МЯНГА НЭГЭН МОРИНЫ ХYЧ
2017 онд дэлхийд нэрт автомашин уралдааныг сайтар “хурдлуулах” юм. Юу болоод тойрог бүрээс 5 секунд хасах болов? Нийтлэлч Сергей Зиновьев учрыг нь оллоо.
ҮЙЛ ЯВЦЫГ ХӨДӨЛГӨГЧ
“1000 морины хүч” гэсэн үгийг анх Формула 1-ийн менежментийн дарга ноён Бэрни Экклстөүн хэлж байж. Тэрбээр өнгөрсөн жил шүүмжлэлд өртсөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр болидуудыг (англ. bolid – уралдааны автомашин – ред.) илүү хүчтэй болгох санаа дэвшүүлжээ. Экклстөүн эхлээд саналаа хэлж дараа нь хүмүүс мартчихгүй нь тулд хүчээ шавдуулж эхэлсэн юм.
Ингээд “1000” гэсэн үг Формула 1-т газар авч удалгүй хүн бүр энэ талаар ярьж эхэллээ. Гэтэл явцын дунд Бэрни өөрийгөө аль хэдийнээ техникийн журмын асуудал эрхлэхээ больсон гэж даруухнаар тайлбарлах болов.
Одоо техникийн журмыг багуудын төлөөлөгчид, FIA болон Формула 1-ийн техникийн комиссоос бүрдсэн стратеги төлөвлөлтийн баг хариуцах болсон. Үзэгчдийг залхаамаар хүч чадал багатай, дуу чимээгүй, hybrid хөдөлгүүрүүд бол тэдний гаргасан шийдвэр аж.
Энэ талаар Экклстөүн “Өнөөгийн байдлаар би болидын ерөнхий концепцид нөлөөлөхөө больсон, одоо энэ миний хийх ажил биш. Гэхдээ стратеги төлөвлөлтийн багийнхан надтай, надгүйгээр зайлшгүй өөрчлөлтийн хэрэгцээг ухамсарлаж байгаа биз. Миний хувьд тогоор цэнэглэдэг KERS системийг хадгалж үлдээгээд, 1000 морины хүчтэй энгийн турбо хөдөлгүүр рүү эргэж орох байсан.
Энэ нь ч хамаагүй хямд хирнээ чанга дуутай. Харин автомашины жолоодлого илүү хүнд хэцүү болох ёстой. Ингэснээр шоу илүү сонирхолтой болж үзэгчдийг эргүүлж татахад тус болно. Үзэгчдийн суудал хоосрох тусмаа бид дампуурна” хэмээн тайлбарлажээ.
Тогтвортой юм гэж үгүй - Өнгөрсөн зууны 50-иад онд Формула 1-ийн техникийн журам зөвхөн хөдөлгүүрийн хэмжээг хязгаарладаг байлаа. Тухайн үед болидын жин, хэмжээ, кузовын төрөл, түлш гээд хэн дуртай нь хүссэнээрээ хэрэглэдэг байв. 1961 онд л анх удаа хамгийн бага жин (бүх жин 450 кг) гэсэн ойлголт бий болсон юм. Мөн задгай дугуйтай нэг суудалтай кузов, аюулгүйн бүс, тулгуур төмөр гэсэн тодорхойлолт гарч ирсэн байдаг. Журмын дагуу хоёр контуртай тоормосны систем болон стартер байх ёстой байв.
Үүнээс хойш их, бага хэмжээгээр заавал өөрчлөлт оруулдаг шинэчлэлийн эрин үе эхэлсэн гэлтэй. Хөдөлгүүрийн багтаамж болон төрлийг арав гаруй удаа шинэчилсэн. Уралдааны явцад түлшээ авахыг болиулж дараа нь зөвшөөрч байсан. Урд, хойд агаар зүсэгчийн хэмжээсийг эцэс төгсгөлгүй өөрчилсөн. Шинэчлэлийн шалтгаан нь дэвшилтэт технологийн үүсэл хөгжил, аюулгүйн байдлыг зайлшгүй арга хэмжээ, маркетингийн бодлого гэх зэрэг янз бүр байлаа.
Формула 1-ийн техникийн журмаас ямар нэг тогтвортой байдлыг хүлээнэ гэдэг жинхэнэ гэнэн хэрэг. Энэхүү хувьсамтгай байдал бол Гран-прийн адил дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нэгээхэн чухал хэсэг билээ.
