ТЭВЧЭЭРИЙН ХЯЗГААР
Хамгийн хэцүү ажлын горимуудын нэг бол яахын аргагүй такси тээвэр юм. Нийтлэлч Стас Панин Hyundai Sonata энэхүү бэрх давааг хэрхэн давж гардаг талаар ийн өгүүллээ.
Уг нийтлэлийг бичихдээ Hyundai-ийн албан ёсны дилерээс туслалцаа хүссэн юм. Тус компани автомашинуудаа борлуулахын зэрэгцээ чиглэлийн такси үйлчилгээ эрхэлдэг. Ховор тохиолдол шүү. Такси паркийн засвар үйлчилгээгээ ч өөрөө хариуцдаг аж. Үүнээс гадна 2-3 жилийн дараа автомашинуудаа такси тээврээс хасдаг учир гүйлт, ашиглах хугацаа зэрэгт хязгаар тавьдаггүй онцлогтой.
2012 онд тус компани 2 литрийн бензин хөдөлгүүр, автомат хурдны хайрцагтай Hyundai Sonata маркийн 105 ширхэг суудлын тэрэг нэг дор худалдан авчээ. Таксинд шаардлагатай төхөөрөмжүүдээс өөр ямар ч эд анги нэмж тавиагүй. Түүнээс гадна 10,000 км тутамд тос солих болсон юм (үйлдвэрээс тогтоосон норм 15,000 км байдаг). Бусад шаардлагатай засвар үйлчилгээг ямар ч асуудалгүй, хугацаанд нь хийж өгдөг. Нэг Sonata нь өдгөө 370 000 км явчхаад байгаа гэнэ шүү! Үүнийг сонсонгуут паркийн захиргаа ямар учраас актлах хугацаа тогтоохгүй байгаа нь сонин санагдлаа. Энд нэг “но” байна.
ЭДЭЛГЭЭНИЙ НӨӨЦ
Hyundai Sonata нь гинжин хөтлөгчтэй хий хуваарилах механизм бүхий бензин хөдөлгүүртэйгээс болоод олон мянган км зам туулах явцад асуудал заавал гарсан байх ёстой. Гэтэл дилерийн тоон үзүүлэлттэй танилцахад хөдөлгүүрт ус орсон буюу гадны нөлөөний улмаас хүч дамжуулах ангийг зассан ганц л тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайн үед жолооч нь эрсдлээ зөв тооцолгүй үерийн усанд автсан хонгил руу давхиад оржээ.
Агаарын хоолой усны түвшинд хүрээгүй ч хөдөлгүүрт нь ус орсон байна. Жолооч уг машинаараа 200,000 орчим км яваад байсан үедээ ийм эрсдэлтэй алхам хийсэн юм. Ингээд тахийсан шатуунуудыг сольтол хөдөлгүүр ямар ч асуудалгүйгээр ажиллаж эхэлснээр үл барам өнөөгийн заалт нь 300,000 км дөхсөн байна. Машинаа анх авсан өдрөөс хойш тос масло гоожих, элдэв дуу чимээ гарах, хий хуваарилах механизмтай холбоотой асуудал огт гарч байгаагүй. Сонин л юм, би 500 000 км гүйлтийн нормтой суудлын тэрэгнүүдийн эрин үе аль хэдийнээ улирсан гэж бодож байсан юмсан. Hyundai Sonata хэврэг генератортой юм шиг санагдсан. Гэхдээ 260 000 орчим км явсны дараа зөвхөн щёткууд их хэмжээгээр элэгдснээс болж генератор ажиллагаанаас гардаг.
Солиход 15-хан минут болдог энэ щёткийг блокоор нь хаанаас ч худалдаад авч болно. Ном ёсоор бол гадна ременийг дамартай нь 90 мянган км тутамд солих ёстой. Харин ингэж солиулах үед хуучин нь бараг элэгдээгүй байдаг гэнэ шүү. Ойролцоогоор 300 000 км гүйлтийн дараа зөөлөн яндан зэвэрч, улмаар шатдаг байна. Ажилласан хий саармагжуулагч сольсон тохиолдол ч гарсан гэнэ. Засварчид шалтгааныг нь санахгүй байсан боловч түлшний чанараас болоогүй гэдгийг онцолж байв. Такси паркийн жолооч нар түлшээ нэг компанийн ШТС-уудаас талоноор авдаг юм билээ.
