ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?

ХААШАА ГЭРЭЛТҮҮЛЭХ ВЭ?

Автомашины гэрэл хаашаа тусах ёстой вэ? Opel компанийн инженерүүд гэрлийг жолоочийн харах чиглэлд тусах ёстой хэмээн Eye-tracking технологийг бүтээжээ. Тус технологи нь хэт улаан туяаны камераар жолоочийн нүдний хүүхэн харааг хянаж харах зүг рүү цахилгаан мотороор автомашины гэрлийг чиглүүлдэг юм.

Одоогийн байдлаар хүүхэн харааны хурдан хөдөлгөөнийг зөөлрүүлж өөдөөс тусах гэрэлд нүд гялбахыг тооцоолох зэрэг хэрэгжүүлэхэд хэцүү зүйлтэй тулгарч байна. Германы зохион бүтээгчид энэ шийдлийг жилийн дараа гэхэд үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.

ДАРАЛТ ХЭДТЭЙ ТЭНЦҮҮ ВЭ?

Манометрийг дугуйны хошуутай холбоход дугуйн хийн даралт харагдана. Гэхдээ 1.8 атм гэсэн хэмжүүр юуг заадаг вэ? Үнэн хэрэгтээ энэ нь дан дугуйн даралт бус дугуйн даралт болон гаднах агаарын даралтын зөрүү юм.

Байршлын хувьд дээшлэх тусам агаарын даралт буурдаг тул өндөр ууланд яг адилхан манометр тал газарт байгаагаас илүү их даралтын хэмжээг заана. Жишээлбэл, Эверестэд даралтын хэмжээ далайн түвшингээс гурав дахин бага байна гэсэн үг. Сарыг дурдаад ч юу гэх вэ...

GPS ЮУ УДИРДДАГ ВЭ?

GPS хиймэл дагуулууд байршил тогтоон газрын станцуудыг удирддаг гэсэн яриаг бид олонтаа сонсдог. Яг үнэндээ газар дээрх төхөөрөмжүүд зөвхөн цаг тогтоох хүлээн авагчтай байдаг. Ингээд сансарт байгаа хиймэл дагуулууд газар руу дохио цацахад цаг хугацааны зөрүүгээр байршил тогтоодог байна.

Гэхдээ газрын төхөөрөмжүүдэд сансрын хиймэл дагуултай эргэн холбогдох бололцоо байдаггүй учраас сансарт байгаа хиймэл дагуулууд ямарваа зүйлийг удирдах боломжгүй юм.

ГЭРЭЛ ЦУГЛУУЛАГЧИД

Nissan-ын мэргэжилтнүүд автомашины кузов будах органик эмаль хийжээ. Уг эмаль өдрийн цагаар нарны хэт ягаан туяаны энергийг цуглуулж шөнө нь гэрэл болон хувиргадаг байна.

Өмнө нь засмал зам дээр тэмдэглэгээ хийх зорилгоор зурж байсан Starpath бодис нар жаргасны дараа 10 цагийн турш гэрэлтдэг байж. Мэргэжилтнүүдийн хэлэхээр шинэ бодисын гэрэлтэх чадвар 25 жилийн турш үргэлжлэх юм.

ӨВӨЛ AIR-CON ХЭРЭГТЭЙ ЮУ?

Ихэнх хүмүүс air condition-г зөвхөн зун хэрэглэхэд тохиромжтой гээд өвөл ашигладаггүй. Уг нь air condition нь агаарын температурыг багасгахаас гадна чийгшил бууруулах зориулалттай юм. Эхлээд гаднах агаар air condition-ийн хөргөх хэсэгт орж хөрөхийн зэрэгцээ чийгшил нь багасгана.

Үүний дараагаар радиатораар дамжиж шаардлагатай температур хүртэл халаад салон руу орно. Тиймээс air condition-ийг өвлийн цагт ажиллуулбал салоны шил цантдаггүй юм.

ТЭТГЭВЭРТ ГАРСАН АККУМУЛЯТОРУУД

Цахилгаан автомашинуудын батарейн багтаамжийг нэмэх технологи маш хурдацтай хөгжиж байна. Жишээ нь TESLA цахилгаан автомашины аккумуляторын багтаамж 100 киловатт/цагт дөхөж очно.

Харин хэрэглээний аккумуляторын блокууд хуучирч автомашины туулах зай багасдаг улмаас 1/3 хүртэлх нөөцөө алдсан аккумуляторыг шинээр солих болдог.

Гэтэл ийм үнэтэй эд ангийг хаяхын оронд дахин ашиглах арга судалж эхэлж байна. Тухайлбал, Nissan Leaf-ийн хуучин аккуммулятораар жижиг байшингийн цахилгааныг хоёр өдрийн турш хангах боломжтой юм. Түүнчлэн, Chevrolet Volt-ийн аккумуляторын тусламжтайгаар бичил оффис жижиг дэлгүүрүүдэд зориулж 25кВт- ийн тасралтгүй эрчим хүч гаргаж байгаа аж.