Стратеги төлөвлөлтийн багийнхан гуч гаруй жил дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ахалж явсан хүний үгийг сонсох нь ойлгомжтой хэрэг биз ээ. Тавдугаар сард Их Британид болж өнгөрсөн удаах хурлын үр дүнд албан ёсны мэдэгдэл гарсан. Тус баримтаас харахад Экклстөүний саналыг хүлээн зөвшөөрч 2017 онд Формула 1 бидний өмнө цоо шинэ дүр төрхөөр эргэж ирэхээр болоод байна.
ЦАГ НЬ БОЛСОН ӨӨРЧЛӨЛТҮҮД
Цаг алдах эрх байсангүй. Энэ улирлын уралдаан өмнөхөөсөө тэгтлээ ялгарахгүй. Mercedes багийнхны “гол өрсөлдөгч” нь одоо Red Bull биш харин Ferrari байх болно. Бусдаараа Mercedes бусдад боломж олголгүй нэгт ордгоороо орно.
Малайз дахь Себастьян Фэттэлийн ялалт цэвэр тохиолдлын зүйл болсон. Энэ нь Сэпанг автодромын нөхцөл Ferrari-д туйлын зохимжтой байсантай бас холбоотой. Испанийн Гран-прийн үр дүнг хар л даа. Багууд Барселоны замыг тарни мэт цээжилсэн байдаг. Чухамхүү Испанид болж өнгөрдөг уралдаан нисгэгчдийн ур чадварыг хамгийн тодоор харуулдаг. Энэ тэмцээнд Фэттэль бүхэл бүтэн 45 секундээр хожигдсон шүү дээ! Харин долдугаар байрт ирсэн нисгэгч тэргүүлэгчээс бүтэн нэг тойргоор хоцорсон. Ийм маягийн “тэмцлээр” үзэгчдийг урин дуудахгүй ээ.
Тэгээд ч Mercedes-ийн давуу байдал илт байсан. Энэ багийн нисгэгчид ямар ч тохиолдолд бусдаасаа нэг секундээр илүү хурдалж чаддаг нь анзаарагдсан.
Мэдээж хэрэг ийм сайн машин бий болгосон Mercedes-д буруу тохох утгагүй хэрэг. Бүгдэд нь ижил шаардлага тавьдаг учраас техникийн нөхцөл ч үүнд хамаагүй. Гэхдээ Формула 1-ийн нисгэгчид уралдаан үзэхээр ирсэн хүмүүсийг хөгжөөж уулга алдуулахгүй бол цалингүй хоцорно гэдгээ сайн ухамсарладаг. Үүнийг ойлгосон гол тоглогчид өдгөө өөрчлөлт хийхэд нэгэнт бэлэн болжээ.
Red Bull Racing багийнхан турбо хөдөлгүүр рүү шилжсэнээр байр сууриа шууд алдсан. Улирал эхлэхээс өмнө боссууд нь Toro Rosso охин компанийн хамт тэмцээнээс гарна гэж сүрдүүлж байсан юм. Тэд үүнийгээ Формула 1-ийн орчин үеийн дүрэм журам нь Red Bull брэндийн онцлог болох инженерийн уран бүтээлийг хязгаарлаж байна гэж тайлбарлажээ.
Энэ жил гарсан бас нэг том асуудал бол хүчний эд ангийн найдваргүй ажиллагаа байлаа. Зарим багийнхан зургаахан гарааны дараа бүтэн улирлын турш хэрэглэхээр тогтоосон хөдөлгүүрийн хязгаарыг хэтрүүлчихсэн байсан (бүтэн жилийн уралдаан 20 гараатай байдаг-ред). Өөрөөр хэлбэл нисгэгчдэд үргэлж торгууль оногдож гарааны байршил нь улам хойшилсноор тэдний хувьд зэрэглэл тогтоно гэдэг ойлголт үгүй болно гэсэн үг.
Гэхдээ хуучин болон одоогийн нисгэгчдийн бухимдал нь зөвхөн үүнд байгаа юм биш. Формула 1 дэндүү удаан, чимээгүй болж болидууд ч үзэмж муутай болсон юм.