Hyundai Sonata-д АИ92 бензин ашигладаг нь үнэхээр таалагдсан. Ийм бензин түлшийг бодвол арай хямд үнэтэй байхаас гадна хулхи нь ховор. Зургаан шатлал бүхий автомат хурдны хайрцагт тэр бүр асуудал гараад байдаггүй гэнэ. Харин тэсгэм хүйтэнд хүч дамжуулах ангийн баруун жийргэвч тэсдэггүй, лав зургаан машиныхыг сольсон гэж байв. Мэргэжилтнүүд үүнийг жолоочийн хариуцлагагүй байдалтай холбон таамаглаж байна. Өөрөөр хэлбэл, жолооч нар өвлийн хүйтэнд хөдөлгүүрээ халаалгүй хөдөлгөөн эхлүүлдэг байж болзошгүй аж. 270 000 км гүйлттэй нэг машинд үл мэдэх шалтгаанаар гидроблок нь шатсан байсан бол өөр нэг машинд гидротрансформатор нь хагарсан байв. Бусдаар нэг ч машины хүч дамжуулах ангид засварлах шаардлага гарч байгаагүйгээр үл барам тосыг нь ч сольж байгаагүй аж. Sonata-ийн хурдны хайрцгийн шингэн сольдоггүй гэдэг ч энэ нь цаагуураа тун эргэлзээтэй юм.
Гэлээ гээд Sonata-ийн үйлдвэрээс ирсэн тос араа шилжилтийн үед чичиргээ, доргилт үүсгэж байгаагүй гэнэ. Хөдөлгүүр болон автомат хурдны хайрцаг хөргөөх радиаторыг хөргөлтийн системийн хамт 50 – 60 мянган км явсны дараа буюу хагас жил тутамд өвөл, зуны улиралд бэлтгэх зорилгоор угаана. Радиаторын гадна талыг цэвэрлэхийн тулд торыг нь салган даралттай усаар шүршихэд л хангалттай. Hyundai Sonata хөргөлтийн систем сайтай учраас л хөдөлгүүр, хүч дамжуулах ангид нь элдэв гэмтэл гардаггүй байх. Анхандаа явах ангийн урд цаапны холхивчууд 30-40 мянган км яваад л мууддаг байж.
Харин үйлдвэрлэгчид үүнийг соргогоор ажиглан шинээр роликон холхивч үйлдвэрлэж эхэлснээр бүх асуудлыг шийдсэн байна. Ойролцоогоор 100-120 мянган км явсны дараа босоо тэнцүүлэгчид эвдэрч эхэлдэг бөгөөд яг энэ үед урд талын дээд тавгийн холхивчууд бас элэгдсэн байдаг аж. Зам тээврийн ослоос бусад тохиолдолд амортизатор, тэдгээрийн втулкийг солих шаардлага ер гарч байгаагүй гэдэг нь хачирхалтай санагдлаа.
Бас нэг сонирхолтой зүйл гэвэл 30-40 мянган км явсны дараа урд болон хойд колодканууд бараг зэрэг элэгддэг учраас хоёуланг нь нэг дор сольдог юм. Жолооны механизмд элдэв асуудал үүсдэггүй. Лав одоогийн байдлаар түчигнэсэн юмуу гоожсон гэх зэрэг шалтгаанаар сольсон тохиолдол ганц ч гараагүй байна. Компаниас 90 мянган км тутамд жолооны механизмын шингэнийг сольж өгдөг нь их сонирхолтой санагдлаа.
SONATA-Г СОНГОСОН ШАЛТГААН
Тус компани анх такси паркдаа ямар автомашин сонгож авах талаар хэлэлцэхэд үнэ болон чанарын ашигтай харьцаа, засварлах боломж, сэлбэгийн өртөг, олдоц зэрэг давуу талаараа Sonata яах аргагүй тэргүүлжээ. Түүний бодлоор энэ загвар найдвартай ажиллагаа болон олон зүйл нэхдэггүйгээрээ бусдаас үргэлж ялгардаг байсан төдийгүй шинэчлэлт бүрээр улам сайжирдаг гэж үздэг байна.
Такси паркийн захиргаа Hyundai-ийн үйлдвэртэй хамтран Sonata-ийн бат бэхийн хязгаарыг тогтоох зорилго тавиад байгаа юм байна. Урьдчилсан тооцоогоор, энэ загвар 500 000 км гүйлтийн дараа авах юмгүй болтлоо навсайх аж. Өдгөө таксинд явж байгаа автомашинуудын гүйлт, нийт байдлыг ажихад дээрх таамаглал үнэн бодит юм шиг санагдана.