араатай механик хурдны хайрцагтай.

Загвараас хамааран руль дээрээс арааг шилжүүлэх систем тавигдсан. Sonata-гийн хувьд анхны хөлөөр гишгэдэг зогсоолын тоормозтой болсон байна. Мөн том шилэн люк, цахилгаан тээш онгойлгогч, хойд LED диодон гэрэл, эргэлтийн мэдрэгч зэрэг ангиллаас дээгүүр нэмэлт систем хийлгэх боломжтой болсон.

Тэнхлэг нь урдаа Mc Pherson strut, хойд талдаа Multy link бүтэцтэй болжээ. Тэнхлэг хоорондын зай 65 мм-ээр уртасч 2795 мм болсон байна. 2010 оны 1 сарын 18 нд 2.4 литрийн бензиний шууд цацалттай GDi (Gasoline Direct Injection) хөдөлгүүртэй загвар худалдаанд гарсан байна. GDI нь Mitsubishi motors компанийн хуулиар хамгаалагдсан нэр бөгөөд түүнтэй адил боловч Hyundai-н гаргасан нь ажиллагааны хувьд арай өөр.

2010 оны 4 сард Нью-Иоркийн олон улсын автомашины үзэсгэлэнд 2 литрийн Gdi-turbo хөдөлгүүртэй Hybrid загварыг үзүүлсэн байна. Урд талын хэсэг нь Sonata гэж хэлэхээргүй өөр бөгөөд мөн оны 3 сард Женевийн автошоунд үзүүлсэн i-flow туршилтын загвартай тун төстэй гэж яригдаж байна.