Дэвид Култард нэмээд “Бокс болгоноос нисгэгч нарт үргэлж дугуй болон түлшээ гамнахыг байнга сануулж байгаа нь миний дургүйг хүргэж байна. DRS системийн ачаар гүйцэж түрүүлэх бол дэндүү явцуу арга” гэжээ.
ЗАЙЛАМТГАЙ СТРАТЕГИ
Онцын зүйл тохиолдоогүй байхад үзэгчдийг ямар нэг зүйлээр хөгжөөх дуулиант мэдээ, мэдээлэл зохиодог Формула 1-ийн мэдээллийн алба стратеги төлөвлөлтийн багийнхны хуралдааныг мөн л шоу болгож чаддаг. Өнгөрсөн жил Хэмилтон болон Росбэргийн хооронд болсон маргаан дэлхийн хэвлэл мэдээллийн хүрээнд гурван сарын турш шуугиан тарьсан.
Үнэндээ ямар ч маргаан байгаагүйг эс тооцвол цэвэр шоу гэж үүнийг л хэлэх байх. 1000 морины хүчтэй хөдөлгүүр рүү шилжсэн явдлыг хагас жилжингээ ярилцаж байгаа ч стратеги төлөвлөлтийн багийнхан энэ талаар тодорхой шийдэл гаргаагүй л байгаа.
Ер нь шийдсэн асуудал цөөн. Байдлыг нийтэд нь ажихад ойрд ямар ч дорвитой шийдвэр гарахгүй бололтой. Жишээлбэл, Red Bull-ийнх шинэ дүрмийг 2016 онд батлахыг шаардаж Mercedes 2017 оноос өмнө ямар ч өөрчлөлт оруулахыг зөвшөөрөхгүй гэхийн сацуу Ferrari зарим зүйлийг яг одоо, үлдсэнийг нь дараа өөрчилье гэсэн завсрын байр суурийг эзэлсэн байгаа.
Force India багийн удирдагч Вижай Маллья нь Формула 1-ийн техник болон спортлог дүр төрхийг тодорхойлдог стратегийн баг зохион байгуулалтгүй ажилладгийг бататгав. Тэрбээр “Стратегийн багийнхны цаашдын шийдвэр дөрвөн том багийн бодлогоос шалтгаалдаг юм. Эдгээр багууд юун түрүүнд өөрсдийгөө л боддог байж таарна. Тэдэнд спорт сонин биш. Харамсалтай нь ийм арга барилын үр дүнд багууд тэмцэлдэн талцаж хоёр хуваагдаад байна” гэжээ.
Тавдугаар сард болж өнгөрсөн стратегийн группын хуралдааны хэтийн зорилго нь арга хэмжээний зугаа цэнгээнийг сайжруулахад оршиж байв. Санаа сонссон, санал хураасан, тогтоол гаргасан. 2016 онд багуудад боломжит дөрвөн дугуйнаас хүссэн хоёрыг сонгох эрх олгох юм. Мэдээж борооны дугуй нэмэж өгнө. 2017 онд хурдны үзүүлэлтүүд ихэснэ. Аэродинамикт тавих шаардлагыг өөрчилж, машинууд илүү “түргэн шаламгай” төрхтэй болж, жин “хаяна”. Уралдааны явцад түлшээ авдаг байдалд эргэж орохыг төлөвлөж байгаа. Тойргийн хугацаа 5-6 секундээр багасах ёстой. Хөдөлгүүрийн зөвшөөрөгдсөн эргэлтийн хязгаарыг ихэсгэснээр дуу чимээ илүү нижгэр болно.
Өөр ч онцын өөрчлөлт алга байх шив дээ. “Түргэн шаламгай” төрх гэдэг нь болидын өргөнийг 1800 миллиметрээс 2000 мм болгоно гэсэн үг. Үүн дээр нэмээд дугуй болон агаар зүсэгч өргөн болох нь гарцаагүй.
Pirelli-ийн гэрээ 2016 оноос хойш дуусаж байгаатай холбогдуулан дугуй үйлдвэрлэгчдийн дунд аль хэдийнээ тендер зарлачихсан. Монополь нийлүүлэгч нь ямар нэгэн өрсөлдөөн, шинэчлэл, дэвшилтэт технологийг үгүй хийдэг улмаас олон компани энэ санааг эсэргүүцдэг юм. Нээрээ л монополист юм бол шинэ юм сэдэх гэж хичээгээд ч яах билээ? Эцэст нь бодит байдал дээр нисгэгчид гурван тойрог л давхиад “нурдаг” дугуйнуудаа авч таарна. Гэлээ ч монополист компани 2017 онд ч байр сууриа хадгалж үлдэх санаатай байгаа аж. Тендерт Pirelli оролцохоор төлөвлөж байгаа.
СҮҮЛЧИЙН ҮГ
Та бүхэн нөгөө 1000 морины хүчтэй хөдөлгүүр яасан вэ гэж асуух байх. Хөдөлгүүр үйлдвэрлэгчид Бахрейнд зөвлөлдөөд турбо хөдөлгүүр рүү буцаж орох санааг няцаачихсан. Технологийн дэвшлийг хязгаарлах энэхүү шийдвэр яав ч зүй ёсны хэрэг биш юм. Тэгэхээр чинь тохиргоо, ажлын эзлэхүүн гээд бүх зүйл хэвээр үлдэнэ гэсэн үг шүү дээ. Хүчин чадлыг ихэсгэхийг зөвшөөрсөн ч ямар түвшин хүртэл гэдгээ хэлээгүй. Чанарын талаарх асуудлыг хөндсөнгүй. Нэг улиралд ашиглах хөдөлгүүрийн тооны хязгаарыг өөрчлөх бодолгүй байгаа болохоор чанарын талаар нухацтай ярилцах л байсан юм даа.
Эдгээр комиссын ажлын үр дүн нь Бэрни Экклстөүнд таалагдахгүй байгаа болохоор жилийн дараа ямар тохиролцоонд хүрэхийг хэн ч мэдэхгүй. Түүний амнаас “альтернатив хөдөлгүүр”, “үйлчлүүлэгчийн арал анги” гэсэн хослол үг унасныг багуудын төлөөлөгчид болон маркетингийн мэргэжилтнүүд тэр даруй өлгөж авав.
Баян биш багуудын хувь заяанд Бэрни санаа зовж энэ талаар албан тушаалаа тултал нь ашиглаж байгаа нь илт. Альтернатив хөдөлгүүр гэж үндсэн хөдөлгүүрийн үзүүлэлттэй дүйцэх турбо V8 хөдөлгүүрийг хэлж байгаа юм. Ийм хөдөлгүүрийг Cosworth пүүс үйлдвэрлэж болох ба үнэ нь мэдэгдэхүйц хямд байна.
Үйлчлүүлэгчийн арал ангийн гол санаа нь 4-5 баг өөрсдийн боловсруулсан эд ангид хөрөнгө, хүчээ зарцуулахаа болиход оршиж байгаа юм. Энэ талаар Экклстөүн “Бид тэдэнд 15 сая долларын үнэтэй хоёр арал ангиас бүрдсэн бэлэн багц олгоно. Тийм ээ, бид хоёр түвшний тэмцээн зохион байгуулна. Энэ нь онцгүй хэрэг, гэхдээ бидэнд өөр сонголт бий гэж үү? Ямар ч байсан мөнгөө хэмнэсэн багууд баян чинээлэг уралдаанчдыг бус, харин үнэхээрийн авьяастай нисгэгчдийг хөлслөх боломжтой болно” гэж өгүүллээ.
Формула-1 нь 1000 морины хүч гэсэн гоё, тэгш тоог өөрийн болгож авах нь эргэлзээтэй. Ингэх нь ч цаагуураа ашиггүй, эсрэгээрээ зардал ихтэй хэрэг. Гайхуулмаар гоё гадаад үзэмжээс илүүтэйгээр орлого, зарлага чухал шүү дээ. Хүчин чадал огт нэмэлгүй тойргоос 5 секунд хасах асуудал биш. Гэхдээ Экклстөүн “Одоогийн хөдөлгүүрийн хүчин чадлыг 1000 морины хүч хүртэл ихэсгэж чадвал сайн” гэсэн санаагаа дэмжиж байгаа цагт боломж байсаар байх болно.
Экклстөүн ч энэ санаанаасаа буцах бодолгүй бололтой.
Буцаад энгийн V8 хөдөлгүүр рүү шилжсэнээр дэвшилтэт технологийн нөөц боломж хязгаарлагдах болно.
Эх сурвалж: Албан ёсны зөвшөөрөлтэй - За Рулем Монгол сэтгүүлээс бэлтгэн хүргэв.